“Дэлхий даяар дээд боловсрол хил хязгааргүй болж байхад бид үүдээ нээх л хэрэгтэй”
Япон судлаач, орчуулагч О.Жаргалсайхантай дээд боловсролын дэлхийн хөгжлийн чиг хандлага, Монголын нөхцөл байдлын талаар ярилцлаа. Тэрбээр нийгмийн салбар, тэр дундаа боловсролын чиглэлээр олон жил судалгаа хийж ажилласан туршлагатай юм.

-Дээд боловсролын салбар маань дэлхийн хөгжлөөс хэр зөрүүтэй явна вэ. Тэр зүгт хөлөө нийлүүлэхийн тулд ер нь хэрхэх нь зүйтэй гэж Та харж байна вэ.

-Дэлхий даяар дээд боловсрол гэдэг зүйл хил хязгааргүй болчихлоо шүү дээ. Хил хязгааргүй дэлхийн дунд бид амьдарч байгаа. Энэ үйл явцыг өнөөдөр Трамп First America гэж хэлээд ч, Англи Европын холбооноос гараад ч зогсоож чадахгүй. Глобал ертөнцийн энэ түрхрээнийг нэгэнт яаж ч чадахгүй учраас айх явдалгүй. Залуус гадаад хэл эзэмших, хүсвэл хаанаас ч дээд боловсрол эзэмших бололцоо улам түрж байна. Үүнд улсын хил хязгаар, хэлний ялгаа байхгүй болж байна.

ЮНЕСКО-гийн гаргасан тоогоор бол дэлхий дахинд 2010 онд 3.5 сая залуус өөрийн улсаас бусад улс оронд буюу гадаадад дээд боловсрол эзэмшиж байсан бол 2020 он гэхэд бараг хоёр дахин өсөөд зургаан сая хүрэх төлөвтэй байна. Тэгвэл дэлхийн том улс орнууд, том их дээд сургуулиуд энэхүү боловсролын нүүдэлд өөрсдийгөө бэлтгээд эхэллээ.

Зөвхөн тухайн улс орныхоо залууст биш дэлхий дахинд боловсрол хайсан бусад улс үндэстний залууст ямар бололцоо олгох вэ гэдэг өрсөлдөөн бий болоод байна. Жишээ нь, Европын холбооны улс орнууд гэхэд тус холбооны аль нэг улсын нэг их, дээд сургуульд суралцаад  төгсөхөд холбооны бусад улс орны их, дээд сургуулийн дипломыг олгохоор нэгдсэн зохион байгуулалтад орсон.

Жишээ нь Брюселийн их сургуульд сурлаа гэхэд Францын Сорбоны их сургуулийн кредитийг эзэмшээд дипломыг нь авна гэх жишээний. Энэ нь манай залууст ч гэсэн том бололцоо гарч ирж байна гэсэн үг. Харин дээд боловсролын тогтолцоо маань бүхэлдээ энэ хил хязгааргүй бололцоог яаж ашиглах вэ гэдэг дээр л яам, төр ажиллах ёстой. Мэдээж ажиллахгүй байна гэж хэлэхгүй ч үр дүн муутай явж ирлээ. Дээд боловсролын тогтолцоогоо цаашид системээр нь шинэчлэхгүй бол нэг удаад хуралдах хэмжээнд гарц олоод өөрчлөх боломж харагдахгүй байгаа юм. Олон жил хуралдаж “өөрчилж” ирлээ.

-Тэгэхээр манай их сургуулиуд ийм нээлттэй дэлхийд өрсөлдөх хэрэгтэй юу, эсвэл бууж өгөөд залуусаа гадагш алдаад дуусах уу?

-Манай том их сургуулиуд болох ШУТИС, МУИС дэлхийн дээд боловсролын энэхүү нээлттэй шинэчлэлийг хэрхэн тусган авч байна вэ гэдгийг би харж хүлээдэг л дээ. Гэтэл төдийлөн хариу хандлага анзаарагдахгүй байна. Тэд өрсөлдөх биш үүдээ нээх л хэрэгтэй. Өнөөдөр дэлхий дахинд шилдэг сургуулиудын салбар сургууль болох хөдөлгөөн их өрнөж байна. Нью Йоркийн их сургууль гэхэд Арабад, Шанхайд салбаруудаа нээлээ.

Лондон Эмперал коллежийн салбар Чехэд нээгдээд эхэллээ. Энэ мэтээр дэлхийн томоохон сургуулиудын салбарууд байгуулагдаад эхэлбэл тухайн улсад тэдгээрийн стандарт нэвтэрч орж ирнэ. Тэр бүрийн стандартад манайх нийцэхийн тулд өөрийн эрхгүй шинэчлэл шаардагдана.

Боловсон хүчнээ ах дүү, танил талаараа бүрдүүлдэг захирлын асуудал хэцүүдээд ирнэ. Манай асар их хөрөнгө зарцуулаад байгаа мөртлөө одоо хүртэл сургалтын баазаа хангалттай бий болгож чадахгүй байгаа бэрхшээл шийдэгдээд эхэлнэ. Үүн рүү ерөөсөө харж чадахгүй байх шиг.

-Хууль, эрхзүйн орчин их чухал байх л даа. Гадны их, дээд сургуулийн салбар Монголд орж ирэх хууль зуйн бололцоо бий юу?

-Лав л хуулиар хориглосон зүйл байхгүй. Манай төрийн өмчийн болон хувийн томоохон сургуулиуд цаашид дэлхийн ТОП-100 сургуульд багтдаг, Харвард, Стэнфордоо байг гэхэд бусад топ сургуулиудын аль нэгийн салбар болохын төлөө ажиллах хэрэгтэй. Сургуулиуд өөрсдөө, мөн яам, төр нь идэвхтэй ажиллах хэрэгтэй. Сүүлд гаргасан статистикаар дэлхийн 240 их сургууль бусад улс оронд салбараа нээсэн байна. Манайд нэг нь байна уу? Энэ бол тэр чигээрээ стандартаа өөрчлөөд тэдгээрийн стандартыг нэвтрүүлэх л асуудал.

-Цаашид дэлхийн хэмжээний боловсролтой болохын тулд бололцоотой эцэг эхчүүд хүүхдэд гадаадад л сургахыг эрмэлзэж байна. Уг нь дэлхийн боловсролыг дэргэдээсээ авдаг болчихвол хэн хэндээ хялбар даа, тийм үү?

-Бид хүүхдүүдээ гадагш явуулах гэдэг. Дэлхийн дээд боловсролын өөрчлөлтийг дагаж бий болж байгаа бас нэг үзэгдэл нь шилдэг уураг тархи нутаггүй болсон.Цагаан зээр бүсгүй хүн хоёроос гадна шилдэг тархи нутаггүй болж байна. Энэтхэгийн дээд боловсролын тогтолцооны талаар бичсэн миний нэг өгүүлэл интернет орчинд нэлээд тархаж, олон хүн санал сэтгэгдлээ илэрхийлж хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Энэтхэгт техникийн их сургуулиа яаж тийм хүчирхэг болгосон бэ гэхээр нөгөө л улстөрчид, хувь хүний хүчин чармайлт, зориг зүрх л шаардагдсан байдаг.

Тэр ядуу Энэтхэгт инженерийн боловсрол л хэрэгтэй юм байна гэдгийг л олж харсан. Одоогоос хагас зуун жилийн өмнөөс гэсэн үг л дээ. Үүний үрээр л Энэтхэгт АНУ-ын MIT-гийн дараа орох технологийн их сургуулиуд бий болсон. Одоо Бомбейн Технологийн их сургуулийн төгсөлтийн үеэр тэндхийн сайн оюутнуудыг ажилд авах гээд дэлхийн гегантууд болох нөгөө л “Женерал Электрик”, Билл Гейтсийн баг, Софт банкныхан хүлээгээд байж байдаг болсон. Өөрсдөө хүүхдүүдийг шалгаруулж авах гээд. Тэгэхээр Энэтхэгийн ядуу тариачны хүүхдийн тархи дэлхийн өмч болж байна.

Манайх яагаад ингэж болохгүй өдий хүрсэн юм бэ? Яагаад одоо болтол салхи ч ороогүй байж байдаг билээ гэхээр харамсалтай. Уураг тархи нээлттэй бөгөөд нутаггүй болж байна. Бид монгол хүүхдийн сайн уураг тархиа мөн л дэлхийд ашиглуулж болох байх. Даанч бид сайн инженеринг сэтгэлгээтэй хүүхдүүдээ сургах Бомбейн их сургууль шиг сургуульгүй учраас манай гадаа хэн ч ирж дугаарлахгүй байна шүү дээ. Тийм учраас юуны өмнө дэлхийн шилдэг сургуулиудын салбарыг оруулж ирэх хэрэгтэй. Хоёрдугаарт, англи хэлээр хичээл заах орчныг бүрдүүлж эхлэх хэрэгтэй байгаа юм.

Дэлхийн технологи үйлдвэрлэлийн гегантууд нутаггүй уураг тархийг олзворлож авахын төлөө их, дээд сургуулиудыг өрсөлдөөнд оруулж байна. Тэр өрсөлдөөнд оролцохын тулд бэлтгэх хэрэгтэй. Ялангуяа инженерийн сургууль англи хэл дээр хичээл заадаг болж байна. Хөрвөх анхдагч нөхцөл шүү. Японд гэхэд 34 их дээд сургуульд 12 мянган гадаадын оюутан залуус англи хэл дээр суралцаж байна.

Арабын Катар, Сингапур, Панам зэрэг боловсролын шингээх чадвар сайтай, шингээгч улс орнууд дэлхийн хаана шилдэг сургуулийн сайн хүүхдүүд байна тэдгээрийг өөртөө татахын тулд хичээлээ англи хэл дээр зааж байна, цаашлаад үнэгүй сургая гэж байна. Дотуур байраар хангая, цалин өгье гэж байна. Дэлхийн дээд боловсролын орчин ингэж л бүрдэж байна.

Түүнчлэн дэлхийн шилдэг сургуулиуд бүгд онлайн сургалтаа улам хөгжүүлж байна. Яагаад гэхээр гадагшаа гарах эдийн засгийн чадваргүй сайн хүүхэд олон байдаг. Тэднийг бас өөртөө татах гэсэн арга юм. Манайд ч гэсэн Стэнфордын онлайн хичээлд 14 настай монгол хүүхэд сурч байна гэж би уншсан. Тэгэхээр монгол хүүхдүүд нутаг орондоо байж байгаад сайн сургуульд суръя гэж эрмэлзэж байна шүү дээ. Одоо онлайн техникийн дэвшлийг сургалтад ашиглая гэж яриад суугаад баймааргүй байна л даа.

-Дээд боловсролыг ярихын тулд дунд боловсролын суурийг ярихаас өөр аргагүй. Дунд сургуулиас нь л эхлээд хүүхдүүдээ дэлхийн чиг хандлагад нийцүүлэн бэлтгэх шаардлагатай болох байх?

-Онлайн хичээлүүдэд оюутнуудаа хамруулахад суурийг нь сайн тавьж өгөх, холбох, англи хэлд нь тусалж өгөх тийм сэтгэлтэй, чадвартай багш нар хаа, хаанаа чухал. Энэ талд Япон улс их чармайлт гарган ажиллаж байгаа. Глобал-30 гэдэг хөтөлбөрийг Абэ дэвшүүлсэн. 2030 он хүртэл Дэлхийн шилдэг хүүхдүүдийг эх орондоо англи хэл дээр сургах зорилготой. Тэдний шаардлагыг хангасан л хүүхэд байх юм бол ирээд сур аа гэж байгаа юм. Дараа тэр хүүхдүүдийг Японы шилдэг технологийн компаниудад ажиллуулах, оюуны баялаг бүтээхэд бэлтгэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд 20 сая хүүхэд онлайнаар суралцаж байна. Нээлттэй хөтөлбөрт орж байна гэсэн статистик байна. Монголд ямар байгааг харуулах тоо олдсонгүй. Өнөөдөр дэлхийн шилдэг компаниуд нээлттэй байна, уураг тархи хаана ч хөрвөх бололцоотой капитал болж байна. Тэгэхээр манайх юу хийх вэ гэхээр цаашдаа дэлхийн том сургуулиуд хөгжиж байгаа орнуудын гайгүй сургуулиудыг дээвэр дороо нэгтгэх оролдлогыг хийж эхэлж байгааг анзаарах, үүнд бэлтгэх хэрэгтэй.

Нью-Йоркийн Их сургууль Шанхайд салбараа нээж байна гэдэг чинь Хятадын шилдэг хүүхдүүдийг татах, Хятадын сайн сургуулиудыг дээвэр дороо нэгтгэх гэсэн бодлого. Үүнийг ойлгодог бодлоготой байх, яамтай байх хэрэгтэй. Энэ санааг тусгаж авах потенциалтай баг яаманд байх хэрэгтэй. Их сургуулиуд энэ талаар санаачилгаа дэвшүүлэх хэрэгтэй гэж хэлэх гэсэн санаа.

Одоо манай дүр зураг ямар байна вэ гэхээр дэлхийн нээлттэй боловсролыг ашиглах нь байтугай тийм орчин нэгэнт бүрдсэн гэдгийг хүртэл мэдэхгүй мэдрэхгүй явж байна. Шүү дээ. Нөгөө л бүх зүйлийг өөрсдөө л заах гээд байна. Самбар шохой, оюутнаасаа хоцрогдсон профессорууд, тэднийг тойрсон шавь коллеги. Дэлхийн хэмжээнд хүүхдээ бэлтгэх багш байна уу, цөөн ч гэсэн байгаа л байх. Тэгэхдээ манайх өөрсдөө тарьсан нэг хэвийн таримал ой бэлтгээд байна.

Гэтэл дэлхийн улс орнууд таримал ой дотроо олон янзын мод суулгаад эхэлчихлээ. Нарс нь ч байдаг, хуш нь ч байна, холимог сайхан ой ургуулж байна. Манай дээд боловсролын тогтолцооны бүтээгдэхүүн ямар байна гэхээр дээшээ, доошоо хэмжээ нь адилхан, үр өгөөж нь ижилхэн хиймэл ой л ургуулж байна. Хатуугаар хэлэхэд үнэр ч үгүй, үр шим ч үгүй, баялаг өгдөггүй моднууд ургуулж байна. Бид цаашид ойгоо холимог болгохгүй бол багш нар ч өрсөлдөөнгүй, хүүхдүүд нь ч өрсөлдөх юмгүй ижилхэн явж ирлээ шүү дээ.

-Одоо өөрсдөө бүхнийг хийнэ гэж зүтгэхгүй, гаднаас шинийг оруулж ирээч гэсэн санаа биз дээ?

-Нээлттэй ертөнцийн шилдэг их сургуулиудад ийм боломж гарч ирж байгааг манай бодлого тодорхойлогчид хараач. Тэдний салбарыг байгуулахын төлөө ажиллаач, тэдний стандартыг оруулж ирээд дагаж хөгжөөч гэж уриалмаар байна. Дээд сургуулиудаа холимог ой шиг болгохгүй бол түймэрт идэгдэж байна улс төрийн, хорхой шавжинд идэгдэж байна хулгай луйврын. ... Бороо хургүй байна, усгүй байна. Дээрээс нь хувийн сургуулиуд гэж “хулгайн анчид" шиг улсууд байна.

Одоо бол бид дэлхийн хаанаас ч хувцас худалдан авч болж байна. Интернетээр захиалаад яг ижил үнээр Арабаас бөгж аваад зүүж байна. Гэтэл дэлхий дээгүүр манайхыг тойроод асар их боловсролын бололцоо нисэлдэж байна. Ганцхан Монголд л тэр “боловсролын бараа’’ буухгүй байна. Бид уг нь хаанаас нь ч захиалаад авч болохоор байна, яг хувцас захиалдаг шигээ.

-Гадны их дээд сургуулийг оруулж ирэхэд ямар нөхцөл, дэд бүтэц шаардлагатай вэ. Мэдээж чамгүй хөрөнгө оруулалт ч шаардагдаж болох юм?

-Дэд бүтэц, төмөр зам шаардахгүйгээр экспорт, импорт хийж болох ганц салбар шүү дээ. Нью-Йоркийн их сургуулийг Арабт байгуулахад Засгийн газар нь бодлогоор дэмжиж өгсөн л дөө. Оюутныг үнэгүй дотуур байраар хангах, цаашлаад тэтгэлэг өгөх, жилд хоёр удаа үнэгүй гэр рүүгээ явах замын зардал өгөх гэх мэтээр. Засаг нь ингэж дэмжсэнээр дэлхийн топ сургуультай болчихлоо. Тэгдэггүй юм гэхэд хэлж байгаа үгийг нь ойлгодог төр засагтай болмоор байгаа юм. Боловсрол гэдэг нийтийнх гэдэг утгаараа төрийн бодлого. Өмчлөл нь хувийнх байлаа ч нийтийнх гэдэг утгаараа төрийн ажил юм.

Иймд төр засаг мөнгөөр биш юм аа гэхэд бодлогоор дэмжиж, урагш нь хөдөлгөх цаг нь болсон гэж боддог. Энэ олон жижиг сургуулиудаа нэгтгэх замаар сургалтын бааз суурь сайтай, хүний нөөцийн чадамжтай үндэсний хэмжээний нэгээс хоёр том сургуультай болчиход болохгүй юмгүй. Гэхдээ сургуулиудыг нэгтгээд үндэсний сургууль байгуулъя гэхээр жижиг, жижиг эрх ашгууд хөндөгддөг. Үе үеийн Засгийн газар ийм бодлого хэрэгжүүлье гэхээр ямар бэрхшээлтэй тулгардаг вэ гэхээр тийм эрх ашгуудтай л мөргөлддөг.

Хувийн сургуулийн тухай бие даасан хууль зайлшгүй хэрэгтэй байна. Манайд нийтийн гэдэг оюун санаа байхгүй болчихлоо. Хэдийгээр та хөрөнгөө гаргасан ч гэлээ нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Гэтэл манайд хувийн эрх ашиг гэдэг зүйл нийтийн эрх ашгийн ямагт дээр байгаа нь л бүх салбарын том асуудал болоод байна. Тэгэхээр юуны өмнө сэтгэлгээний, хандлагын өөрчлөлтийг бий болгож чадвал бас л нэг том алхам.

Шинэчлэл, өөрчлөлтөд бэлтгэх том хөрс суурь нь болно доо. Дэлхийтэй хөл нийлэх нь монгол хүний л хөгжилд хэрэгтэй шүү дээ. Дээрх хэдхэн зүйл дээр ажиллахад л Монголын дээд боловсрол сэргээд л хөдөлгөөнд ороод ирнэ. Бидэнд дэлхийн дээд сургуулиудын салбарыг оруулж ирээд дагаад хөгжих чадваргүй юмаа гэхэд хүүхдүүдээ тэдгээр сургуульд сургах хэрэгтэй.

2012-2016 оны эдийн засгийн хямралаас болоод дэлхийн тэргүүлэх сургуулиудад сайн залуусаа сургахад жаахан ч гэсэн боломж бололцоогоороо өгдөг байсан мөнгөө өгч чадахгүйд хүрсэн шүү дээ. Арга ядсан ч гэсэн бас нэг арга л болж байсан юм шүү.

Өглөөний сонин
З.Боргилмаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хаха 2018-01-26 10:48:18
    Ийм л балай болчихжээ. Япон судлаач, орчуулагч хүн дээд боловсролын чиг хандлага тогтолцоог төдийлөн мэдэхгүй л дээ. Ялангуяа энэ хүн хахахаха.
  • zochin 2018-01-24 08:49:03
    ENE HKUNII SANAA , DUGNELTIIG ZAABAL . BUKH ARD TUMEN, TER ZASAGT HKURGEJ EGEHKIIG HKUSIE. Mash zeb, mundag dugnelt,...
  • Hi 2018-01-22 14:49:20
    Setgegdel bitgii arilgaad bai
  • Hi 2018-01-22 14:41:05
    Mongold er ni ajillaj uzeegyi deed bolovsroloo ch medexgyi baij itgej shivchig boloxiimdaa xumuus ooriin chin yariad baigaag xeleed baigaa xuviin surguuliud ...
  • amar 2018-01-22 13:11:17
    USAiin college chanar zarim ni sain,high school/,middle mash muu
  • Бат 2018-01-22 12:40:48
    Эхлээд бид хүнээр хүн хийх, ёс суртахуунтай Монгол хүн бэлтгэх давхар бодлоготой тийм сургалтын арга хэлбэрийг олох хэрэгтэй. Гадны юм болгон сайхан биш шүү.
  • zochin 2018-01-22 04:06:35
    Manaid uul uurhain deed surguuli, mal aj ahui gazar tarialingiin deed surguuli heregtei
  • Ц.Ишжамц 2018-01-22 03:26:41
    Маш их зүйл бодогдуулахаар сайн ярилцлага болжээ.Кембриджийн хөтөлбөрөөр сургадаг Шинэ эрин, Шинэ үе,Монгол тэмүүлэл шиг сургуулиудын тоог нэмээсэй,
  • Бат 2018-01-22 02:48:32
    Их дээд сургуульд сурнаа гэдэг чинь чухамдаа хүн бүр чадах зүйл биш одоо мөнгөө өгөөд чадаад байгаа юм шиг нь боловсоролыг үнэгүйдүүллээ
  • anu,New York oos 2018-01-22 02:30:39
    Mongol iin bolovsroliig hen ch toodoggui ym