ФОТО: О.Балжинням Хөдөлмөрийн баатар, дуучин М.Бямбажав МУГЖ боллоо

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол

Жүдо, Самбо бөхөөр дэлхий болон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, тив дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчдыг төрүүлэн, Жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргасан онцгой амжилтыг өндрөөр үнэлж, Үндэсний бөхийн улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Одвогийн Балжиннямд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Монгол Улсын ардын жүжигчин, ардын багш цол

Монгол бүжгийн уламжлалт дэг сургалтыг бий болгох, бүжиг судлалыг хөгжүүлэх, бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан Соёл урлагийн их сургуулийн зөвлөх Профессор Дунжаагийн Нанжидад Ардын жүжигчин цол,

Дэлхийн болон үндэсний дуурь, балет, симфони урлагийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, удирдаачийн дэг жаягийг төлөвшүүлэн бий болгох, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, Монголын хөгжмийн урлагийг гадаад орнуудад сурталчилан таниулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Жагваралийн Бүрэнбэхэд Ардын жүжигчин цол,

Эрүүл мэндийн салбарт оношилгоо эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх, чанар, тусламж үйлчилгээг сайжруулах, дэлхийн түвшинд хүргэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх эмч Банзрагчийн Батчулуунд Ардын Эмч цол тус тус хүртээв.

Монгол Улсын гавьяат цол

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, байгаль орчин, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрчим хүчний зохицуулах газрын ахмад ажилтан Чойнмадагийн Баяр, Эрчим хүчний диспетчерийн үндэсний төвийн ахмад инженер Баасангийн Сандуйжавыг,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, БОАЖЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн Содномжамцын Дамдинсүрэнг,

Монгол Улсын гавьяат багш цолоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш Нанзадын Энхпагма, Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Дашдаваагийн Жуужааг, МУИС-ийн хими, хими инженерчлэлийн сургуулийн зөвлөх профессор Сономын Дондогийг, Нийслэлийн 33-р дунд сургуулийн ахмад багш Баатарын Цэгмэдийг, МУБИС-ийн ахмад багш Пүрэвжавын Бямбадоржийг, АШУҮИС-ийн Анатомийн тэнхимийн эрхлэгч, академич анагаахын шинжлэх ухааны доктор профессор Доржхүүгийн Амгаланбаатарыг, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ахмад багш Лувсанцэрэнгийн Цэвээндорж нарт тус, тус Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын гавьяат цол хүртээлээ.

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн нэгжийн зохицуулагч Бат-Өлзийн Баасанг, “Сандэй” группийн ерөнхийлөгч Дашбалжирын Бат-Өлзийг,   

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор “Ая дан” студийн дэргэдэх Мөр хамтлагийн дуучин, ая зохиогч Мягмарын Бямбажав, “Сити” дээд сургуулийн багш, жүжигчин, найруулагч Цэгмидийн Төмөрхуяг нарыг шагнав.

Монгол Улсын гавьяат малчин цолыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Лувсаншаравын Баттулга, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тунгалаг багийн тэмээчин Гомбогийн Ванчиг нар хүртлээ.

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын жолооч Дүгэржавын Баттулга,

Гавьяат эдийн засагч цолоор “Эрэл” ХХК-ийн ахмад ажилтан Дэлгэрийн Чүлтэм, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий  консулын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Наваанзундуйн Ишдорж, “МИГ” даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Жандавын Бат-Орших, “Алтайн хүдэр” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Рүвжирийн Пүрэвдоржийг,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч, чөлөөт уран бүтээлч Дуламсүрэнгийн Бэхбатыг, Яруу найрагч Намсрайн Лутбаярыг,

Хүний гавьяат эмч цолоор Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Балжиннямын Дэлгэр, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Мишигдоржийн Чимгээг,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийг дэмжих сангийн ахмад ажилтан Янжаагийн Усныка нарыг шагналаа.

Мөн Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхмүүдийн төлөөлөл Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа гардаж авсан юм.      

Алтан гадас одонгоор Булган аймгийн Булган сумын өндөр настан, ахмад тамирчин Дашнаяын Лхагважавыг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сувилагч Жалапуны Цэцэгсүрэнг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ахмад ажилтан Оргийн Төмөрцоожийг,

Шударга журам медалиар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Бархадын Батсумъяаг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын байцаагч, дэслэгч Ганболдын Эрдэнэбаяр нарыг тус, тус Төрийн дээд одон медалиар шагналаа.     

Шагнал гардуулж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдэд болон Төрийн дээд шагнал хүртсэн эрхмүүдэд хандаж:

“Түүхт төрийнхөө хоймор, Их цагаан сүлдний хүндэт өргөөнөөс Та бүхнийхээ түмэн амгалан, мянган баярыг айлтган мэндчилье.

XVII жарны шар нохой жилийн босгон дээр улс эх орон, ард түмнийхээ өөдлөн дэвжих гэгээн сайхан ирээдүйн төлөө амьдрал үйлс, залуу халуун насаа сэтгэл дүүрэн зориулсан, одоо ч амжилт алдраа дуурсгаж, тухайн салбартаа онцгой үүрэгтэйгээр зогсолтгүй бүтээн хөдөлмөрлөсөөр яваа хүндэт иргэдийнхээ гавьяа зүтгэлийг төрийн дээд шагналаар мялаалаа. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн - цагаан сар бол хүн бүр ахмад буурлуудынхаа нас буян, ерөөл сургаалыг өргөн тосож, амар мэндийг эрэн золгодог монгол түмний хүндлэл дээдлэлийн их баяр юм. Ийм ч учраас энэ удаагийн төрийн шагналаар ахмад буурлуудынхаа гавьяа зүтгэлийг хүндэтгэн үнэлж, түлхүү хамруулахыг эрмэлзсэн болохыг тэмдэглэе.

Монгол хүний эрдэм ухаанаар дэлхийн жүдо бөхийн ертөнцөд шинэ үеийг бэлтгэн гаргаж, дэлхийн дэвжээг улам бүр эзэгнэн улс ард түмнийхээ золбоо, хийморь, сэтгэлийг галыг ямагт бадрааж байгаа бөхийн спортын даруухан бөгөөд гарамгай зүтгэлтэн Одвогийн Балжинням багшдаа Хөдөлмөрийн баатар алдрыг хүртээлээ. Цаашид олон шавь нарынхаа бахархлыг тээж алдраа олимп, дэлхийн тэнгэрт мандах төрийн далбаатай адил улам тод, өндөрт мандаана гэдэгт итгэж байна.   

Улсынхаа анагаах ухааны салбар тэр дундаа мэдрэлийн мэс заслын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан мэс засалч, судлаач, чадварлаг удирдагч, Улсын III төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч Банзрагчийн Батчулуунд Монгол Улсын Ардын эмч цол хүртээж байгаадаа миний бие тус салбарынхан болоод эмчийн хөдөлмөрийн үр шимийг хүртсэн олон мянган эмчлүүлэгчийнх нь өмнөөс баяртай байна.  

Монгол Улсын бүжгийн урлагт 70 жил зүтгэсэн амьд домог, одоо ч бүтээн туурвисаар яваа анхны мэргэжлийн бүжигчин, Соёл Урлагийн Их сургуулийн Хүндэт профессор, Монголын бий биелгээний дэг сургуулийг үндэслэгч, монгол бүжгийн хатан эх хэмээгдсэн Дунжаагийн Нанжид гуай, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаачаар 40 шахам жил ажиллахдаа дэлхийн болон үндэсний дуурь, бүжгэн жүжиг, симфони урлагийг хөгжүүлэн дэлгэрүүлэх, удирдаачийн дэг жаягийг төлөвшүүлэн бий болгох, сургах хүмүүжүүлэх, Монголын хөгжмийн урлагийг гадаад орнуудад сурталчлан таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж буй гарамгай удирдаач, уран бүтээлч “Нийслэл хүү” Жагваралын Бүрэнбэх нарыг Ардын жүжигчин цолоор шагналаа.

1958 онд 16 насандаа сумынхаа аварга тэмээчин болж, 20 төгрөгөөр шагнуулж байснаас эхлэн, “Төхөм Тунгалагийн хүрэн” хэмээх тэмээний гойд ашиг шимт шилмэл үүлдрийг бий болгосон, улсын гурван удаагийн хамгийн олон тэмээтэй малчин, Говь-Алтай аймгийн хамгийн олон тэмээтэй малчин Гомбын Ванчиг болон Монгол Улсын анхны таван мянгат малчны нэг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн хишиг буяны хот болсон Улсын аварга ахмад малчин Лувсаншаравын Баттулга нар эдүгээ Монгол Улсын Гавьяат малчин цол хүртэж байна.

Сүүлийн 10 жилд эхийн эндэгдэлгүй ажилласан Дундговь аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Балжиннямын Дэлгэр, Монгол Улсын дулааны цахилгаан станцын бүх бүтээн байгуулалтад оролцсон Чойнамдагын Баяр, үе, үеийн залуус нийт сонсогчдын сонсох дуртай шилдэг дуунуудын хөгжмийн зохиолч Дуламсүрэнгийн Бэхбат, алдарт жүжигчин Цагааны Цэгмид гуайн хүү театр, кино урлагийн авьяаслаг жүжигчин Цэгмидийн Төмөрхуяг, Нэгдүгээр дунд сургуульд тасралтгүй 40 орчим жил ажилласан бага ангийн багш Нанзадын Энхпагма тэргүүтэй Цагаан сарынхаа баяр дээр баяр нэмж, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж буй бүх хүнд халуун баяр хүргэе.

Төр иргэнээ урамшуулсан шагналаар дамжуулан хүн бүрийг Та бүхний үлгэр дуурайлаар эрхэлсэн ажилдаа эзэн болж, эх оронч зүрх сэтгэлээр зүтгэл гарган ажиллахыг, цаашид ч улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чадах бүхнээ зориулахыг уриалж байгаа хэрэг юм. Улс орныхоо өнөөгийн хөгжил дэвшлийг хувь нэмэр оруулж, нэр хүндийг бүтээлцсэн ахмад буурлууд, хүндэт иргэддээ дахин баярлалаа.

Нохой жил монгол түмний үнэнч нөхөр мэт байж, буян хишгийг сахин хамгаалж, шударга үнэнийг бадрааж, бүтээн байгуулалтыг цогцлоон, Хөх мөнх тэнгэрийн ивээл хүчин дор, хөдөлмөрч хичээнгүй ардынхаа үйлс зүтгэлээр Монгол Улс хүчирхэгжин мандах болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.










Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бүтээлч Балдан 2018-02-15 15:38:56
    Том биетэй толгой муутай нь бөх болоод баатар.толгой сайтай нь гишүүн болоод улсаан дампууртал идээд баатар.гавьяат бусад нь бүтэлч мөртлөөн хоосон
  • Зочин 2018-02-15 04:40:57
    Баттулга ерөнхийлөгч самбо, жүдогийнхоо бүх тамирчид, дасгалжуулагчдыг шагнах юм байх даа. Хөдөлмөрийн баатар цол ч үнэ цэнээ алдлаа даа.
  • Н.Сүх 2018-02-14 14:31:50
    Сайхан байна анхны олимпийн аварга төрүүлсэн Ч.Насантогтох дасгалжуулагчийг мхртах ёсгүй дээ Энэ дасгалжуулагч мундаг шүү дээ боддоо
    202.131.227.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд  2018-02-14 11:00:54
    Шагналын хур ч асгар ч бн даа. Нэг мэдэхэд 3 саяуулаа гавьяат цолтон баатар болох ч юм билүү. Сайхаан сайхан. Амжилт
  • Эрдэнэ 2018-02-14 10:32:30
    Монгол улсад хөдөлмөр хийдэг хүнгүй учир зөвхөн бөх, дуучид, жүжигчид л хөдөлмөр хийж баатар болдог ажээ. Эсвэл төр бодлогоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжихгүй байн...
    27.123.212.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Т.Эрдэнэ-Очир 2018-02-14 10:24:28
    Дуучин ая зохиогч М.Бямбажавт МУГЖ цол хүртээсэнд талархаж байна. Уг нь үүнээс эрт авах байсан боловуу Уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
  • Бат 2018-02-14 09:06:04
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • зочин  2018-02-14 07:59:49
    монголд шагналгүй хүн үлдсэн үү нэг аймагт 60хүн алтан гадас одон гэхээр аймаар юмаа