1857 онд сүйрсэн хөлөг онгоцны алт эрдэнэсийг олон нийтэд дэлгэн үзүүлнэ
150 гаруй жил далайн ёроолд хэвтсэн, АНУ-ын түүхэнд хамгийн томд тооцогдох 50 гаруй сая долларын өртөг бүхий алтан гулдмай, алтан зоос, үйрмэг алт тэргүүтнийг Калифорнид олон нийтэд дэлгэн үзүүлэхээр болжээ.

Эс-Эс Төв Америк хэмээх хөлөг онгоцны сүйрсэн үлдэгдлээс олдсон 3100 ширхэг алтан зоос, 45 ширхэг алтан гулдмай болон 36 кг гаруй үйрмэг алтыг Лос Анжелес хотоос жаахан урагш орших түр лабораторид одоогоор хадгалж байна.

Уг олдворыг 1988 онд анхлан олсон судалгааны багийн эрдэм шинжилгээний ахлагчаар ажиллаж байсан Боб Эванс одоо тэнгисийн ёроолд 2134 метрийн гүнээс олдсон эдгээр зоос, эдлэл нэг бүрийн зэв, лаг тэргүүтнийг өөрийн гараар хичээнгүйлэн зүлгэж, 1857 онд ямар байдалтай байсан яг тэр хэвэнд л оруулах санаатай хэмээн өгүүлнэ.

Төв Америк хөлөг онгоц нь 1857 онд Калифорнид алт олборлолт ид өрнөж байсан үеийн олдвор болсон алтыг карго байдлаар ачиж яваад, Өмнөд Каролина муж улсын эргийн ойролцоо далайн хүчит шуурганд өртөн сүйрсэн аж. Тэгэхэд 425 хүн живж, Калифорни муж улсын алт олборлогчдын хэдэн мянган паундын алт далайн ёроолд сураггүй хаягдаж, тухайн үедээ эдийн засгийн ихээхэн ээдрээтэй байдал үүсгэж байжээ.

Бүх алтан эдлэлийг зарах юм байна. Ганц жижиг зоос гэхэд л ховор нандин байдал, үүх түүхийн хосолсон үнэ цэнээрээ нэг сая долларын өртгөөс ч давж мэдэх гэнэ.

"Эдгээр олдвор бол хүмүүс хэдэн зуун жилийн туршид шагшин ярьж, бичиж, уншиж, олж авч цуглуулах гэж улайрахаар тийм зүйлс. Одоогоор үүнтэй дүйх ийм их хөрөнгө олдсон, үүнтэй дүйх том хөлөг онгоцны сэг зэмийг олсон тохиолдол алга. Ер нь бол хүний амьдрах амьдралын бүхий л хугацаанд аз таарч ганц л удаа олдвол олдох, эс олдвол эс олдох тийм л ховор олдвор доо " гэж алтны том шинжээч нарын нэг нь бахархан өгүүлж байна.

Тэгтэл энэ их баялгийн байгаа газрыг анх олж тогтоосон далайн гүний алт эрдэнэсийн эрэлчин Огайо муж улсын шоронд ялаа эдлэн сууж байгаа аж.

Огайо муж улсын уугуул, алт эрдэнэсийн ангуучин Томми Томпсон орон нутгийн 161 хөрөнгө оруулагчаас бараг 13 сая доллар гаргуулан усан эрлийн экспедици зохион байгуулж уг онгоцны сүйрсэн газрыг анх 1988 онд олж тогтоосон байна.

Алт эрдэнэсийг эзэмших жинхэнэ эзэд нь хэн бэ гэж Томпсон болоод хөрөнгө оруулагчдын хооронд олон жил дамнан өрнөсөн хэрүүл заргад сүүлдээ бүр даатгалын компаниуд ч татагдан ороход хүрч, Томпсоны компани 2000 онд 532 ширхэг алтан ембүү болон зооснуудыг Калифорнийн алтны маркетинг группт 50 сая орчим доллараар заржээ.

Тэгтэл энэ их хөрөнгөнөөс хөрөнгө оруулагчдад сохор зоос ч оногдоогүй тул 2005 оноос эхлэн Томпсонтой заргалдах болж, Томпсон тэднээс зугатан Флоридад орогнох болж, улмаар Огайо муж улсын шүүхээс 2012 онд Томпсоныг баривчлах шийдвэр гарснаас хойш оргодол босуул гэж тооцогдох болсон аж.

Ингээд шүүх, хүчний байгууллагынхан Томпсоныг 2015 онд Флоридад зочид буудлаас баривчилж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, алга болсон 500 алтан зоосыг яаснаа хэлээгүй гэсэн үндэслэлээр шоронд хорих болсон аж.

Томпсон урьд нь алтан зоосыг оффшор бүс Белизед найдвартай хадгалуулсан байгаа, алт зарснаас олсон 50 сая долларын ихэнхийг өмгөөллийн зардал, банкны өрөнд төлсөн гэхчлэнгээр мэдүүлж байжээ.

2014 онд гаргаж ирсэн, ирэх сард Калифорнид дэлгэн үзүүлэх гэж буй алт эрдэнэс нь Төв Америк хөлөг онгоцны үлдэгдэл сэгээс олборлон авч ирсэн дөнгөж хоёр дахь ээлжийнх нь алт эрдэнэс аж.

Калифорнийн алтны маркетинг групп энэ сард хөрөнгө оруулагчдаас мөн алт худалдан авчээ. Ингэснээр зарим нь аль хэдийнээ тэнгэрийн оронд одсон, 1980-аад онд анх итгэн хөрөнгөө оруулсан хөрөнгө оруулагчид анх удаагаа ашиг хүртсэн аж.

Алт эрдэнэсийг хоёрдугаар сарын 22-24 өдрүүдэд Лос Анжелес хотоос урагш орших Лонг Бийчийн хурлын танхимд олон нийтэд дэлгэн үзүүлэх юм байна.
 
Г.Ганхуяг
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өнөрбат 2018-01-30 06:23:27
    Хнн, манайд Барон Унгерны нуусан алт эрдэнэс гээд байдаггүй л юм бх даа. Эсвэл Хүннүгийн Аттила хааных гээд ч юм уу. Эрж олбол олсон хүнийх нь болох нь бна ш дэ...
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах
    • ook 2018-01-30 10:09:06
      30% awax erx bdg yum .vldseniig uls awax xuulitai gj.
      66.181.160.95
      Мэдэгдсэн Хариулах