Ж.Ассанж Эквадорын элчин сайдын яамыг орхино
Хоёр жилийн өмнөөс Их Британийн Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яамны хамгаалалтад байх болсон Америкийн гадаад харилцааны нууц бичиг баримтыг удаа дараа интернэтээр дэлгэсэн “Викиликс” сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанж уржигдар хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийж, ойрын хугацаанд тус яамнаас явахаар болсоноо зарлажээ.
 
Тэрбээр, хэвлэлийн бага хурлын үеэр “Ойрын хугацаанд элчин сайдын яамыг орхино” гэж хэлсэн ч, чухам ямар шалтгаантай, хэзээ явах талаар тодорхой тайлбар хийгээгүй байна. Их Британийн мэдээллийн цахим сайтууд Ассанжийн эрүүл мэндийн байдал муудаж, уушигны өвчин нь архагшиж, улмаар цусны даралт нь байнга ихсэх болсон тул эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэж мэдээлж байсан юм.
 
Гэвч, Викиликсийн төлөөлөгч Кристин энэ мэдээллийг эрс үгүйсгэсэн бөгөөд “Жулиан Асанж өмнө нь хэлж байсанчлан, Их Британийн Засгийн газар амлалтдаа хүрсэний дараа Эквадорын элчин сайдын яамнаас явахаар төлөвлөж байгаа” гэж ярьжээ. Хэвлэлийн хуралд Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патино ч мөн оролцсон байна. Тэрбээр Ассанжийн төлөвлөгөөний талаар нэг ч зүйл дурьдаагүй ч, түүний хэрэгтэй холбоо бүхий орнуудын Засгийн газарт хандан “Одоогийн нөхцөл байдалд цэг тавих хэрэгтэй байна. Хоёр жил гаруй хугацаанд үргэлжиллээ шүү дээ. Манай улс түүнийг дахин хамгаалалтад авахад бэлэн байгаа. Жулиан Ассанжийн эрхийг ноцтойгоор зөрчиж буй энэ байдлын шийдлийг олохын тулд Их Британийн Засгийн газар болон Шведийн Засгийн газартай хэлэлцээр хийхэд бэлэн байна” хэмээв.
 
 Шведийн шүүх Ассанжийг хоёр эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт сэжиглэж байсан ч, тэрбээр батлан даалтад байхдаа оргож, 2012 оны зургадугаар сараас Их Британи улсын Эквадорын элчин сайдын яаманд орогнох болсон байна. Түүний үүсгэн байгуулсан Викиликс нь улс орны Засгийн газар болон томоохон үйлдвэр корпорациудын дотоод нууц мэдээллүүдийг интернэтээр дамжуулан олонд мэдээлдэг сайт аж. Дөрвөн жилийн өмнө  Жулиан тус сайтаараа дамжуулан Америкийн Афганистан руу энхийг сахиулагчдаа илгээх нууц бичиг болон Дотоод хэргийн яамны баримт сэлтийг олонд дэлгэж, Америкаас эхлээд дэлхий нийтийг цочирдуулж байжээ. Шведийн шүүх Ж.Ассанжийн үйлдсэн хүчингийн хэргийг хэлэлцэх ёстой. Гэхдээ Шведийн хуулийнхны гарт орчихвол цаашлаад АНУ руу хэрэг нь шилжиж, ял сонсч ч магадгүй байгаа юм. АНУ түүнийг улсын нууц задруулсан хэргээр шүүх сонирхолтой байгаа ажээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.