Завханд хүчтэй шуурга шуурч, барилга байгууламжийн дээвэр хуурчээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулсан.

Тэгвэл өнөөдөр 15:40 цагийн байдлаар Баян-Өлгий, Увсын өмнөд, Завхан, Говь-алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгорын зарим газраар салхи секундэд 16-18 метр, түр зуур  секундэд 20-28 метр хүрч хүчтэй салхилан цасан шуурга шуурч байгаа аж.

Мөн Завхан аймгийн хойд болон өмнөд хэсгийн сумдын нутгаар салхины хүч 16-20м/с, түр зуур 20-28м/с хүрч, цасан шуурга шуурч буйн улмаас тус аймгийн Баянхайрхан сумын ЗДТГ-ын байрны дээвэр хуурч унасан байна.

 




 


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Төв аймгийн зүүн, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар  цасан шуурга шуурна.

Гуравдугаар сарын 02-ны 20 цагаас 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн  байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар,  өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн  цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч  шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн  цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.