СГЗ С.Пүрэв таалал төгслөө
Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв таалал төгсчээ.

С.Пүрэв нь 1941 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрж, Улаанбаатар хотноо худалдааны тусгай мэргэжлийн дунд сургуулийг 1960 онд, Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг 1980 онд тус тус төгсчээ.

Тэрээр 1963 оноос Монголын уран зохиолд хөл тавьсан бөгөөд “Эх газрын чулуу”, “Эргүүлэг”, “Цагийн урсгал”, “Усны гудам”, “Алаг заяа” зэрэг арваад роман, "Уулын намар", "Их усны хаялга", "Гурван говийн зэрэглээ", "Сүүдэр догшрох цаг", "Айлын бүсгүйг мартахгүй", "Гэрэлт маргаашаа угтахсан", "Ухаарч амьдрах орчлон", "Тэнгэрийн сум зүрхэнд тусдаг", "Тоглоомын тойрог" зэрэг уянгын тууж, "Азын цэнхэр уул", "Усаа дагаж жаргана", "Дайны жилийн хүүхэд нас", "Гандиймаа нутагтаа бий" зэрэг зуу зуугаар тоологдох өгүүллэг бичсэн. Эдгээрийн зарим нь Орос, Хятад, Англи, Франц, Испани, Вьетнам, Япон зэрэг хэлнээ орчуулагдсан юм.

Мөн Монголын уран зохиолын дээжис 108 ботийн 77 дахь дугаарыг түүний шилмэл туужуудаар бүрдүүлэн “Гурван говийн зэрэглээ" нэртэйгээр баринтаглагдсан.

С.Пүрэвийн "Суварган цэнхэр уул", "Загийн алим", "Мартагдсан дууль", "Салж чадашгүй хайр", "Тэнгэр мэднэ" бүрэн хэмжээний уран сайхны кино, "Хувьсгалын өлгий нутаг", "Илч гэрлийн эзэн", "Нарны орон Алтай" зэрэг уран сайхны болон баримтат киног бид бүхэн бараг цээжилтлээ үзсэн билээ.

Түүний шилдэг бүтээлүүдийг нь үнэлж 1980 онд МЗЭ-ийн, 1996 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2002 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж байжээ.

С.Пүрэвийн цаглашгүй авьяас нь үе үеийн уран бүтээлчид, үзэг нэгт нөхөд, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.