“Морин хуур” наадам 31 дэх жилдээ шилдгээ тодруулна

Үндэсний хөг эгшиг,  өв соёлоо дээдлэх, монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадмын энэ жилийн эхний шалгаруулалт болж өндөрлөлөө. “Морин хуур” наадмын зохион байгуулагчид оны шилдэг хөгжмийн зохиолч болон дууг тодруулахын тулд  мэргэжлийн хөгжмийн зохиолчдоос бүрдсэн шүүгчдийн баг бүрдүүлсэн байна. Тодруулбал, эхний шатанд өрсөлдсөн уран бүтээлчдийг Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач М.Булган, хөгжмийн зохиолч Ж.Шараа, Д.Цэцэрлэг, Р.Энхбазар Соёлын гавьяат зүтгэлтэн,  Монголын зохиолч, хөгжмийн зохиоч, нийтлэгчдийн нийгэмлэгийг гүйцэтгэх захирал Ү. Хүрэлбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож,  Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бархас, шинэхэн гавьяат Н.Халиун, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, СУИС-ийн  Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хөгжим судлаач Э.Зулцэцэг, Үндэсний төв номын сангийн захирал,  МЗЭ–ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Б. Ичинхорлоо, “Морин хуур” наадмыг санаачлагч Х. Нарангэрэл нар шүүжээ. Энэ жилийн наадамд манай хөгжмийн зохиолчдоос гадна ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг монгол туургатан уран бүтээлчид шилдэг бүтээлээ ирүүлсэн байна.

31 дэх жилтэйгээ золгож  буй “Морин хуур”   наадмын шилдэг бүтээлийг нийтийн, эстрадын,  мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулах юм. Гурван шаттай явагдах уг наадамд оролцож буй чансаатай, мэргэжлийн түвшинд бичигдсэнбүтээлүүдээс чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдаг. “Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон дууны төрөл бүрийн Тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч тодруулах аж.

Дашрамд өгүүлэхэд  хөгжмийн зохиолч, дуучдын чансаагаа сорьдог Морин хуур наадмын хүрээнд улаан хивсний ёслол зохион байгуулах гэнэ. Энэхүү ёслолын ажиллагаанд “Морин хуур” наадмын шагналтнууд, хөгжмийн урлагийн салбарын сод авьяастнууд, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны  тулгын чулууг тавьсан үе үеийн нэрт зүтгэлтнүүд, яруу найрагчид, дуучид оролцож, хагас жарны түүхтэй наадамдаа хүндэтгэл үзүүлнэ. Уралдааны II шатны шалгаруулалт ирэх  сарын 10-нд болно.

Энэ жилийн наадамд Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн зэрэг бүтээл бүр нь олны хүртээл болсон  уран бүтээлчид өрсөлдөж байна.

Наадмын гуравдугаар шатны шалгаруулалтад тунаж үлдсэн 15 дууны уран бүтээлч ирэх сарын 12-нд болох Гала концертод оролцож, дуунд хайртай ард түмнийхээ сонорыг мялаана. “Морин хуур” наадмын энэ оны бай шагнал урьд жилүүдээс онцлог болохыг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дууны албанаас тодруулсан юм. Мөн Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайдын яамны дипломат ажилтнууд улаан хивсний ёслолд оролцоно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.