Японы Якузагийн эрт хийгээд өдгөөгийн байдал

Тайландын цагдаагийн газар энэ сард Японы якуза нарын нэгэн гишүүнийг олж баривчилсан билээ. “Ямагүти-гүми" хэмээн нэгэн цагт хамгийн хүчирхэг бүлэглэлийг толгойлж явсан Шигэхарү Ширай мафийн өөр нэгэн гишүүний амийг егүүтгэсэн хэрэгт холбогдсоноосоо хойш Японыг орхиж, 15 орчим жилийн турш хууль цагдаагийнхнаас зугтаж амьдарчээ. Тэрбээр баривчлагдах үедээ аль хэдийнээ 74 настай болсон байна.

Ширайг тун санамсаргүй байдлаар илчилж дөнгөсөн юм. Нутгийн нэгэн иргэн гудамжид өвгөний яг ард нь зогсоод зургаа авахуулж л дээ. Гэтэл тэрхүү зурагт өвгөний дүүрэн шивээстэй нуруу нь ил харагдсан байна. Үүнийг Японы цагдаагийн газрын ажилтнууд анзаарч хараад, Тайландын цагдаа нараас энэ хүнийг олж, баривчилж өгөх хүсэлт тавьжээ. Шивээс бол Японы мафийн гадаад чухал шинж юм. Тэдний хүнд хэцүү хэл олон зууны туршид үүсэж бий болсон билээ. Тэгвэл якуза нар өнөөдөр хэрхэн аж төрж байгаа хийгээд Японы гангстеруудыг хэрхэн ялгах талаар “Известия”-д ингэж бичжээ.
 

Үйлчилгээ үзүүлсний төлөө үйлчилгээ авдаг

 

Японд өнгөрсөн зууны сүүлч хүртэл мафи бараг л хуулийн дагуу оршин тогтнодог байлаа.

Олонх бүлэглэлийн төв байрны дээрээс одоо ч неон гэрэлтэй хаяг олж болох бөгөөд тэдний хаягийг утасны лавлах дээр тодорхой заасан байдаг.

Японы иргэд мафийн гишүүдийг өөгүй төгс, бүх товчоо товчилсон, этгээд, хачин өнгийн костюмаар нь, хойш нь гөлчийтөл нь самнасан үсээр нь шууд ялгана. Тэд том машинд дурладаг. Хуучин үеийн якуза нар Америкийн “Cadillac” хөлөглөдөг байсан бол залуучууд нь тансаг зэрэглэлийн “Mercedes" унах жишээтэй.

Тус улсын засаг захиргаа, хууль сахиулах байгууллагууд якуза нараас багахан хэмжээний тусламж авдаг байсан болохоор удаан хугацааны турш тэдний хийж буй үйлдэлд нүдээ анин чимээгүй өнгөрөөж иржээ. Тухайлбал, улс төрийн намуудад санхүүгийн хандив тусламж өгөх, хаа нэг мэдээлэгчдийн үүрэг гүйцэтгэхэд тэд оролцдог байв.

Орчин цагийн Япон улсын түүхэнд якуза нарын үзүүлсэн гол үйлчилгээ бол 1940-өөд оны сүүлчээр Засгийн газартаа өгсөн дэмжлэг юм. Үүнээс өмнөхөн буюу 1930-аад онд тус улс АНУ-ын адил санхүүгийн хямралд нэрвэгджээ. Хэдэн зуун мянган япон иргэн ажилгүй үлдэж, зугаа цэнгэл хөөхөөргүй хүнд үе иржээ. Тус улсын засаг захиргаа гудамжинд гарсан иргэдтэй ил зөрчилдөж байх зуур мафиуд тоглоомын газраас кинотеатр хүртэлх зугаа цэнгэлийн бараг бүх салбарыг хяналтдаа авчээ.

Мафийн ноёрхол ч удаан тогтносонгүй. Дайн эхэлж, зугаа цэнгэлийн газрууд дампуурч, якузагийн олон дайчин фронт руу явж, амиа алдаж байлаа. Энэ үеэр Японы Засгийн газар үйлдвэрт хямд ажиллах хүч болгох зорилгоор улсдаа солонгосчууд, хятадуудыг бөөн бөөнөөр нь оруулж ирэв. Ингээд дайны дууссаны дараахан 1946 онд тус улсад гадаадын ажилчдын бослого ар араасаа дэгдэж, Засгийн газар задарч бутарсан якузагийн омгуудаас тусламж хүсжээ. Энэ үед л гангстерууд цагдаагийн газруудыг хамгаалахыг босож эхэлсэн байна.
 

Самурайн дүрмийг дагажээ

 

Ийм бүлэглэл Японд XVII зуунд самурайг тодорхой хэмжээгээр эсэргүүцэх хандлагатайгаар үүсэж бий болсон. Японы хаад ноёд самурайг дайсантай ил тулаан хийхэд ашиглаж байсан бол якузаг нууцаар үйлдэх ёстой даалгаварт ашиглаж иржээ. Ингэхдээ якузагийн бүлэглэлд хуучны самурай, ронинууд орж ирэх нь цөөнгүй байсан. Эндээс л өнгөрсөн зууны мафи самурайн философийг сайн мэдэж, сэлэм эзэмших, хувцаслах хэв маягийг нь дуурайсан гэхэд болно.

Бушидогийн алдарт хуулиар бол якуза нар үхэлд гүн ухаанч байдлаар хандаж, өлсгөлөн, хүйтэн, өвдөлтийг үл ажирч, омогтоо үнэнч зүтгэх, түүнийхээ ашиг сонирхлын төлөө амь биеэ өгөхөд ч бэлэн гэж тангарагладаг байжээ. Харин үүнийгээ ноцтойгоор зөрчвөл сэппүкү үйлдэхэд бэлэн байна.

Самурайн эдгээр зарчмыг якуза нар өнөө хэр нь ямар нэгэн байдлаар дагаж мөрдсөөр байна. Мэдээж тэдэнд барууны мафийнхан болон Италийн мафи, Америкийн гангстеруудын нөлөө ч оржээ.

Орчин үеийн бүлэглэлүүд шатлан захирах хатуу зарчмаар зохион байгуулагдсан байх бөгөөд бүх оролцогчид нь толгойлогч, бүлэглэлийн боссдоо үг дуугүй захирагдах хуулиар аж төрнө. Харин толгойлогчид нь хууль сахиулах байгууллага болон төр засагтай хэлэлцээр хийх зэрэг “үр ашигтай менежмент"-ийг хариуцан ажилладаг.



Хуруугаа тайрч, гэмээ наманчилдаг


Японы гангстеруудын хувьд ёслол үйлдэх нь амьдралд нь удаан хугацааны турш чухал ач холбогдол болдог. Якузагийн эгнээнд элсэх хүсэлтэй хүмүүс тусгай ёслол үйлддэг. Шинээр элсэгч гэгээнтнийхээ зурганд өөрийнхөө цусыг түрхэж, мөргөл хийнэ. Үүнийхээ дараа омгийнхоо тэргүүнтэй тусгайлан бэлтгэсэн сакэ хүртдэг байна. Якузагийн цусыг бэлгэддэг энэ ундааг давс, загасны хайрс хольж бэлтгэдэг бөгөөд түүнээс балгасан хоёр оролцогч аягаа солилцож, холбоотой болно.

Харин бүлэглэлийг орхих гэж оролдох, дүрмээ зөрчих нь амиараа дэнчин тавьсан үйлдэл байдаг аж.

Хуучны уламжлалаар бол якуза буруугаа хүлээсний бэлгэ тэмдэг болгож, хурууныхаа үеийг тайрч, тасалсан хэсгээ омгийн тэргүүндээ дамжуулна. Хэрвээ алдаа давтагдах юм бол хоёр дахь үенээсээ салахаас өөр аргагүй болдог бөгөөд дахин зөрчил гаргавал хоёр дахь хуруу руу нь орно. Өмнө нь шинэ зөрчил гаргаж, хуруугаа тайруулах тоолонд тухайн якузаг сэлэм барих чадвар нь буурсан, омгийн тэргүүнээсээ бүрэн хамааралтай болсныг илтгэдэг байв.

Тэгвэл нэг хурууныхаа үе нь байхгүй өвгөн якуза Шигэхарү Ширайг Тайландын цагдаагийн газар хоёр дахь шинж тэмдэг нь мөн хэмээн баривчилжээ.

Өнөө цагт якузад ёслол үйлдээд ордог ч хүсвэл ямар ч цус урсгалгүйгээр гарч болдог болсон гэх. Харин цорын ганц өөрчлөгдөөгүй зүйл үлдсэн нь гангстерууд шивээсэнд дурладаг нь хэвээр байгаа аж.
 

Шивээсний соёл

 

Өнөөдөр энэхүү өнгө өнгийн, хэцүү зургууд нь дэлхий дахины мастеруудын анхаарлыг ихэд татах болжээ. Гэхдээ энэ нь гоо зүйн зорилгоор бий болсон зүйл огт биш гэнэ. Нэгэн таамаглалаар бол биедээ шивээс хийлгэх нь залуу якуза эцэг эхийн  хараа хяналтаас гарч, “өргөмөл” эцгийнхээ хараа хяналтад орж байгааг илтгэдэг байна. Харин өөр нэгэн хувилбараар бол шивээс хийх урлаг нь шинэ хүнийг эрүү шүүлт, биеийн өвдөлт, зовлонг тэсвэрлэх эсэхийг үздэг шалгуур байсан гэнэ.

Ямартай ч цаг хугацаа өнгөрөх тусам шивээсний соёл нь улам төгөлдөржиж, якузагийн омог аймгийн ямар ч оролцогчийн үндсэн дадал болжээ. Тэд арслан, луу, булуу цагаан загас болон Кинтаро “алтан хүү”, сакура зэргийг биедээ дүрсэлж шивүүлдэг.
 

Ард түмний анд

 

Якуза нар удаан хугацааны турш төр засагтай төдийгүй хяналтад байдаг хотын иргэдтэйгээ найрсаг харилцаатай байхыг эрмэлзэж иржээ. Олонх бүлэглэлийн төлөөлөгчид шинэ жилээр гишүүдийнхээ хүүхдүүдэд амттан, тоглоом бэлэглэж, нас биед хүрсэн хүмүүст нь мөнгө тараадаг байв.

Харин бүлэглэлийн удирдагчид якузагийн философи, самурайн сайн үйлсийг сурталчилсан киног гар таталгүй санхүүжүүлнэ. Үүнээс гадна якузагийн дүрэм хууль ёсны бизнес эрхлэх, улс төрд орох, түүнчлэн сайн үйлсийн аян өрнүүлэхийг үргэлж дэмжиж иржээ.

Үүний үр дүнд хүн амын ихэнх хувь нь якуза нар Робин Гүүд шиг хүлээн авдаг болсон байна. Гангстерууд ч томоохон газар хөдлөлт, Токиогийн метронд болсон халдлага зэрэг хүнд хэцүү цагт зовж зүдэрсэн хүмүүст тусалж, сэтгүүлчдэд сайн талаа харуулж, сурталчлуулахыг хичээсээр иржээ.

Харин Япон 1990-ээд онд Мафийн эсрэг хууль гаргаснаар өмнөх байр суурь нь алдагдаж эхэлжээ. 2000-аад оны дундуур энэ хууль алгуурхан чангарч, якузагийн бүлэглэлийн гишүүд нийгмийн халамж авах эрхгүй, худалдааны фирмээс бүлэглэл рүүгээ мөнгө шилжүүлэх зэрэг эрхгүй болжээ. Зарим хотын иргэд ч тэнд үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлүүдийн эсрэг ил тэмцэл явуулж эхэлсэн байна.

Тиймээс гангстерууд хүмүүсийн хайрыг татахаар шийджээ. Ингээд 2013 онд хамгийн том, хамгийн эртний бүлэглэл болох “Ямагүти-гүми” гишүүддээ зориулан сэтгүүл гаргаж байгаагаа зарласан байна. Тэр ч бүү хэл 2014 онд олон нийтэд хандан сайт нээж, якузагийн уламжлал, самурайтай ойр төстэй талуудыг харуулсан бичлэг тавих болжээ. Сайтаас нь гангстерууд сүмд хэрхэн мөргөл үйлдэж, 2011 оны цунамигийн нурангийг хэрхэн цэвэрлэж байгаа зэргийг сурталчилж байв.

Гэвч тус сайт якузад сурталчлахад нэмэр болоогүй тул хаасан байна. Энэ хэрээр Японд якузагийн бүлэглэлд нэгдэх сонирхолтой хүний тоог ч буурч, харин эсэргүүцэгчдийн тоо улам өсжээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.