Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Долоо хоногийн туршид агаарын бохирдолтой холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байна. Өнгөрсөн 20 жилийн турш ярьсан ч өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй байгаа асуудал бол утаа. Үүнтэй холбогдуулан УИХ Агаарын тухай хуулийг батлан гаргасан бол холбогдох яам агентлагууд агаарын бохирдлыг хэрхэн бууруулах тухай саналуудыг дэвшүүлж байна. Мөн агаарын бохирдолтой холбогдуулан эрх баригчдад хариуцлага тооцуулах асуудлыг нь хөндөөд байгаа юм. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

Ерөнхий сайдын айлчлалын тов гарлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн айлчлалын үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын Бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзах аж. 

”Эрдэнэт” үйлдвэрийг ХК болгох шийдвэр гаргалаа

Засгийн газрын энэ долоо  хоногийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэв. Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав. Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм. “Эрдэнэт үйлдвэр” компанид мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болсон байна. Компани жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм.

МҮЭХ-оос жагсаал зохион байгуулав

Долоо хоногийн баасан гарагт МҮЭХ-оос тэтгэврийн нас болон зарим төрлийн татварын нэмэгдлийг эсэргүүцэж жагсаал зохион байгууллаа. Мөн  тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэл, татварын нэмэгдлийн хуулийг яаралтай цуцлахыг Засгийн газраас шаардсан юм. 

Энэхүү жагсаалд МҮЭХ-ны гишүүн байгууллагууд, салбарын ҮЭ-ийн холбоод оролцлоо. Мөн тус жагсаалын үргэлжлэл аймаг бүрд зохион байгуулагдахаар болсон тухай МҮЭХ-оос мэдээлсэн юм. 

НӨАТ-ын азтаны урамшуулалд өөрчлөлт орлоо

Сангийн сайдын тушаалаар Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг  өөрчлөн баталлаа.

НӨАТ-ын сугалааны хонжворын дүн нэмэгдсэнээр, 3 орон тохирсон бол 20 мянган төгрөг хождог байсан нь 50 мянган төгрөг болж нэмэгдэв. 4 орон таарсан бол 100 мянган төгрөг хождог байсан нь 200 мянган төгрөг болж нэмэгдэв. 5 орон тохирсон бол 500 мянган төгрөг хождог байсан нь 1 сая төгрөг болж нэмэгдэв. 6 орон тохирсон бол 4 сая төгрөг хождог байсан нь 5 сая төгрөг болж нэмэгдэв. 7 орон тохирсон бол та 20 сая төгрөг хождог байсан нь 10 сая төгрөг болж буурав. 8 орон тохирсон бол та 100 сая төгрөг хождог байсан нь 50 сая төгрөг болж буурав.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard 2018-01-13 14:11:30
    Orosoos hiin hooloi abch utaag shiideech
  • Бат 2018-01-13 05:04:19
    Хулгайчууд эрдэнэтийг 100 % улсад байлгах сонгуулийн болон бусад мөнгөө сааж байхаар улайрч байна аа 49 % хувьд байсан бол хяналт сайжирнаа эрхмүүдээ