Б.Энххүслэн шилдэг тамирчнаар нэрлэгдлээ

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин" -г тодруулж байгаа билээ.

Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг тус тус хүртэж байсан.

Тэгвэл 2018 оны хамгийн эхний сарын шилдэг тамирчны шалгаруулалт хоёр сарын турш үргэлжилж, ялагчийн нэр тодорлоо. Нэгдүгээр сард явагдсан усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, таван зайд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, нийт 9 алтан медаль хүртсэн Б.Энххүслэн нийт саналын тоогоороо тэргүүлж, нэгдүгээр сарын шилдэг тамирчнаар тодорлоо. Тэрбээр 2017 оны МУССХ-ны шилдэг тамирчнаар нэрлэгдсэн, өсөх ирээдүйтэй шилдэг тамирчин билээ. Сонирхуулахад, Б.Энххүслэн яг одоо 16 зайд Монгол улсын дээд амжилтыг эзэмшиж байгаа аж.

Түүнтэй алдарт И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран При” тэмцээнд түрүүлж үзүүрлэсэн чөлөөт бөхийн тамирчид болох Г.Гантуяа, П.Орхон нар хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, удаах байруудыг эзлэв. Пёнчан 2018 Олимпийн наадмын өмнөх сорил тэмцээн, Сөүлийн нээлттэй тэмцээнд мөнгөн медаль хүртсэн гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг энэ сарын шилдэг тамирчинд нэр дэвшсэн билээ.

"Сарын шилдэг тамирчин" -г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг. Нэгдүгээр сарын шилдэг тамирчин шалгаруулах олон нийтийн санал асуулгад 1200 гаруй хөгжөөн дэмжигч, 20 гаруй спортын сэтгүүлчид оролцжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.