Япон эмэгтэйчүүдээс суралцах зүйлс

-Японд 10 гаруй жил амьдарч буй монгол бүсгүйн зөвлөгөө-
 

1. Нарнаас арьсаа хамгаалах



Эрүүл, чийрэг бор арьс гоё хэдий ч Японд эсрэгээрээ цагаан тусмаа сайхан. Япон бүсгүйчүүд арьсаа наранд гаргах маш дургүй, халуун зунаар ч гэсэн ханцуйтай хувцас өмсөж, шүхэр, малгай, маск, нарны шил, бээлий гээд янзтай хамгаалалттай явна. Нарны тосны төрөл, зүйл нь тоймгүй их. Учир нь нарны хэт ягаан туяа нь арьсийг эрт хөгшрүүлж, сэвх толбо үүсгэдэг.

2. Толигор арьс




Настай япон эмэгтэйчүүд үрчлээ багатай, толигор арьстай байдаг. Үүнд уур амьсгал, хооллолт нөлөөлдөг л байх, гэхдээ л арьс арчилгаанд маш их анхаардаг. Нэг танил эгч маань арьсаа гоё байлгах хамгийн энгийн арга бол "чийгшил, чийгшил бас дахин чийгшил" гэсэн юм. Арьс арчилгааны бүтээгдэхүүний үнэ, бренд хамаагүй хамгийн чухал нь өөрийн арьсанд таарсан, сайн чийгшүүлж өгдөг бас болж өгвөл химийн элдэв найрлага багатайг сонгож зөв дарааллаар, тогтмол арчлах ёстой юм байналээ.

3. Ширээний урлаг



Хоолны амтнаас гадна өнгө үзэмж маш их чухал. Япон хоол өөрөө их олон жижиг аяга тавганд тус тусдаа бэлтгэгдсэн, өнгө үзэмж сайтай байдаг. Энэ соёлтой нь холбоотой юм болов уу хоолны ширээгээ их бодож бэлддэг. Өдрийн хоолоо саванд бэлдэж ирдэг эмэгтэйчүүд их байдаг бөгөөд тэр нь хүртэл заавал ногоон, улаан, шар гэх мэт бүх өнгийг багтаах гэж хичээсэн байдаг.

4. Эрүүл хооллох

Дэлхий даяараа эрүүл хооллох, минимализмр үү хошуурч байгаа. Би бараг аль аль нь Японоос эхлэлтэй юм болов уу гэж боддог. Япон хоолнууд тухайн цаг үед боловсорч байгаа ногоо, хүнсийг түлхүү хэрэглэдэг. Жишээлбэл хаврын хүнс нь байцаа, манжин, буурцаг, гүзээлзгэнэ, жүрж, өндөг гэх мэт. Хоолны менюндээ ногоо, жимс заавал оролцуулахыг хичээж уураг, витамин зэргээ тооцож их тэнцвэртэй хооллодог. Дунд, ахлах сургуульд нь энэ талаар хичээл ордог нь бас холбоотой байх.

5. "Нэмэлт цүнх"



Япон хүмүүс том жижиг, эр эмгүй ачаанд нэг их түүртдэггүй санагддаг юм. Ихэнх эмэгтэйчүүд 2 давхар цүнхтэй явдаг. Нэг нь ажлын, нөгөө нь "элдэв юмны" гэж нэрлэж болох юм. Даавуун нэмэлт цүнхэндээ голдуу савтай хоол, ус цай, косметик, эко тор, гарын алчуур хийсэн байдаг нь ажлын цүнхээ муухай болгохгүй, хэлбэрийг нь эвдэхгүй бас хэт хүнд юм барихгүй гэж тэгдэг байх. Longchamp шиг аль алинд нь хувирч болохоор, бүх зүйлээ хийчихээр цүнх их барьдаг.

6. Туфль




Япон эмэгтэйчүүд ээж болтлоо туфлийг өвөл зунгүй өмсдөг. Их сургуульд найз охидууд маань өдөр болгон л туфльтэй ирдэг байлаа. Ажилд орсон ч ирж очихдоо пүүз, намхан гуталтай харин ажлынхаа шүүгээнд солих туфльтэй байдаг. Бас хөлөөрөө их чийрэг байдаг нь багад нь хөл нүцгэн өсгөдөгтэй нь холбоотой байх. Миний хоолой аль хэдийнэ өвдчихөөр хүйтэнд дан шилэн тиркотой туфльтэй гүйж байдаг юм. Өсгийтэй гутал өмсөхөөр эмэгтэй хүн өөртөө итгэлтэй болж, алхаа гишгээ маань хүртэл цэгцэрдэг шүү.

7. Мөнгөндөө арви гамтай байх

Мөнгөний үнэ цэнийг их мэддэг, мөнгө эд юмандаа их арвич санагддаг. Хэрэггүй зүйл сэтгэлийн хөөрлөөр авахгүй, хоол захиалсан ч үлдээж асгадаггүй. Бүр дотны найз нөхөд биш бол мөнгө төгрөг зээлэхгүй. Хүнд дараа болохоор их үнэтэй том бэлэг өгөхгүй гэх мэт. Бас санхүүгээ хөтөлдөг нь их сурмаар зуршил санагддаг.

8. "Иж бүрэн тоноглол"

Би нэг удаа хумсаа хугалчихав аа. За орой харьтал ингээд өвдөөд явах нь гэж бодоод ажлынхаа эгчээс хумсны хутга байна уу гээд асуусан чинь цүнхээ ухаад гаргаад өгсөн юм. Утас, түрийвч, дэвтэр, үзэг гэх мэт зайлшгүй хэрэгцээнээс гадна ямар нэг үед хэрэг болох шархны лент, нойтон хуурай салфетик, косметик, толгойны эм, эвхдэг шүхэр, маск, бүр нөөц шилэн тирко, чихэр, халдаг наалт гэх мэт бүрэн тоноглолтой явдаг нь гайхмаар.
Гэртээ ч гэсэн аюул осол, байгалийн гамшигийн үед аваад гарахад бэлэн emergency kit-тэй байдаг.

9. Маскыг хэрэглэж занших



Ханиадтай, аллергитэй үедээ бусдад халдаахгүйн тулд, бас өөрийгөө сэргийлэхийн тулд маск их зүүдэг. Манайх шиг хуурай уур амьсгалтай оронд хоолой өвдөх, ханиад хүрэхдээ зүүгээд заншвал эдгэх нь хурдан, тархах нь арай бага шиг санагддаг юм. Маск зүүхээр хоолой чийгшдэг шүү дээ.

13 жил Японд амьдраад ажиглагдсан ерөнхий зүйлсээ яг одоо санаанд орж байгаагаар нь бичлээ. Мэдээж улс үндэстэн, эрэгтэй эмэгтэй гэлтгүй ганц хувь хүнд ч сайн муу, авах гээх тал байдгийн адилаар бүх Япон эмэгтэйчүүд ийм гэж бичээгүй юм шүү...

Эх сурвалж: With love, Masha

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-03-02 01:29:56
    Дажгүй бичсэн байна.Нар мэдээж эрүүл мэндэд сайн талтай ч бас муу талтай.Эмэгтэй хүн бол нүүр,гараа нарнаас хамгаалж чадвал үрчлээ,сэвхтэлтээс айхгүй байж болно...
  • Bilgee 2018-02-27 17:50:38
    #1-tei sanal niilexgyu ee. Narnaas mash chuxal vitamin D abdag. Bi sebxtei byr nyyrendee xairtai daa. Busad ni bol bolj bnaa.
  •  2018-02-27 14:25:08
    Бид япончуудаас илүү, ямарч талаараа аль ч талаасаа илүү илүү. засгийн халаасанд сууж байгаа муу хүмүүсийн гайгаар л доош ороод байна.