Хаана, ямар тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдсан бэ

Гадаадад сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор 2018-2019 оны хичээлийн жилд зарлагдсан зарим улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдээс тоймлон хүргэж байна.
 

Унгарын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

 
Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарлагдлаа. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг БСШУСЯ, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо, хүлээн авч суралцуулах сургууль гаргана.
 
Унгарын Тэтгэлгийн хорооны (www.stipendiumhungaricum.hu) цахим хуудаснаас тэтгэлгийн зорилго, тэтгэлгийн төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, түүнд тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалт хийгдэх хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг сайтар судалж, танилцах нь зүйтэйг зөвлөж байна.

Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, цахим анкетийг зөв бөглөх ёстой. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудаснаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг /The Call for Application 2018-2019/ мөн татаж авах боломжтой.

Суралцуулах мэргэжлийн чиглэл 
1.    Бакалавр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, тусгай хэрэгцээт боловсрол, нисэхийн чиглэлээр, анагаах ухаан;
2.    Магистр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженер, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, анагаах ухаан;
3.    Бакалавр, Магистрт суралцаж магистрээр төгсөх хөтөлбөр: Анагаах ухаан, урлаг, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, багш боловсрол, архитектур
4.    Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
5.    Англи болон Унгар хэл дээр явагдах богино хугацааны сургалт, дадлага: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, байгалийн ухаан, уул уурхай, технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, соёл ба урлаг, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, эрчим хүчний эдийн засаг, эрчим хүчний инженер, тусгай хэрэгцээт боловсрол.

Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах

Өргөдөл гаргагч нь 2018 оны I сараас – II дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Унгарын тэтгэлгийн хорооны дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. БСШУСЯ нь цаасаар болон цахим хэлбэрээр анкет, баримт бичгийг хүлээн авахгүй болно. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэний анкет, баримт бичгийг хянан шалгаад дараа нь салбар яаманд ирүүлдэг.

I шатны шалгаруулалт: БСШУСЯ 2018 оны III сарын 25-ны дотор Унгарын талаас ирүүлсэн Монгол иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна.
II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг 2018 оны IV-V сард өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд өөрт нь хувийн цахим шуудангаар нь ирүүлнэ.
 
Сургуулийн тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах болон дахин шалгалтад оролцох боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтын хариуг 2018 оны VI сарын 22-ны дотор Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Тэтгэлгийн хороо нь нэр дэвшсэн иргэнд өөрсдөд нь шууд ирүүлнэ.
 

Шинэ Зеландийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр

 
Тус улсын Засгийн газрын Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Өргөдөл хүлээн авах хугацаа нь 2018 оны хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ.
 
Тэтгэлэгт тавигдах шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
 

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


2018 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2018 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг доорхийн дагуу бүртгэж байна.

Тавигдах шаардлага, болзол

  • Монгол улсын иргэн байх.

  • 1988 оны 4 дүгээр сарын 2-ноос 2000 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.

  • Монгол улсын их, дээд сургуулийн 2 эсвэл 3 дугаар курсын оюутан бөгөөд үндсэн мэргэжил нь япон хэл, япон соёл байх (2 дахь гадаад хэл, дагалдах мэргэжлийн хүрээнд япон хэл, япон соёл үзэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Мөн бүртгэлийн үеэр их сургуульд харьяалалтай боловч чөлөө авсан оюутнуудын хувьд шалгалтанд оролцох эрхгүй болно).

  • Япон улсын их, дээд сургуульд япон хэлээр суралцахад хангалттай япон хэлний мэдлэг чадвартай байх.

  • Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх.

  • Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.

  • Японд очихдоо "Их дээд сургуулийн оюутан" ангиллын виз авах бөгөөд Японд очсоныхоо дараа визнийхээ ангиллыг сольсон тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.

  • Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.

  • Урьд нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

  • Одоогоор Японд суралцаж байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Харин одоогоор Японд суралцаж байгаа боловч тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө сурч дуусаад Монголд буцаж ирэх нь тодорхой бол энэ шалгалтыг өгөх боломжтой.

  • Өөр ямар нэг шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.

 
Хөтөлбөрийн тухай товч мэдээлэл

  • Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн оюутан 2018 оны 10 дугаар сараас Японы их дээд сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцах ба уг хугацааг сунгах боломжгүй. Суралцах хугацаанд сар бүр 117,000 иений тэтгэлэг олгогдоно.

 Бүртгэл

  • 1 дүгээр сарын 22-нaac 26-ны өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Японы төвд явагдана.

Бүрдүүлэх бичиг баримт

  • Сургуулийн тодорхойлолт (Элссэн он болон одоо хэддүгээр курсэд суралцаж буйг тэмдэглэсэн байх)

  • Дүнгийн тодорхойлолт

  • Иргэний үнэмлэх (эх хувийг үзээд буцааж өгнө)

  • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан, 3.5х4.5 см хэмжээтэй, эгц өөдөөс харсан, нүүр царай тод гарсан, малгайгүй цээж зураг 2 хувь.

 Шалгалт

1. Бичгийн шалгалт: Япон хэл
    Хэзээ: 2 дугаар сарын 11-ний өдөр (Ням)
    Хаана: Монгол-Япон төв, эсвэл МУИС-ийн 2 дугаар байр /Жич зарлана/
2. Ярилцлагын шалгалт: Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна. Ярилцлагын шалгалт хэзээ авах талаар бичгийн шалгалтанд тэнцэгсдэд жич мэдэгдэнэ.
 

АНУ-ын 2018-2020 оны Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

 
Хөтөлбөрийн өргөдлийг АНУ-ын элчин сайдын яамны байранд гуравдугаар сарын 27 хүртэл хүлээн авна.

Фулбрайтын хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэндийн судалгааны чиглэлээр АНУ-д суралцах боломжтой.

Уг хөтөлбөр манай улсад 1994 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Жилд 13-15 оюутанг хамруулж, магистерын зэргийн бүрэн тэтгэлэг олгодог байна. Оюутны амьдрах байр, хоол хүнс болон бусад холбогдох зардал, сургалтын төлбөр гээд бүх зардлыг даадаг. Мөн хөтөлбөрийн хугацаанд эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалаар бүрэн хангаж, визний төлбөрөөс бүрэн чөлөөлөх нь ээ. Та сурах бичиг, лаптоп зэрэгт ч санаа зовох шаардлагагүй.

Ерөнхий шалгуур

  • Монгол улсын иргэн бөгөөд Монгол улсад оршин суудаг байх.
  • Хамгийн багадаа 1.5 жилийн ажлын туршлагатай, бакалаврын зэрэгтэй.
  • Англи хэлний TOEFL болон IELTS-ийн хүчин төгөлдөр оноотой байх шаардлагатай.
  • Суралцах чиглэлээсээ хамааран IBT 80, PBT/IPT 550, IELTS 6.5 эсвэл IBT 90, PBT/IPT 575, IELTS 7 гэсэн оноотой байх ёстой.
  • АНУ-д өмнө нь зорчиж байгаагүй буюу цөөн тоогоор зорчсон бол давуу тал болно. Харин АНУ-ын ногоон карттай бол уг хөтөлбөрт өргөдөл гаргах эрхгүй.


Хэрхэн өргөдөл гаргах вэ

Фулбрайтын өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөх хэрэгтэй. Маягтыг та ЭСЯ-ны вэб сайт дээрээс татаж авах боломжтой. Дараа нь тодорхойлох захидал бүрдүүлэх.Таны академийн болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах хоёр хүнээр тодорхойлолтыг англи хэл дээр бичүүлэн бүрдүүлж захидалд хавсаргах ёстой. Мөн та яагаад АНУ-д суралцахыг хүсэж байгаагаа тайлбарласан хоёр хуудсаас ихгүй эсээг англи хэл дээр бичих хэрэгтэй. Үүнээс гадна их дээд сургууль төгссөн дипломын хуулбарыг англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт хавсаргана. Өргөдлийн материалыг буцаан олгохгүй ба зарласан хугацаанаас хоцорч өгвөл хүлээн авахгүй.

Хамгийн гол нь та өргөдлөө бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай. Тэгээгүй тохиолдолд шалгуур хангаагүй гэж үздэг байна. Харин эссэг бичихдээ хамгийн гол нь өөрийн санааг маш зөв тусгасан байх ёстой. Өмнө нь ашиглаж байсан, өөр газар хүсэлт гаргахдаа өгч байсан эссэг ашиглаж болохгүй.

Хөтөлбөрт оролцогчдыг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?

Хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасан хүмүүсээс эргээд нийгэмдээ үр өгөөжтэй ажил хийх хүсэлтэй хүмүүсийг сонгодог. Эхлээд өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгуурыг хэр хангаж байгааг хянадаг. Өргөдлийг дор хаяж гурван хүн уншиж шалгадаг. Ийнхүү ярилцлаганд орох өргөдөл гаргагчийг сонгодог байна. Тавдугаар сард Фулбрайтын анхан шатны шалгаруулалт буюу ярилцлага хийдэг. 7-10 дугаар сарын хооронд шалгарсан оролцогчид АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлөө илгээх бэлтгэл хийж, IBT, GRE/GMAT зэрэг шалгалт өгдөг. 10-12 сард АНУ-ын элсэлтийн өргөдлийг илгээнэ. 5-6 сард хариуг зарлаж, 7-8 дугаар сард хөтөлбөр эхэлж, тэнцсэн оролцогчид АНУ-д суралцах болно. Энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс авна уу.

 
 Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sugarragchaa 2018-05-10 13:47:36
    bayrlalaa
    202.21.106.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayna 2018-03-14 13:54:55
    Yum asuuh gsn yum ene Ungar ulsiin tetgelegiin burtguuleh hugatsaa duustsanuu
    150.129.140.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүрэн 2018-01-10 03:34:01
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-10 03:31:07
    Монгол Ардын нам /МАН/ Ардчилсан нам /АН/ Монголын Ногоон нам /МНН/ Иргэний зориг ногоон нам /ИЗНН/ Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/ Монгол Либерал А...
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах