Европын холбоонд аль улс хамгийн өндөр цалинтай вэ

Европын холбоо хөдөлмөрийн нөхцөлийн хувьд харилцан адилгүй улс орнуудын нэгдэл гэдгээ дахин харууллаа. Энд Зүүн болон Өмнөд Европ нь баруун болон хойд хөршүүдээсээ цалингийн доод хэмжээний хувьд эрс хоцрогдмол байгаа аж. Үүнийг Евростатын мэдээлэл батлан харуулж байна.

Европын холбооны Статистикийн газар улс орнуудыг цалингийн доод түвшнээр нь гурав ангилжээ. Эхнийхэд нь зүүн Европын 10 улс орсон байна. Тэдгээр 10 улсын цалингийн доод хэмжээ Европын холбоондоо хамгийн багад тооцогддог.

Тухайлбал, Болгар улс 2018 оны нэгдүгээр сарын байдлаар цалингийн доод хэмжээ нь 261 евро байж, хамгийн цалин багатай оронд орсон байна. Дараа нь Литва 400 евро, Румын 408 евро, Латви 430 евро, Унгар 445 евро, Хорват 462 евро, Чех 478 евро, Словак 480 евро, Эстон 500 евро, Польш 503 еврогоор бичигджээ.

Европын өмнөд хэсэгт орших таван гишүүн орны цалингийн доод хэмжээ сарын 600-900 евро байгаа тухай Евростат тэмдэглэжээ. Тухайлбал, Португал 677 евро, Грек 684 евро, Мальт 748 евро, Словени 843 евро, Испани 859 евро байна.

Тэгвэл хойд болон баруун хэсгийн улс орнуудын ажилчид цалин, хангамж илүү сайн. Их Британид л гэхэд цалингийн доод хэмжээ нь 1401 евро байна. Тэгвэл Герман, Францад 1498 евро, Бельгид 1563 евро, Нидерландад 1578 евро, Ирландад 1614 евро байдаг. Үнэмлэхүй лидерээр Люксембург сарын 1999 еврогоор тодорчээ.

Евростат мөн АНУ-ын цалингийн доод түвшнийг харьцуулан үзжээ. Тус улсад 2018 оны нэгдүгээр сарын байдлаар цалингийн доод хэмжээ нь 1048 евро байна. 2018 оны нэгдүгээр сарын 1-нд Европын холбооны гишүүн 28 орон цалингийн доод хэмжээгээ тогтоогоогүй байна. Тэдгээр улсын тоонд Дани, Итали, Кипр, Австри, Финлянд, Швед оржээ.

Дашрамд тэмдэглэхэд Зүүн Европын орнуудад сүүлийн 10 жилийн дотор цалингийн доод хэмжээ 1.5-3 дахин нэмэгдсэнийг хэлэх нь зүйтэй. Гэвч энэ нь баян орнуудын ялгааг бага зэрэг л арилгажээ. Польш улсад л гэхэд 2008 онд цалингийн доод хэмжээ нь 313 евро байсан нь Бельгийнхээс 4.2 дахин бага байсан гэсэн үг юм. Тэгвэл өнөөдөр энэ хоёр улсын цалингийн ялгаа 3.1 дахин зөрүүтэй байна.

Европын холбооны орнуудаас цалингийн доод хэмжээ нь сүүлийн 10 жилд өсөөгүй ганц улс байгаа нь Грек юм. 2008 онд тус улсын нэг ажилтан дор хаяж 764 евро авдаг байсан бол 2018 оны эхээр 684 евро болон буурчээ. Энэ нь Грек улс олон жилийн турш эдийн засгийн хямралд байгаатай холбоотой. 2008 оноос эхлэн тус улсын ДНБ тасралтгүй унасан. Харин 2014 онд л бага зэрэг өсөлттэй гарсан билээ. 2011 онд ДНБ 9.1 хувиар унасан бол 2012 онд 7.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн жилийн ДНБ-ий үзүүлэлт байхгүй ч таамгаар бол 1.5-1.8 хувийн өсөлттэй гарах ёстой байв.

Шинэ зуун гарснаас хойш Европын холбооны нэг ч улс ийм хэмжээний хямралыг амсаж байгаагүй юм. Грект энэ бүх асуудlыг ихэнх нь зээлдэгчид буюу ОУВС, Европын холбооноос өгсөн эдийн засгийн хатуу бодлогын үр дүн гэж үздэг.

Евростат цалингийн асуудлыг өөдрөг бус мэдээлэл болгохгүйн тулд зүүн, өмнөд, баруун, хойд улсуудын хоорондын цалингийн ялгааг худалдан авах чадвартай нь харьцуулбал харьцангуй аятайхан гарна гэж мэдээлжээ.

Гэвч Зүүн Европын иргэд энэ үгэнд итгэхгүй байна. Учир нь энэ хэсгийн хөдөлмөрийн насны ихэнх иргэд цалин сайтай газар руу гарч байгаа бөгөөд Бельги, Германд ихэвчлэн хүүхэд төрүүлж байна. Тухайлбал, Болгарын хүн ам 2008 онд 7.5 сая хүнтэй байсан бол 2017 онд 7.1 сая болон багассан. Латвийн хүн ам 2.2 саяас 1.95 сая, Литвийн хүн ам 3.2 саяас 2.85 сая болон буурчээ. Румын улс энэ хугацаанд сая хүнээ алдсан бол Хорват 154 мянга, Польш 118 мянган хүнээр багасчээ.

Европын холбоо доторх цагаачлалын үөд улс орнууд ихэнх иргэдээ өөрсдийн байнгын хүн амд тооцдог. Гэвч тэдгээр цагаачдын олонх нь Польшийн Слупск, Литвийн Зарасай, эсвэл Болгарын Петричдээ эргэн ирэхгүй нь ойлгомжтой юм.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.