Халуун орны ойг дууриалган хийсэн “Амазон”-ы шинэ оффис
Цахим худалдааны Amazon.com компани АНУ-ын Сиэтл хотноо халуун орны ой шугуйг санагдуулам өвөрмөц зохион байгуулалттай офисоо өнгөрсөн Даваа гарагт шинээр нээжээ. Ингэснээр ажилчид ажлаа хийж суухдаа улиг болсон офист биш халуун орны шугуйд сууж буй мэт шинэ сэргэг санаа, эрч хүчээр дүүрэн байх гэнэ.

Сиэтл хотноо голчлон төвлөрдөг, дэлхийн онлайн худалдааны хамгийн том компани болох Амазон компани Хойд Америкт хоёр дахь том корпусаа барих тохиромжтой хотыг эрэлхийлэхийнхээ зэрэгцээ ийнхүү одоо байгаа төв байраа өргөтгөн тэлж байгаа аж. Компанийн офисын тэнгэр баганадсан барилгууд хийгээд хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглосон хоолны газрууд нь Сиэтль хотын South Lake Union дүүрэгт агуулах, авто машины зогсоолууд байдаг байсан газарт шинээр байгуулагдсан юм байна. Ажиллагсдаа албан ёсоор Мягмар гарагт хүлээн авах, шинээр байгуулагдсан Бөмбөрцгүүдийн цогцолбор нь арваад жил бүтээн хөгжүүлсэн ажлынх нь үр дүн болон цогцолж байгаа аж.



Бөмбөрцгүүд цогцолбор хэмээгдэж буй энэхүү байгууламж нь гурван шилэн бөмбөлгөн барилгаас бүрдэх бөгөөд нийт 400 гаруй төрөл зүйлийн 40,000 ургамлаас бүрдэж байгаа аж. Ажилчиддаа атаархмаар ажиллах нөхцөл бүрдүүлж өгдгөөрөө алдартай Амазон компани энэхүү шинээр баригдсан офис ажилчдынх нь ажлын бүтээмжийг улам нэмэгдүүлэн, шинэ шинэ бүтээгдэхүүн, шинэ шинэ төлөвлөгөөнд хөтөлнө гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаа аж.

Энэхүү шинэ ажлын байр нь хэвшмэл офисыг биш, харин хүлэмжийг илүү санагдуулам гэнэ. Хаалга, цонхтой өрөө, тасалгааны оронд явган зугаалан алхах зориулалтын зам, ая таваараа суугаад ярилцах, хуралдахад зориулсан сандлуудтай аж.



Амазон компанийг үндэслэн байгуулагч, тэрбумтан Жефф Безо өөрийн дуу хоолойгоор команд өгч, Амазон компаний бусад гүйцэтгэх дээд албан тушаалтнууд, удирдах зөвлөлийн гишүүдийн хамтаар төслийн нээлтийн ёслолыг албан ёсоор нээсэн байна.

"Алекса, Бөмбөрцгүүдийг нээгээрэй!" гэж Безог хэлэхэд, Бөмбөрцгүүдийн таазны дотор талын хагас дугуй Алекса гэдэг нэртэй Амазоны хүний яриагаар ажилладаг төхөөрөмж шиг хөх цэнхэр өнгөтэй болон хувирчээ.

Амазон компани 2010-2017 оны зун хүртэлх хугацаанд Сиэтл хотод 3,7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, байшин барилга хийгээд дэд бүтцийн байгууламжуудыг барьж байгуулжээ. Үүнээс гадна, Амазон компани дараагийн хоёр дахь төв байрныхаа бүтээн байгуулалтанд зориулан таван тэрбум доллар гаргаж, 50,000 хүнийг ажлын байраар хангах бодолтой байгаагаа мөн зарлажээ.

"Бид ер нь Сиэтл хот дахь төв байраа үнэхээрийн онцгой, хэн бүхний нүдэнд тусч, сэтгэлийг булаасан тийм зүйл болгохыг хичээсэн юм" хэмээн Амакон компаний үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Щөтлер хэлж байна.



Энэ сарын эхээр, Амазон компани хоёр дахь төв байрыг нь хотдоо барих 238 өргөдөл хүсэлт хүлээн авснаас 20 хотыг шалгаруулан үлдээгээд байгаа билээ. Шалгарч үлдсэн эдгээр 20 том хотын тоонд Бостон, Нью Йоркоос эхлээд, Техас, Остин гээд техник, технологийн өндөр боловсролтой авъяастнуудыг татах талаараа гаршсан том том хотууд багтаж ороод байгаа аж.

Олон хотуудын шуналыг хөдөлгөж байгаа Амазоны хоёр дахь төв байрыг барих эрхийн төлөө хотуудын уралдаант шалгаруулалт өнгөрсөн зун эхэлсэн бөгөөд энэ оны сүүлээр ялагчийг тодруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

NBBJ уран барилгын пүүсийн зураг төслийг нь гаргасан, Бөмбөрцгүүд цогцолбор дээр Амазон компаний хөтөчтэй аяллууд хойшид байнга зохион байгуулагдаж байх аж. Мөн эл Мягмар гарагаас эхлэн Бөмбөрцгүүд цогцолборыг үзэх хүсэлтэй хүмүүс цагаа товлоод үзэж танилцах боломжтой болж байгаа юм байна.
 
 Г.Гансүх
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.