“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв“-ийг байгууллаа

"Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв"-ийг Нийслэлийн Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд байгуулж, нээлтийн арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтсийн дарга С.Дамбий, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Швейцарын хөгжлийн агентлаг, Хамтын ажиллагааны дэд захирал, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Илариа Дали, БГД-ийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа болон бусад албаны хүмүүс оролцов.

Уг загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучуудыг идэвхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэ үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм байна. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах аж.


 

Нээлтийн үеэр Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяр "Манай дүүрэг нийслэлдээ анх удаа "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв"-ийг байгуулж ашиглалтад оруулж байна. Залуучуудаа дэмжиж ажиллах нь бидний гол зорилгын нэг. Загвар төвийн хувьд олон улсын стандартын шаардлага хангасан ийм төв байгаа.

Тус төвийн оролцоотойгоор залуучууд өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох боломжтой болно. Сургалтанд хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж мөн бүрдэх юм" гэлээ.


 

Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр: "Загвар төвийн хувьд 15-34 насны залуучуудыг илүү хамруулж ажиллах бөгөөд үүнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй залуус хамрагдах боломжтой болж байгаа. Үүнээс гадна гарааны бизнес эрхлэх сонирхолтой байгаа залууст мөн загвар төвөөс чиглүүлэг өгч, дүүргээс Хөдөлмөрийн хэлтсээс тэднийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг эхлүүлээд явж байна. Энэхүү үйл ажиллагааг Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хэрэгжүүлж байна. Загвар төвд шаардлагатай тавилга, компьютер хэрэгсэлд Төслөөс нийт 31 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төвийн ажилтнуудыг шат дараалсан сургалт, чадавхи бэхжүүлэх арга хэмжээнд хамруулж байна. Загвар төвд залуучууд маань өөрт хэрэгтэй мэдлэг, мэдээллийг олж авахаас гадна өөрийнхөө үеийн залуустай харилцах, тэднээс мөн туршлага судлах боломжтой." хэмээв.





























olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.