Голомт банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ноён Жэймс Б.Двайер томилогдлоо
Голомт банк Олон улсын туршлагатай банкир ноён Жэймс Б. Двайерийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томиллоо.
 
Ноён Двайер нь Олон улсын хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа болон банкны засаглалын тогтолцоог улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэмлэхүй хувь нэмэр оруулах юм.
 
Ноён Жэймс Б. Двайерийн тухай:

Ноён Двайер нь Монголын Бизнесийн Зөвлөлийг 2007 онд үүсгэн байгуулж, 2016 он хүртэл Гүйцэтгэх захирал,  2017 оны 04 сар хүртэл ТУЗ-ийн дэд даргаар  ажилласан. Тэрээр 1970 оноос хойш UBS банкны Компанийн нэгдэл, компани худалдан авах процесс хариуцсан захирал зэрэг Нью-Йоркийн Wallstreet-д байрлалтай санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалтын банкир хийж байсан туршлагатай.

Ноён Двайер 2001 онд Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны хувьчлалын ажиллагаанд оролцохоор Монголд анх хөл тавьж, Хойд Америкийн Бизнес зөвлөлд Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2007 онд Монголын бизнесийн зөвлөлийг үүсгэн байгуулсан. Тэрээр одоо Мандал даатгал болон  Mongolia Growth Group ХХК-иудад ТУЗ-ийн хараат бус гишүүн, Mongoljin private capital-ийн Гүйцэтгэх бус ТУЗ-ийн Дэд Дарга, Монголын боловсролын сангийн ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгчийн албыг хашдаг. Мөн тэрээр хэд хэдэн байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм.

Ноён Двайер Notre Dame их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, Колумбийн их сургуулийг бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн бөгөөд 40,000 гишүүнтэй тус сургуулийг төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр дараалан сонгогдон ажилласан байсан.
 
Улаанбаатар хот, Монгол улс. 
2018.02.28.
Бусдад түгээх
  • gplus