Төрийн өмчийн компаниуд нэгдэж, удирдлагын бүтэц 50 хувь багасна
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч н.Одонтунгалагтай ярилцлаа.
 
-Нийслэлийн  ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт хугацаа талдаа орсон байна. Энэ хугацаанд төлөөлөгч маань ямар томоохон ажил амжуулав?
 
-Төлөөлөгч болоод хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хуулиар олгосон эрх үүргийнхээ дагуу иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрэн хангахын тулд маш олон тогтоол шийдвэрүүдийгг гаргасан.
 
Иргэдийн зүгээс амьрах орчинд шаардлагатай асуудлаар голлон ханддаг. Өнгөрсөн хугацаанд сонгогдсон тойргынхоо иргэдийн дуу хоолой болж тодорхой ажлуудыг хийсэн. Тодруулбал, гэр хорооллын хоёр байршилд дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр гэр хорооллын тал хувь нь орон сууцжих боломжтой болсон. Энэ ажил иргэдийн сэтгэгдэл өндөр байгаа.
 
-Баянгол дүүргийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа ямар асуудал байна?
 
-Манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нэг баг болон ажиллаж байна. Энэ хүрээнд жилдээ хоёр том уулзалт өдөрлөг хийж, тус өдөрлөгөөрөө дүүргийн төрийн захиргааны албан хаагчид шийдвэр гаргах түвшинд иргэдтэйгээ уулздаг. Албан ёсоор жилд хоёр удаа уулздаг бол албан бус уулзалтыг байнга хийж ажилладаг. Дүүргийн иргэдийн өмнө тулгардаг гол асуудал бол дээр хэлсэнчлэн амьдрах орчны асуудал байдаг.
 
Тодруулбал, орон сууцны иргэдэд дээвэр шинэчлэл, халаалт дулаалга, машины зогсоолын хүрэлцээ зэрэг байгаа юм. Харин гэр хорооллын иргэд маань хог, цахилгаан, гэрэлтүүлгийн асуудлыг голлон тавьдаг. Ер нь манай иргэд хаа хамааралгүй зүйл шаардаад байдаггүй. Ард түмэн аятай тухтай амьдархад нэн тэргүүний асуудал юу байна тэр асуудлаа л шийдвэрлүүлэхийг хүсдэг.
 
-Сонгогдсон тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?
 
-Баянгол дүүргийн хувьд орон сууцны хороолол дундаа цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ боломжийн. Харин гэр хороололд цэцэрлэг байхгүй учир хүүхдүүдээ шахаад авчихдаг болохоор багтаамж нэмэгдээд байдаг юм. Төлөөлөгч  хүнийхээ хувьд сургууль, цэцэрлэг бариулахаар төсөвт тусгуулсан.
 
 Гэтэл газрын асуудлыг шийдэж чаддаггүй. Газаргүй болоод баригдахгүй л байна. Энэ нь анхнаасаа хот төлөвлөлтийг буруу хийсэнтэй холбоотой. Хүүхдүүд хүйтэнд хоёр км утаатай, шороотой газраар явж сургуульдаа хүрдэг. Үүн дээр би их эмзэглэж явдаг юм. 500 метр яваад сургуульдаа орох боломжоор хангах ёстой. Тэр хүрээнд бол олон сургууль, цэцэрлэг баригдах ёстой.

-Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нар бүлэг байгуулсан гэсэн?
 
-Ер нь улс төрд эмэгтэй хүмүүсийн оролцоо маш чухал гэдгийг бид харж бай­на. Эмэгтэй хүний аливаад хандах хандлага эрэгтэй хүнийхээс өөр байдаг. Эмэгтэй хүн асуудалд илүү нарийвчилж ханддаг бол эрэгтэй хүмүүс ерөнхийд нь хардаг байх жишээтэй. Айл гэрийн ард эмэгтэй хүмүүс л байдаг, Тиймээс манай бүлгийн гишүүд эмэгтэйчүүдээ илүү их сонсох тэдэнд туслах талаар багагүй ажил хийсэн. Цаашдаа ч олон ажил хийхээр төлөвлөөд байгаа.
 
-Нийслэлийн ИТХ нь маш олон дүрэм журам баталсан. Зарим нэгийг нь иргэдийн амьдралд нийцэхгүй хэмээх нь байна?
 
-Ер нь нийслэлийн удирдлагууд 100 хувь мундаг хүмүүс гэж хэлэхэд хэцүү. Хүн л юм болохоор алдаа оноо гаргадаг. Аливаа асуудалд мэдсэн, сонссон зүйлээрээ л ханддаг.Тиймээс зарим нэг зүйл дээр учир дутагдалтай юм байгаа байх. Төрийн дунд шатны мэргэжилтнүүд маань аливаа шийдвэр гаргахад судалгааг нь сайн хиймээр юм уу гэж бодсон.
 
Удирдлагын түвшинд үүрэг даалгавар өгдөг. Энэ үүрэг даалгаврын дагуу судалгааг нь сайн хийж, танилцуулж чадаагүйгээс болоод зарим тогтоол шийдвэрүүд хэрэгжихгүй байх нөхцөл үүсээд байгаад байна. Энэ бол төрийн дунд түвшинд ажиллаж байгаа мэргэжилтнүүд аливаа шийд­вэр тогтоолын судалгааг сайн хийж чадаагүйтэй холбоотой.
 
-Та “Автобус-1” компанийн захирлын албыг хашдаг. Саяхан төрийн өмчийн автобуснуудыг нэгтгэх шийдвэр гарсан. Энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?
 
-“Автобус-1” компани нь нийслэлийн өмчит компани юм. Өөрийнхөө өмчит энэ компанид удирдлагаар ажиллаж байна. Энэ явцад төрийн өмчийн гурван компанийг нэгтгэх шийдвэр гарлаа. Тодруулбал төрийн  гурван компани тус тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа нь төр дотроо өрсөлдөөнийг бий болгоод байгаа мэт харагдаад байгаа юм. Тиймээс төрийн компаниуд нэгдэж, нэгдсэн удирдлагатай болохоор болсон. Төр бол нийтийн тээвэрт оролцохдоо нэг л бодлого баримталж, нэг л менежментээр ажиллах хэрэгтэй гэсэн бодлого баримтлах ёстой. Нийтийн тээврийн үйлчилгээ бол иргэдэд цаг алдалгүй, түргэн шуурхай үйлчлэх ганцхан чиг үүрэгтэй.
 
-Энэ нэгтгэл хийгдсэнээр ямар ач холбогдолтой хэмээн харж байна вэ?
 
-Ач холбогдлыг нь мэргэжилтнүүд судалсан. Салбарын мэргэжилтнүүд судалж гарган ирж байгаагаар бол төрийн гурван компани өөр өөр түвшинд ажиллаад байна. Өөрөөр хэлбэл, төр дотроо компаниудаа өрсөлдүүлээд байгаа юм шиг харагдаад байна гэсэн.
 
Энэ бол нийтийн үйлчилгээ учраас өрсөлдөхгүй. Үйлчилгээгээ барьж байгаа учраас өрсөлдөх ёсгүй. Хоёрт, нэг төрийн компанд нь ажиллаж байгаа иргэд илүү хангамжин дотор ажилладаг нөгөөд нь ажиллаж байгаа хүн арай дутуу байгаад байдаг. Энэ нь шударга бус юм байна гэж үзсэн.
 
-Нийтийн тээвэр алдагдалтай ажиллаж байна хэмээдэг. Ер нь нийслэлийн нийтийн тээвэр ашгийн төлөөх байгууллага биш биз дээ?
 
-Нийтийн тээврийн салбарт ажиллаад хоёр жил болж байна. Алдагдалтай ажиллаж байна гэсэн үгийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Яагаад гэвэл нийтийн тээв­рийн компаниудыг аж ахуйн тооцоонууд дээр өгөөд гаргачихсан учраас өөрсдөө ажлаа хийгээд санхүүжилтээ хийгээд явдаг. Бид нар өөрсдөө ажлаа хийж байгаагаараа төрд ямар ч дарамт учруулаагүй. Төсвөөс ямар ч мөнгө авдаггүй. Үүний ялгааг хүмүүс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Нэг л их алдагдал ярьдаг. Алдагдал бол байхгүй. Манай ажилчид үйл ажиллагаагаа явуулаад орсон орлогоороо засвар үйлчилгээгээ хийдэг. Энэ нь ч болж байгаа.
 
Харин алдагдал нь юун дээр байна гэхээр бланс дээр компаниудад автобуснуудыг үнэлээд өгчихсөн. Нэг үгээр бол төр өөрийнхөө компанид автобус худалдчихсан байгаа байхгүй юу. Тэр худалдсан мөнгөө л алдагдал гэж үзээд байгаа юм. Тэрнээс биш зээл дээр автобус өгөөгүй бол бид ямар ч алдагдалгүй ажиллах боломжтой. Зээлээр автобус өгдөг нь хууль эрхзүйн хувьд үндэслэлгүй байсан нь шүүхээр харагдаад байгаа юм.
 
-Нэгтгэл хийгдсэнээрээ нийтийн тээвэрт ажиллаж байгаа ажилчдын бүтцэд өөрчлөлт орох уу?
 
-Ажилчдын бүтцэд ямар ч өөрчлөлт орохгүй. Төрийн гурван баазад тодорхой тооны автобус байгаа. Тэдгээрийг стандартын дагуу хөдөлгөж иргэдэд үйлчлэхэд төдий хэмжээний жолооч байх ёстой гэсэн стандарттай байдаг. Тодорхой стандарттай юмыг бид цомхотгоно гэсэн ойлголт байхгүй. Хэмнэлт бол гурван компани удирдлагын бүтэц дээр л яригдана. Тодруулбал, удирдлагын бүтэц 50 хувиар багасна. Мэргэжлийн баг бол яг одоо байгаа бүтцээрээ ажиллана.
 
-GPS-ын системд нэгдэж автобусны кондуктор байхгүй болно гэсэн?
 
-Үүн дээр кондуктор гэсэн ойлголт үгүй болж, хяналтын байцаагч бий болно. Бэлнээр мөнгө хураадаг үйл ажиллагаа үгүй болсноор мөнгө хураагч үгүй болж, хяналт тавьдаг ажилчидтай болно гэсэн үг.
 
-GPS-тэй болсноор бүх хүмүүс мөнгө төлж явдаг болох нь ээ?
 
-Оюутан, тахир дутуу иргэдэд төр нөхөн олговор олгодог. Картын системд шилжсэнээр тэр мөнгө нь тухайн хүний картанд орох болов уу. Ер нь бол он гараад энэ үйл ажилагаа хэрэгжих шатандаа орно. Дарга нар тайлбарлахдаа алдагдалтай гэж тайлбарлаж байна лээ. Тэр бол буруу. Төрийн компаниуд дотроо өрсөлдөөнийг бий болгоод байгаа учраас нэгдэж байна гэж ойлгож байгаа. Нэг үйл ажиллагааг олон янзаар явуулах шаардлагагүй учраас нэгдэж байгаа. Түүнчлэн бүгд нэгтгэж байна гэж ойлгох ёстой.
 
-Нийслэлийн МАН-ын бүлгийн зүгээс удирдлагын бүтцийг цөөлөх хэрэгтэй гэсэн асуудал тавьдаг. Энэхүү асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
 
-Тийм ээ. Хэмнэлт гаргах, гаргахгүй юм гэж байдаг. Зардлаа хэмнэх ажил, хэмнэхгүй ажил гэж ялгаатай байх хэрэгтэй. Ялангуяа нийгмийн захиалгат нийтийн үйлчилгээг хэмнэж байгаа гээд жолоочийг нь цөөлөөд явна гэж байхгүй. Миний бодлоор төрийн захиргааны хэлтсийн дарга нар хүртэл машин унадаг гэж байгаа. Энэ дээрээ л анхаарах ёстой юм болов уу. Өмчийн хэлбэрийн хувьд үйл ажиллагаг нь нэгтгэж байна гэж би ойлгож байгаа.
 
-Өнөөдрийн нийтийн тээвэр 22:00 цагаас хойш зогсчихдог. Тэгээд түүнээс хойш микронууд үнээ нэмдэг?
 
-Төр ард түмнийхээ өмнө хүлээх үүргээ хүлээж чадахгүй байна гэсэн үг. Тэр хүн орой явсныхаа төлөө 400 төгрөгөөр явах газар 1000 төгрөгөөр явж байна гэдэг бол төр ард түмэндээ үйлчилж чадахгүй байна гэсэн үг. Тиймээс наад үйлчилгээг төрийн компаниуд хувийн компаниудтайгаа хамтраад явуулах ёстой. Өдрийн цагаар мянган автобус явдаг бол оройн цагаар 100-н автобус явуулдаг болохоор зохицуулалт хийж ажиллах юм.
 
Мөн хүүхдийн автобус, шөнийн автобус гээд бүх төрлөөр нь хөгжүүлэх зорилго энэ нэгтгэлийн цаана явж байгаа. Нэгтгэснээр энэ мэт сайн талууд их гарна. Сөрөг тал нь хяналт алдагдах вий гэж бодож байна. Үүн дээрээ анхаараад ажиллавал болохгүй юм байхгүй гэж бодож байна.
 
-Төлөөлөгч хүнийхээ хувьд үлдсэн хугацаанд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан байх?
 
-Гаргасан. Орон сууцны дундах замыг өргөтгөж автомашиныг зогсоолоор хангах, хаалганы орцны кодгүй болгож, дээвэр шинэчлэлийн тал дээр анхаарч ажиллах байгаа.

Нийслэл таймс
М.Янжинлхам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-19 07:04:59
    Энэ улс эх оронд өмч гэж байна уу? Бүгдийг хувааж аваад амар сайхандаа жаргах гээ юу? Сайхаан, сайхан. Ардчилал гэдэг чинь хувааж идэх гэсэн үгтэй ойролцоо утгатай болчихоо юу даа.
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-19 01:34:53
    Ovoo gaigui photoshop -dson bna shuu Nuuree.
    202.21.115.35
    Мэдэгдсэн Хариулах