АНХААР!!! Цахим аюулгүй байдлаа хамгаал

Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс интернет орчин, цахим хаягийг тогтмол ашиглах болсон. Түүнчлэн цаг хугацаа хэмнэх үүднээс онлайн дэлгүүр, цахим данс хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Үүнээс гадна иргэд техник технологи болон цахим хаягт автоматаар болон бусад аргаар хадгалагддаг хувийн мэдээллээ тухайн сүлжээнд найдаад устгалгүй үлдээдэг. Энэ мэт болгоомжгүй байдлыг ашиглан хууль бус аргаар ашиг хонжоо хайгч цахим гэмт хэрэгтнүүд олширч байна.

Интернет ашиглаж үйлдэж буй олон төрлийн гэмт хэргээс иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж танилыг нь залилаж мөнгө авснаас болж цөөнгүй иргэн санхүүгээрээ хохирсон. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид энгийн иргэдээс гадна олны танил эрхмийн хаягийг хакердаж, мөнгө зээлэх гэсэн тохиолдол ч хэд хэд гарсан. Жишээ татахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Дархан аварга Г.Өсөхбаярын фэйсбүүк хаягыг хакердан МҮОХ-ны Нарийн бичгийн дарга асан Ж.Отгонцагаанаас мөнгө зээлэх оролдлого гарсан. Холбогдох байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэхийг удаа дараа анхааруулж, сэрэмжлүүлсэн ч иргэд цахим хаягийнхаа нууц үг, хамгаалалт, аюулгүй байдалдаа анхаарал хандуулахгүй хэвээр байна гэлтэй.

Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр: бусдын фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч бүлэглэн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байгаа гэж мэдэгдлээ. Тэрбээр “Интернет орчин тэр дундаа Фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг нь олзолж, тэдгээрийн найз нөхөд, гэр бүл, дотны хүмүүс рүү нь мөнгө гуйх, мөнгө өгөхийг шаардах зэрэг үйлдлийг хийдэг гэсэн мэдээллийн дагуу Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурорт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Үүний дагуу энэ сарын 15-нд Ш, Т, Н, Д, Э нарыг баривчилсан. Хэрэгт 10 этгээдийг холбогдуулж шалгаж байгаагаас гурав нь цагдан хоригдож, долоог нь батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Тэд 17-20 насны залуус. Гэмт этгээдүүд бусдын фэйсбүүкт хууль бусаар нэвтрэхдээ дараа төлбөрт хэрэглэгчдийн фэйсбүүк хаягийг олж мэдээллээр нэвтэрдэг. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1.2,17.3заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг” гэсэн юм.

Дээрх гэмт хэргийн хохирогчдийн хувьд фэйсбүүк нууц үгээ нэр, төрсөн он сар өдөр, утасны дугаар гэх мэт маш энгийн байдлаар хийдэг аж. Түүнчлэн, иргэд сүүлийн үед өөрсдийн сониуч байдлаасаа болж нууц үгээ алдаж байна. Тухайлбал, та хэд наслах вэ гэх мэт зүйлсэд сонирхон орж үзсэнээр нууц үгээ алдаж байна. Одоогийн байдлаар энэ төрлийн гэмт хэргээс болж хохирч хуулийн байгууллагад хандсан 40 орчим хүн байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдэд нууц үгээ энгийн байдпаар хийхгүй байхыг зөвлөж байна. Мөн ойр дотны хүнээс чинь мөнгө гуйх зэргээр чат ирвэл сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүллээ.

Өглөөний сонин
Т.Болор-Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.