”Улаан пальто” УСК удахгүй дэлгэцнээ
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн долоон жилийн өмнө бичсэн зургаан настай Номин охин урьд насны амьдрал, гэр орон, эцэг эхээ тодхон санаж буйгаас үүдэн өрнөх сонирхолтой энэ өгүүллэгээс сэдэвлэсэн  “Улаан пальто” УСК хэдхэн хоногийн дараа дэлгэцнээ амилах гэж байна. “Сэтгэлийн анир”, “Тоорын өнгөт уруул” номуудад нь орсон энэ өгүүллэгийн гол баатар Номин охин урьд насны ээжтэйгээ уулзах эсэх нь  уншигчдад  нь хамгийн сонин байгаа гэнэ.  Өгүүллэгт тодорхой гардаггүй урьд насны ээж нь кинонд Солонго, аав нь Алтай нэртэйгээр “амилж” жүжигчин О.Байгаль  тэр ээжийнх нь дүрд өнөөгийн ээж сувилагч Алимаад МУСТА Т.Өөдөө, хөрш айлын оюутан бүсгүй Минжмаад МУСТА О.Долгор тогложээ. Номин охин урьд насны ээжтэйгээ уулзлаа гэхэд тээж төрүүлсэн эжий Алимаа нь яах бол?

Ингээд "Улаан пальто" өгүүллэгийг уншигчдадаа хүргэж байна.
 
                                        Улаан пальто
                                         Өгүүллэг
 
Тэр нэгэн явдлаас хойш олон он өнгөрчээ. Чухам хэдэн жил гэдгийг ч тоолж үзсэнгүй.

    Би хүүдээ хавар намрын хүрэм авч өгөхөөр их дэлгүүрт явж байгаад тэр нэгэн хачирхам түүхийг эргэн сануулсан тоодгор улаан пальтог олж харсан юм. Хачин юм шүү, тэр пальтог олж харсан тэр л агшинд би өнгөрөн одсон цаг хугацааны эргүүлгийг биеэр  туулан өнгөрөх шиг тийм ер бусын мэдрэмжинд автаж билээ. Ердөө л охин хүүхдийн тоодойсон час улаан пальто шүү дээ. Чухам  Номин охины дүрслэн ярьсан шиг, тэр нэгэн зураг дээр бүдэг бадаг үзэгдсэн шиг, юүдэнтэй, ханцуй, хормой, малгайг нь хошмоглон эмжсэн туулайн үсэн чимэглэлтэй, энгэртээ торгон бүчтэй, тэр бүч нь үзүүртээ мөн туулайн үсэн бөмбөлөгтэй, дэндүү хөөрхөн хийцтэй час улаан пальто байлаа.

    Би тэр пальтог нүд салгалгүй ширтэн зогссоор хэд хэдэн хүний замд тээглэн уцаарыг нь хөдөлгөсөн тул  лангуу руу дөхөн очлоо. Залуухан, аятайхан худалдагч бүсгүй намайг ямар нэгэн юм авах нь гэж горьдон нүүрэндээ хиймэл инээмсэглэл тодруулж, нүдийг нь сүүдэрлэх урт  сормосоо дэрвэгнүүлэн угтав. Би тэр пальтоны үнийг асуух гэснээ болилоо. Энд үнэ цэнэ огт хамаагүй зүйл байлаа. Тэгээд тэр залуухан аятайхан худалдагч бүсгүйн  урмыг хугалж зүрхэлсэнгүй   хэнд ч хэрэггүй бяцхан цагаан ноосон бээлий худалдан аваад холдсон юм.

    Тэсэлгүй нөгөө л пальтог эргэн эргэн харсаар алхахад гарт нэг юм шажигнасан нь өнөөх цасан цагаан бээлийний гялгар уут байлаа. Хатгамал цэцэг навчин чимэглэлтэй охин хүүхдийн энэ бээлийг яахаа мэдэхгүй цүнхэлчихлээ. Хүүдээ хүрэм эрж хайх сонирхол ч алга болжээ. Би дэлгүүрээс гарч бяцхан тохилог кафед орж аяга хүйтэн жүүс захиалаад дурдатгалын мананд автагдав.

    Ингээд би ой дурсамжуудын минь гүнд зүүрмэглэж асан тэр нэгэн түүхийг амилуулан санаж, санаснаа танд ярих гэж байна.

…Тэр намар би хөдөөнөөс их хотод орж ирээд ганц л жилийг үдэж буй, орь залуу, хэтэвч хоосон ч сэтгэл гэж сайхан мөрөөдлөөр баян, алдрайхан  оюутан охин байлаа. Оюутны эхний жилийг би дотуур байранд өнгөрөөгөөд дараа жил нь миний хойноос өсгий даран дээд сургуульд ирсэн бүстэй дүүгийнхээ хамт Баянхошуунд шавар байшин хөлслөн суусан юм. Хааш, хаашаа тавин алхам хүрэхгүй тэр алгын чинээ хашаанд үнхэлцгэн чинээ шавар тагз, дөрвөн ханатай гэр л багтана. Хашааны эзэн ганц бие хөгшинд  байшингийнх нь хөлсийг сар, сард нь өгчихөөд байх юм бол ихэнх эмгэдийн адил илүү, дутуу үгэнд дурлаад байдаггүй хүн байсан юм.

    За, тэгээд тэдний хамар хашаанд ганц охинтой, таван ханатай шинэхэн гэртэй залуухан айл сууна. Тав орчим насны охин нь тайрмал үсээ согсойлгон хашаан дээгүүр өнгийх дуртай. Бумбагар хацар нь эгдүүтэй мөрт нүдэнд нь ямархан нэгэн уйтгар шингэсэн мэт харагддагаас насанд хүрсэн том хүний харц мэт дэндүү хэрсүү   санагдана.

    Ажлаасаа ямагт оройтож ирдэг засварчин ажилтай эцэг нь,   дүүргийн эмнэлэгт сувилагчийн ажилтай эх нь ганц охиндоо амиа тавина. Харин тэр жаал охин эцэг, эхээсээ нэг л хөндий харь юм шиг байдаг нь хөндлөнгийн бидэнд ч анзаарагдам. Намрын нэг орой дүү, бид хоёр түлээ хөрөөдөж байгаад амсхийж суутал хашааны гадуур нөгөө айлын бүсгүй охинтойгоо дүнгэр, дүнгэр ярилцан өнгөрсөн нь анхаарал татаад явчихав. Ээж, охин хоёрын энгийн нэг яриа биш байлаа.

-Миний охин шөнө юу зүүдэлснээ ээждээ яриач. Хашгичаад л байсан.

-Би зүүдээ мартчихдаг. /Охин их л уцаартай дуугарав/

Тэгснээ ээжийнх нь дуу:

-Миний охин ээжтэйгээ хөтлөөч, машин ирж явна.

-Үгүй ээ. Тантай хөтөлмөөргүй байна. Би нөгөө ээжтэйгээ л хөтөлмөөр байна.

Дүү бид хоёр хачирхсан харц солилцов.

-Юу ярьж байгаа юм чи. Тэгдэггүй юм. Чи надаас төрсөн, миний охин. Юунд дэмийрээд байдаг юм? Энэ удаа ээжийнх нь хоолойд цөхөрсөн өнгө сонсогдоно.

-Тэгдэггүй юм, тэгдэггүй юм гээд л… Надад танаас өөр ээж бий, мэдэв үү?

-Битгий дэмий ярь! гээд ээж нь охиныхоо гараас угз татан хүчээр хөтлөөд чирэх шахам явсаар хашаандаа орох нь сонсогдов.

    Заримдаа охин хашааныхаа гадаа тоглож байснаа ажлаасаа ирж яваа эцгийнхээ барааг харчихаад буцаад годхийн орохыг нь би анзаарсан юм. Хүүхэд гэдэг амьтанд эцэг, эхээ хараад угтан гүйх нь жаргал байтал тэр охин аавынхаа  бараанаар анчнаас үргэх янзага мэт гэр рүүгээ  дайжин орчихдог нь хачирхам.

    Энэ бүхэн нь эднийх охиныг өргөж авсан юм байх даа гэсэн дүгнэлтэд дүү бид хоёрыг хүргэж билээ. Ер нь энэ мэтийг нь мэдэхгүй хүнд бол эгэлээс эгэл тэр нэгэн айлынхан санаатай, санамсаргүйгээр дүү бид хоёрын ярианы сэдэв болох нь олонтаа. Нэгэн ням гаригийн бага үдийн үед. Мэндийн зөрүүтэй болоод байсан охины ээж Алимаа эгч орж охинтойгоо ирснээ  хүүхдээ хэсэг харж байхыг надаас гуйв. Эндхийн дэлгүүрээс хавьгүй хямд үнэтэйд нь болж хаа байсан хол хотын төвийн хүнсний захаас юмаа авдаг гэнэ. Айл саахалтын улсад  чадах чинээгээрээ тусалж явахыг ээж минь надад захидаг байсан болохоор би татгалзсангүй. Дүү маань хотын төв рүү кинонд явсан байсан тул  охиныг хань татсандаа  дуртайяа зөвшөөрчихлөө.

-За ашгүй дээ. Миний охин энэ ажаатайгаа томоотой байж байгаарай гэж бүсгүй аргадаж, гуйсан өнгөөр хэлж охины хацар дээр үнсээд гарч одов. Барби хүүхэлдэйгээ сугавчлан урвайж зогссон охин ээжийгээ гармагц дуу шуу орж, нүд нь сэргээд хүүхэлдэйнхээ үсийг самнан тоглож гарав. Би түүнээс хүйтэн юм уух эсэхийг нь асуугаад уншиж байсан номондоо улайрчээ. Маргааш нь юуны ч билээ шүүлэгтэй байсан санагдана.

-Нэг мэдсэн охин миний намхан модон орон дээр барбигаа тэврээд унтчихаж. Хүзүүгээ эвгүй гудайлгасныг нь хараад гоёодчих вий гэсэндээ дэр ивж өгөх гэсэн биш сэрээчихэв. -Ээж ээ! гэж тэр хашгираад нэг их том харсаар өндийв.

-Ээж нь одоохон ирнэ, миний дүү гэтэл

-Тэр чинь миний ээж биш ээ. Би гэртээ очмоор байна. Та намайг гэрт минь хүргээд өгөөч. Би зүүдэндээ өөрийнхөө ээжийгээ харсан хэмээн гуйж, өмөлзөн байснаа миний хүзүүгээр тэврэн  бөх нойрслоо. Өвөр дээр жигдхэн шуухитнах тэр жаахан амьтны тайрмал үсийг би үнэрлэн үнсвэл нялхын сүүний үнэр нь арилаагүй энхрийхэн үнэр анхилж байлаа. Охин унтчихсан ч би бүүвэйлсээр л суув.  Миний зүрхэнд хэзээ нэгэн цагт сэрэхээ хүлээж зүүрмэглэн буй эх хүний зөн сэргэсэн ч юм уу, бүү мэд. Цаг их үд өнгөрснийг мэдээд би сэхээ орж охиныг орон дээр тавиад цай чанав. Ном уншсаар чилсэн нүд, хүүхэд тэвэрсээр хөшсөн биеэ амраан настай хүн шиг сүүтэй цайнд боорцог хөвүүлж суухдаа “Тэр чинь миний ээж биш!” гэсэн охины үгийг огтоос умартаж чадахгүй л байлаа.

Хаалга торхийх чимээ бодлыг хэлхээг минь тасалчихав. Алимаа эгч  байлаа. Авчирсан хүнсээ гэртээ тавьчихаад орж ирсэн ч харваас сөхөртлөө ядарсан нь илт. -Охин чинь унтаж байна. Та суу, цай уу гэж би хөдөөний хүний зочломтгой зангаар цай аягалан, боорцог, хурууд, бор тосны үлдэгдлээр дайлав. Энэ бүсгүйн нүдийг харж суухад “Тэр чинь миний ээж биш. Намайг гэрт минь хүргээд өгөөч” гэсэн охиных нь гуйлт толгойд эргэлдэн, ээжид нь тэр тухай хэлэх үү, байх уу хэмээн эргэлзэж суутал тэр өөрөө ярьж эхэлсэн юм.

-Энэ хүүхэд намайг өөрийнхөө ээж биш. Энэ гэр манай гэр биш. Өөрийнхөө гоё гэрт очъё энэ тэр гэж байна уу? гэж асуугаад аягатай цайгаа тавьснаа гүнзгий санаа алдаж:

-Энэ охин яах аргагүй л надаас унасан хүүхэд. Эх нялхаст би их хүндрэлтэй төрсөн юм. Анхны хүүхэд охин төрлөө гээд л манай хүн бөөн баяр байж билээ. Эрчүүд хүү гэдэг байтал манай хүн тиймгүй. Охиндоо амиа тавьдаг хүн. Ажил нь ч хүнд, машин засдаг юм шүү дээ. Ажлаасаа хэчнээн ядарч ирсэн ч охиноо л гэнэ.  Даанч… Нялхдаа их бишүүрхүү, цочимтгойгоос өөр гаж юмгүй л хүүхэд байсан чинь… Тэр санаа алдан сувилагчийн ажлаасаа болж богинохон зассан хумстай гараа үрчин:

-Хэлд орсноосоо  хойш л хачин болоод эхэлсэн дээ. Уг нь миний охин ой өнгөрөнгүүтээ л яриад эхэлсэн хүүхэд. Хүүхэд, хүүхдээс онцгой. Тэгэхэд аав бид хоёр нь бөөн баяр л болж байлаа. Санаа алдав. Түүний тийн ойр, ойрхон санаа алдах нь, богинохон хумстай хуруунуудаа оролдох нь яриаг нь улам гунигтай болгоно.

-Тэгээд л намайг миний ээж биш гэж яриад эхэлсэн юм. Аавыгаа ч бас тэгнэ. Яваандаа мартагнах болов уу гэтэл үгүй шүү. Гэр орноо голоод л миний гэр биш, манайх олон давхар байшинд байдаг гоё айл байсан. Миний олон гоё тоглоомууд хаа байна? Миний аав компьютерээр юм бичдэг, ээж дандаа ном уншдаг гээд хачин, хачин юм ярьж зовоох юм. Лам хараар зөндөө явлаа, нэмэр алга гээд охиноо унтаагаар нь тэврэн гарч одов.

Тэр ням гаригаас хойш охин надад элгэмсүү болж заримдаа манайд орж ирэн удтал тоглох боллоо. Өвлийн эхээр ээж, охин хоёрын дунд сөргөлдөөн гарч, уйлаан майлаан нь манайд хүрэв. Хаалга онгойж жавар дагуулан уйлсаар охин орж ирэв. Анхны цас малгайлж байхад тэр дан цамцтай гүйж явах юм. Хойноос нь ээж нь улаан өдөн хүрэм барьсаар орж ирэн:

-Чи даарчлаа даа. Юмаа өмс л дөө. Янзын хүүхэд шүү гэж зандрах аядаад над руу хандан:

-Охинд энэ хүрмийг өмсгөчихөөрэй. Чиний үгэнд орж юун магад гэж гуйв.

-Үгүй. Наадхийг чинь би өмсмөөргүй байна. Би гоё улаан пальтогоо өмсөнө. Надад ёстой гоё, улаан, үстэй пальто байсан юм чинь гэж охин эхэр татна.

-Эгч ээ, та наадхаа орон дээр тавьчих. Бид хоёр учраа олъё, тэгэх үү хэмээн би нүд ирмэв. Тэрхэн мөчид жавар тачигнаж байхад  гэрийн дан халадтай яваа хэрнээ охиноо даарчихна хэмээн   хөөцөлдөх эхийн сэтгэлийг би өрөвдөж байлаа. Түүнээс гадна эх, охин хоёрын харилцаа цаанаасаа нэг л хөндий, нэг нь аргадаж, аяыг нь олох гэсэн, нөгөө нь заяасан энэ тавилангаа голсон нэг л сонин уур амьсгал тогтсон нь илт байлаа. Хотынхоон гэж...Эсвэл хөдөөний бидэн шиг ижийнхээ дэргэд, эхийгээ хормойдон өсч, дүү нараа өсгөхөд нь  туслан, ээжийгээ гэх элгэн халуун хайр ээнэгшсэн бүлээн сэтгэл бүрэлддэггүй өдөржин цэцэрлэгт байсаар үр хүүхэд нь ингэж эхээсээ хөндийрчихдөг юм болов уу ч гэж гайхан бодож үзлээ.

    Ээжийгээ гарангуут охин уйлахаа болин зурагтаар кино үзэж суусан дүүг маань нүдээ боож тоглоё хэмээн шалж байгаад хөлсөө бурзайтал хэсэг тоглов. Тэгснээ нөгөө юмаа ярьж гардаг байгаа. Аанай л гоё улаан пальтоныхоо тухай, олон өрөө байранд байх жинхэнэ гэрийнхээ тухай, байрныхаа гадаах цэнхэр гулсуурын тухай, дандаа гадаад явж том, том чемодан дүүрэн бэлэг авчирдаг аавынхаа тухай, урт, урт гоё хумстай ээжийнхээ тухай нүдэнд харагдтал ярив. Тийн шулганаж суухдаа өнөөх гуниг хурсан нүднийх нь санаашрал арилж, ер бусын баяр, хөөрөөр гэрэлтэхийг нь ажиглаад оргүй хоосон тэр ярианд нь яагаад ч юм үнэний хувь байх мэт санагдах болсон юм.  Өдөн хүрэмний хэрүүлээс хойш удалгүй дүн өвөл боллоо. Охин өнөөх гологдмол хүрмээ өмсөөд цэцэрлэгтээ явж, ирж байгаа харагдана. Хааяа манайд орж ирэн хөл хөгжөөн нэмдэг нь хөдөө үлдсэн дүү нараа санасан бид хоёрт ч зугаатай байдаг байлаа.Ашгүй, нэг хэсэгтээ эцэг эхээ зовоосон нөгөө хэцүү яриагаа мартав уу гэлтэй овоо нам болоод байлаа.Гэтэл шинэ жилийн өмнөх өдөр улаан пальтоны хэрэг ахиад л манддаг юм байна. Аав нь охиныхоо хүсэл болсон тэр пальтог нь шинэ жилийн бэлэг болгон авч өгч л дээ. Гэтэл охин голж “Миний пальто биш. Муухай юм байна” хэмээн эцгийнхээ урмыг хугалсан юм байх.

-Чиний  төрүүлсэн энэ хүүхэд намайг тамлаж гүйцлээ гэж хашгираад гарсан нөхөр нь архидаж яваад эрүүлжүүлэхэд баригдчихсан гэнэ.

-Эгч нь явж нөхрөө гаргаж авахаас. Манай уг нь хүн их цайлган хүн юмсан. Гэтэл хүүхэд элдвийн юм яриад байхаар   тэсдэггүй юм байлгүй. Би бол ч яах вэ, тоох ч үгүй л дээ гэж тэр бүсгүй битүүхэн нөхрөө өмөөрөнгүй яриад охиноо манайд орхив.

Ээжтэйгээ хөтлөлцөн орж ирсэн охин нээрээ цоо шинэ улаан пальто өмсчээ. Гэвч шинэ хувцастай боллоо гээд хүүхэд шиг баярласан шинж алга. Пальто нь ч тэр яриад байсан шиг нь гоё малгай, туулайн үсэн чимэглэлгүй юм.

-Миний дүү аав, ижийнхээ авч өгснийг голж болдоггүй юм. Аав нь гомдоод архи уусан байна. /“Чамд” гомдоод гэх гэснээ болив/

-Ээ, та ээж гэхийг ижий гэж дандаа хачин хэлэх юм хэмээн тэр хөхөрснөө харц нь дорхноо төв болж:

-Миний аав хэзээ ч архи уудаггүй юм чинь. Тэр чинь миний жинхэнэ аав биш. Тэгээд л архи ууж байгаа юм гээд охин пальтогоо тайлж ор руу чулуудаад урвайн зогсчихлоо.

-Өө, ямар гоё юм бэ? гэж дүү маань пальтог нь авч өргөснөө:

-Ийм гоё хувцсыг өлгүүрт өлгөдөг байхгүй юу. Агаа  нь чам шиг жаахандаа ижийгээрээ шинэ дээл хийлгэхээрээ айл, айлд орж мялаалгаад л, шөнө унтахдаа тайлмааргүй санагдаад л тийм их баярладаг байлаа шүү дээ. Алив агаа нь дүүгийнхээ гоё пальтог мялаая гээд өнөөхийг нь нөмөргөж байгаад “урд хормой нь унага даага, хойд хормой нь хонь хурга, эд нь хэврэг, эзэн нь мөнх байг ээ” хэмээгээд хадаасанд тохов.

Энэ ерөөл охиныг хөгжөөж:

-Унага, даага, хонь, хурга тэгээд танай хөдөө гэрт зөндөө бий юу. Тоглож болох уу? хэмээн асуултаар булж гарав.
-Миний тэр пальто ямар гоё гэдгийг та хоёрт ярих уу. Тэр чинь малгайтай, малгайндаа, бас ханцуйндаа туулайны үстэй. Улаан туузандаа хөөрхөн бөндгөртэй байсаан. Тэр бөндгөр нь ч бас туулайн үсээр хийсэн гэж ээж хэлсэн. Гэхдээ энэ ээж биш, миний жинхэнэ ээж гэж яриад тэр санаа алдав. Тэгснээ гурил элдэж суусан миний нүүр рүү тонгойн

-Та миний төрсөн өдрөөр бэлэг өгөх үү? гэж тун хөөрхөн асуув.

-Өгөлгүй яахав. Хэзээ юм тэгээд?

Охин арван хуруугаа сарвайлган бумбагар хацраа учиргүй түнтийлгэж, хөмсөг зангидан тоолсноо:

-Тавдугаар сарын таван гэлээ. Дүү бид хоёр хачирхан мөрөө хавчилцав. 

-Чи тэгээд бэлгэнд надаас юу авмаар байна?

-Юу ч авахгүй, танаас ганцхан юм л гуйнаа.

-Юу юм бол доо?

-Та эхлээд тэгнэ гэж надад амла.

-Ажаа нь биелүүлж…

-Та чаднаа. Юу гэж таны чадахгүй юмыг гуйх юм бэ?

-За, за, амлая даа.

-Тэгвэл та намайг миний гэрт дагуулаад очооч. Хаана байдгийг нь би мэднэ. Циркийн баруун талд, гоё төмөр хашаатай улаан байшин...

Би юу гэхээ мадахгүй таг болж дэмий л дүү рүүгээ асуусан, тусламж эрсэн харц илгээв.

-Хэзээ тийм бэлэг байсан юм. Болохгүй гэж дүү намайг ацан шалаанаас аврах санаатай дуугарав. Гэвч тэр дүүгийн маань үгийг ёстой нохой хуцахын чинээнд тоосонгүй:

-Та надад амласан. Тийм ээ. Би гэртээ очно, гоё доо гэж дэвхэцсэнээ:

-Та хоёр манай аав, ээжид хэлж болохгүй шүү хэмээн долоовроо хошуундаа хүргэх нь эгдүүтэй ч, дүү маань энэ тоглоомд талгүй байгаа нь илт хөмсөг зангидсан харагдана.

    Сүүлд би яриан дундуур охины төрсөн өдөр наадмын дараа өдөр тохиодгийг эхээс нь мэдсэн билээ. Гэвч нялх амьтанд би нэгэнт ам алдчихсан хойно хэлсэндээ хүрэх л хэрэгтэй байлаа. Томчууд амласандаа хүрэхгүй бол хүүхэд хэчнээн энэлж, шаналдгийг өнөөхөн мартаж амжаагүй яваагийн хувьд охиныг яаж ийгээд “гэрт” нь нэг аваачна гэж өөртөө амлан, тэгвэл тэр бяцхан амьтны сэтгэл нь амарч элдвийг бодож зовохоо болих ч юм билүү л гэж би бодсон юм. Хавар болов. Хашааны ёроолоор хурц өнгөтэй нялх ногоо цухуйн, ирж яваа баясгалант зуныг урина.

Тавдугаар сарын таван боллоо. Ашгүй амралтын өдөр таарчээ. Охины ээжид юу гэж хэлж хүүхдийг нь дагуулж явнаа хэмээн дотроо элдвийн юм зохиож суутал:

-Ээж хүнсний зах явах гэж байна. Хоёулаа явах уу? гэсээр бөөн хөөр орж ирэв. Орон дээрээ гараа салаавчлан хэвтэж байсан дүү над руу зэмлэнгүй хялайхад нь би мөрөө хавчив. Эцэг, эхийн үгийг хууль мэт дагаж ирсэн хөдөөх хүмүүжил нь тэр охины ээж, ааваа зовоосон элдвийн ааш, этгээд яриа, ялангуяа түүнийг нь өөгшүүлсэн миний тэрслүүд амлалтыг таашаахгүй байгаа нь илт.

Гэвч би хувцаслан охиныг дагуулаад гарав. Хоёр ч автобус дамжин явсаар гоёмсог, цэмцгэр хотхонд дөхөж ирлээ. Автобусны буудлын хөл үймээн дунд би золтой л охиныг алдчихсангүй.

-Тэр манай байшин. Тэр тэр, та харав уу? хэмээн тэр дэвхцэнэ.

-Манай аав, ээж хоёр намайг таних болов уу. Миний жинхэнэ нэрийг Номин биш Саяана гэдэг юм, за юу. Би урд нь нэрээ хэнд ч хэлдэггүй байсан. Тэр чинь өндөөр уулын нэр байхгүй юу. Тэр уулын зураг манай зочны өрөөнд бий. Би гэртээ ороод ээжийнхээ хүзүүгээр нь тэврээд ”Би Саяана охин чинь байна” гэж хэлнэ. Тэгээд тоглоомон байшиндаа орно. Надад гоё тоглоомон байшин байдаг. Дотор нь ордог байшин. Би зүүдэндээ л гэртээ очдог юм хэмээн зогсолтгүй ярьсаар явлаа. Надад хэлэх юм олдохгүй бодлогошрон алхсаар...

Бид тэдний байшингийн хашаанд тулж зогслоо.

Охин:
-Тэр манай цонхнууд харагдаж байна гэж зааснаа:
-Хүүе “манайх” хөшгөө сольчихсон байна гээд зогтусна. Би ч зогтусав. Ингэхэд би чинь айлын нялх хүүхдийг эцэг, эхэд нь хэлэлгүй дагуулаад яах гэж яваа хүн билээ  гэсэн асуулт хөл тушив. Учир мэдэхгүй хүүхдийн үгээр үг хийн юу бодож ингэж явна гэж би өөрөөсөө сая сэхээ орсон мэт асуув. Хөдөө бол “хүүхдийн үгээр үг хийхийг” цээрлэдэг бус уу. Хүүхдүүдийг томчуудын ярианд оролцохыг хорино. Хүүхдүүд эцэг, эхдээ ямар нэг хов хүргэж зүрхэлдэггүй. Ховлоод юу ч олж долоохгүй. Хэрэв хэн нэг том хүн ховыг нь сонсоод хэл үг хийвэл “хүүхдийн үг”-ээр үг хийлээ гэж амьтан муу хэлнэ.

Гэтэл би…

-Явъяа. Манайх тэр орцонд байдаг хэмээн охин гараас чангаана.

-Чи хаалгаа мэдэх юм уу?

-Мэднээ. Нэг давхарт баруун талын хаалга. Хонх нь ёстой гоё, шувуу жиргэх шиг дуугардаг.

Охины ярианд үнэний хувь улам нэмэгдсээр. Улам л барин тавин бодитой болох шиг...

Тэгээд бид хоёр тэр айлд орлоо гэж бодъё. Гэрийн эздэд нь юу гэж хэлэх билээ. Энэ охин өөрийгөө танай охин гэнээ гэвэл намайг Шар хадны сэтгэцийн эмнэлгээс оргож яваа өвчтөн гээд дуудлага өгөх байлгүй. Эзгүй л байгаасай хэмээн би тэндээс энэ хүртэл охиныг дагуулж ирсэн хойноо зүрх алдав. Охин орцны хаалганы кодыг хүртэл сайн мэдэж байлаа. Тэр надаас түрүүлэн гүйж  улаан хүрэн төмөр хаалга налан зогсч байлаа. Хонхонд нуруу нь хүрэхгүй намайг хүлээн зогсоо нь тэр. Би эргэлзэн, тээнэгэлзэх сэтгэлийнхээ хил хязгаарыг арай ядан давж, халуун данхны бөөрөнд хүрэх гэж байгаа мэт халган, халган хонхны товчлуурт хүрэв. Шувуу жиргэх шиг чимээ сүүлчийн буун дуу мэт намайг цочоов. Гэвч аз болж хэн ч хаалга тайлсангүй. 55 гэсэн дугаартай зузаан төмөр хаалга таг чимээгүй дүнсийнэ. Охины нүд сэтгэл эмтэлсэн гунигаар дүүрч тэр төмөр хаалгыг налан зогссон хэвээр том, том нулимс бөмбөрүүлэн мэгшиж гарлаа.

-За, миний дүү хоёулаа гаръя. Энэ айлд хүн алга гээд би Номинг хөтлөн  гарахдаа учир мэдэх том хүн атал энэ хүртэл “хүүхдийн үг”-ээр үг хийн өөрийнхөө үйлдсэн тэнэглэлд харуусахын ихээр харуусан, зүрх базалж явлаа.

-Тэр гулсууран дээр очно. Тэнд миний  туулайтай нууц байгаа гэх зангирсан хоолойд би шууд захирагдан охиныг тэвэрсэн хэвээр дөртэй үхэр мэт дуулгавартайгаар тоглоомын талбайг зүглэлээ. Цэв цэнхэр, шав шар өнгө тодхон хосолсон хөөрхөн гулсуурын дэргэд очмогц тэр миний тэврээс гулсан буугаад дэгдэн одов.Би явган сандлын дэргэд очуут өвдөг тахисхийн нугарч өөрийн мэдэлгүй суун туслаа.

-Бас л шороо шуурах нь. Энэ тэнгэрийг… гэх дуунаар хажуудаа суугаа хар бүрхтэй дэгжин хөгшнийг анзаарав.
-Харин тийм ээ гэж би үгийг нь дагуулаад:

-Эмээ, та гуравдугаар орцны 55 тоотод ямар айл суудгийг мэдэхгүй биз? хэмээн лавлав.

Хөгшин над руу хотын хүний үл итгэгч зангаар сэрэмжлэнгүй харснаа энэ ч гэмгүй амьтан байна даа гэж бодов бололтой.

-Миний үеийн хоёр хөгшин бий дээ. Хүүхдүүд нь гадаадад суудаг юм гэх нь хуучлахаас буцахгүй юм шиг санагдав.

Энэ үеэр Номин:
-Ажаа, миний нууцыг хараа гэсээр гүйж ирэв. Нүд нь гэрэлтэнэ. Дух нь хөлөрчээ. Бяцхан алгаа тэнийлгэхэд нь хүүхэд зурсан нь илт том жижиг чихтэй туулайн зураг  байлаа. Тууалайтай нууц гэдэг нь энэ байж. Би багадаа хэдэн жилдээ нэг хотод ирэхдээ үеэлтэйгээ тоглодог байснаа санав. Хотын охид газар ухаж янз, янзын зураг хийгээд шилээр даруулан таглаж шороонд булснаа нууц гэж тоглодогсон. Би гэртээ хариад түүнийг дууриан нууц хийх гэж өвөлжөөний хөлд бууц  малтаж суугаад ээжид баригдаж “газар сэндийллээ” хэмээн зад загнуулж билээ. Охины яриад байсан бүгд үнэн байсан юм гэж үү. Намайг багад хүүхэд хэлд ортлоо урд насны явдлаа санадаг юм гэнэ лээ гэж эмэг ижий минь ярьдагсан. Гэтэл энэ хүүхэд хэлд орсон атал урд насны амьдралаа ийм тов тодхон санасаар явна гэж үү. Балчир хүүхдийн гэнэн хонгор, этгээд гаж ааш зангийн үр биш, элдвийн сонин хачин зүүдний явдал ч биш, үнэхээр бодитой,  болж өнгөрсөн амьдралаа  яриад байсан хэрэг байх нь. Тэр “туулайтай нууц”-ыг нь хараад ар нуруугаар нэг юм арвалзах шиг болж эвгүйцсэнээ нууж чадсангүй, түүнийг өөрөөсөө холдуулахын мөн болж:

-Тэр гулсуураар дахиад нэг гулгахгүй юу хэмээн бараг л хөөж явуулж байж хэсэгхэн  санаа амрав.

-Тэнд, тэр айлд нэг иймэрхүү жаахан охин байгаагүй юу гэж намайг асуухад эмээ нүдний шилээ учиргүй нямбайлан зүлгэх зуур:

-Үгүй ээ. Хөвгүүдтэй. Хоёр хүүтэй айл гэв.

-Миний таньдаг нэг айл тэнд чинь урьд нь байсан санагдах юм. Тав зургаан жилийн өмнө байх аа хэмээн би яриаг аажуухан залав.

-За байз. Манайх чинь энэ байрны анхны айлуудын нэг байгаа юм.Нээрээ тийм байх шүү. Эднийхээс өмнө залуухан хүүхдүүд байснаа зараад нүүсэн юм байна.

-Тэр айлд чинь охин байсан биз дээ?

Асуулт минь байцаалтын маягт шилжлээ.

-Нээрэн тийм.Улаан пальтотой жаахан охин байснаа машин доогуур орчихсон дуулдсан, хөөрхий. Тэднийх хүүхдээ алдаад удаа ч үгүй байраа зараад нүүсэн дээ. Аа,  чиний асуугаад байгаа айлын хөгшид тэр ирж явна гэснээ надаас залхсан нь илт босоод явчихлаа. Охин инээчихсэн гулсуур дээр ганцаараа суугаа харагдана. Хүн урд насны амьдралаа ингэж тов тодхон, бүрэн дүүрэн санаж болно гэж үү? Аймаар юм. Бурхан ч юм уу, байгаль эх хаана нь алдаа гаргачихсан юм бол доо.Би шийдэмгий босч охиныг дуудан дагуулсаар “гэр”-ийнх нь хонхыг дарлаа. Шувуу жиргэх мэт дуу гарч харваас сайхан зантай, цагаан толгойтой хөгшин хаалга тайлав.

-Ах аа, би дүүтэйгээ найзындаа ирсэн чинь гэрт нь хүн байдаггүй. Дүүгээ бие засуулж болох уу?

Хоромхон зуур миний зохиож амжсан худал шалтагт тэр хүн хормын төдий ч эргэлзсэнгүй.

-Тэг, тэгэлгүй яахав гэж найрсагаар хэлээд бид хоёрыг гэртээ оруулав.

Зэсэн шаргал өнгөөр өвч тохижуулсан олон өрөөтэй уужим тансаг байр байлаа. Би тэр  гоё  айлын шалан дээр шороотой гутлаараа гишгэчихээс зовсондоо  үүднийх нь өрөөнд зогссоор хацроход охин ухасхийн зүүн тийш огцом эргээд алга болов. Гэрээсээ өчигдөрхөн гараад өнөөдөр орж байгаа мэт байрлалыг нь яг таг мэдэж байгааг нь би гайхсангүй. Харин энд нэгэн цагт болж өнгөрсөн гашуудалт явдал  эх үрийн хагацал, хүүхдийн цаг бусын эмгэнэлт үхлийн амьсгаа мэдрэгдэх мэт  гэнэт сэтгэл шимшрүүлсэн хүв хүйтэн гуниг зүрхийг минь ороогоод авах шиг болно. Ашгүй цаад өрөөнөөс зузаан, гоёмсог гэрийн халад өмссөн эхнэр нь гарч ирэн намайг зөөлөн чихрээр дайлснаар тэр ёоз муутай, аймшигт мэдрэмжийг үргээж билээ. Номин гартаа нэг зураг барьчихсан инээмсэглэн гарч ирээд гал зуухных нь баруун талын хаалга нь хаалттай нэгэн өрөө рүү өөриймсгөөр шагайж:

-Хүүе, хэн миний өрөөний ханын цаасыг сольчихсон юм. Гэрэлтдэг од нь хаачсан юм? хэмээн ундууцахад нь би сэхээ орж:

-Манай дүү ингээд л залж гардаг хүн байгаа юм. За хоёулаа явъя гээд санаа зовсондоо түүнийг хаалга руу чирэв.

-Зүгээр, зүгээр. Хүүхэд ийм насандаа тэгж л байдаг юм хэмээн гэрийн эзэн ивээнгүй хэлээд:

-Миний ач нарын өрөө л дөө гэв.

Тэр айлаас гарангуут би охиныг өмнөө зогсоогоод өөрөө явган сууж нүд рүү нь ширтэн:

-Танайх нүүгээд явчихаж. Одоо өөр айл энд амьдардаг болсон. Харав уу? Өнгөрсөн юм хэзээ ч эргэж ирдэггүй юм. Одоо чиний нэр Номин. Чи энд амьдарч байснаа, Саяана нэртэйгээ бүгдийг нь мартах хэрэгтэй. Зүүдэнд чинь зүүдлэгдээд байсан ч мартах хэрэгтэй. За юу. Мартана гэж ажаадаа амлаж чадах уу? гэж тулган асуув. Түүний наснаасаа илүү хэрсүү харц нэгийг ухаарах шиг болж:

-За амлая гэж аяархан шивнэлээ.

-Миний дүү ахиад аав, ижийгээ гомдоож болохгүй шүү. За юу. Тэр жуумалзах нь өнөөх миний хөдөөний аялгаар “ижий” гэж хэлдгийг шоолж буй нь илт. Тэгснээ нэг юм нуух мэт хоёр гараа ардаа барьсаар байснаа над руу сарвайн:

-Би худлаа яриагүй шүү, танд.   Та миний энэ зургийг хараач гээд нөгөө айлаас авч гарч ирсэн зургаа өгөв.

Жорлонгийн өрөөнийхөө арын шүүгээний нэг хавтанг сугалан бас нууцаа хийдэг байсан юм гэнэ. Энэ зургийг тэндээс олж авчээ.

Дахиад л миний нуруугаар нэг хүйтэн юм гүйх шиг болж тайлбарлаж үл болох байгалийн нууцын өмнө миний охорхон ухаан хүчин мөхөсдөхийг мэдэрлээ. Тод шар, цэв цэнхэр хосолсон өнөөх гулсуурын дэргэд инээмсэглэн зогсох улаан пальтотой охин, явган суусан ээжийнхээ хүзүүгээр тэвэрснийг нэлээд  холоос авсан гэрэл зураг. Номинг бодвол арай өндөр зэгзгэр тэр охины төрх түүнтэй их адилхан ч юм шиг , ээж нь их л дэгжин эмэгтэй ажээ.   Холоос авсан зураг байсан болохоор санаа дагаад  Номинтой төстэй   харагдсан ч байж мэднэ.

Би зургийг харж удаан зогсов. Тэгээд халаасандаа хийж:

-Чи надад юу гэж амлалаа? гэж ширүүхэн асуув.

-Дахиж урд… насныхаа тухай ярихгүй гэж…

Охин үнэхээр амласандаа хүрч чадсан эсэхийг бүү мэд. Лав л миний дэргэд дахин элдвийг ярьж эхийгээ зовоогоогүй юмдаг.

Удалгүй оюутны амралт эхэлж, дүү бид хоёр тэндээс нүүсэн. Дараа намар нь харин дүүгийнхээ найзуудтай нийлж нэг өрөө байр хөлсөлсөн тул дахин Баянхошуунд очоогүй. Цэвэр тохилог орон сууцны хороололд суух болсон бидэнд тэндхийн тоос, шороо пургисан утаат гудамж дорхноо мартагдсан биз. Харин хожим нь миний философийн ч билүү номны завсраас өнөөх улаан пальтотой охины зураг гарч ирснийг дүү шатаачихаж билээ. Сургуулиа төгсөөд би ханьтайгаа учран , хүү төрүүлж цаг хугацааны тоосонд дарагдсан улаан пальтоны явдал, адал хачин зантай Номин охин ч  өнөөдрийг хүртэл бараг мартагдаад байсан юм. Номингийн хувьд өнгөрсөн бүхэн хэзээ ч эргэн ирдэггүйг ухаарсан болов уу гэж би одоо найдаж сууна. Харин энэ насныхаа тавилантай ч эвлэрч үл чадан энэлэн санадаг байсан тэр...урьд насных нь ижийтэй уулзуулсан бол яах байсан бол...?гэсэн бодол дурсамжийн гүнд шургалаад байлаа...

Улаан пальтоны тухай миний өгүүлэх түүх энэ л юм даа...

2007 он Төв аймаг Эрдэнэ сум Цонжин болдогийн амралт
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.