Банк зээл олгохгүй байгаа учраас сугалаагаар эрх авсан ахмадууд байраа авч чадахгүй байна
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар барьсан “Буянт-Ухаа-1” хороллын зарим оршин суугчдад байрны түлхүүрийг гардуулан өгөх ёслол өчигдөр боллоо. Түлхүүрээ гардан авсан иргэдийн зарим нь бэлэн мөнгөөр байр худалдан авсан бол зарим нь 30 хувийн урьдчилгаагаа төлж, банкны зээлд хамрагдсан иргэд байгаа юм байна.
 
“Буянт-Ухаа-1” хороололд 80 гаруй өрх суурьшжээ
 
Тус хороололд 1764 айл суурьших юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар албаны эх сурвалжийн мэдээлснээр 400 гаруй айлын бичиг баримт бүрдээд байгаа ажээ. Мөн үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн ажилтны хэлснээр бол уг хороололд өнөөдрийн байдлаар 80 гаруй өрх амьдарч байгаа юм байна.
 
Харин дээрх айлын тал орчим хувь бэлэн мөнгөөр байр худалдан авсан иргэд байгаа гэнэ. Түлхүүр гардуулах ёслолын үеэр тус хороололд оршин суугчид цугларсан байсан юм. Тэдний хэлж буйгаар банкны зээлд хамрагдах хүндрэлтэй байсан гэнэ. Мөн орон сууц авч  байгаагүй болон хамтран эзэмшиж байгаагүй зэрэг лавлагааг бүрдүүлэх нь цаг хугацаа шаардах байсан гэв. Үнийн хувьд боломжийн учраас зарим хүмүүс урьдчилгааны хувьд хүндрэлтэй асуудал байгаагүй тухай хэлж байна лээ. Мөн тэд “Зарим байр мкв-ын зөрүү гараад байгаа. Харин “Буянт-Ухаа-1” хорололд ийм асуудал байхгүй юм шиг байна лээ. 33 мкв байр нь бусад байрыг бодвол цэлгэр юм билээ" хэмээн хэлсэн юм.
 
“Буянт-Ухаа-1" хороолол нь нэг үйлчилгээний төв, хоёр цэцэрлэгтэй ажээ. Мэргэжлийн байгууллага хүлээн авах юм бол үйлчилгээ явуулахад бэлэн болсон аж. Мөн “Буянт-Ухаа-II” ойролцоо баригдаж байгаа бөгөөд хоёр сургууль, дөрвөн цэцэрлэг баригдах юм байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд санаа зовох зүйлгүй тухай албаныхан хэлж байна лээ. Түүнчлэн тэд “ТОСК нийгмийн асуудлыг шийддэг байгууллага биш. Энэ мэт нийгмийн асуудлыг нийслэл шийдэх ёсой юм. Мөн улсын төсвөөс энэ асуудлыг хамтран шийдэх ёстой учраас  бид ч харилцан ойлголцлын төвшинд хүрч ажиллаж байгаа” гэсэн юм.
 
Банк өөрсдөө эрсдлээ үүрдэг учраас төрөөс шахалт үзүүлэх боломжгүй байдаг
 
Энэ үеэр Төрийн орон сууцны корпорацийн захирал А.Гантулгаас зарим зүйлсийг тодруулсан юм.
 
-Өнөөдөр /өчигдөр/ хэдэн айл байрны түлхүүрээ авч байна вэ?
 
-100 орчим айл байрны түлхүүрээ авлаа. Энэ арга хэмжээ цаашдаа ч үргэлжилж, оршин суугчид байрандаа орно.
 
-Түлхүүр авч байгаа иргэдийн хувьд банкнаас зээл авах боломжтой болсон иргэд байгаа гэсэн. Тэдний хэлж буйгаар банкны зээлд хамрагдахад нэлээд хугацаа шаардагдаж байна гэлээ?
 
-Банк болгон өөрсдий гэсэн дотоод дүрэмтэй байдаг. Тиймээс бид энэ асуудалд нь оролцохгйүгээр  төв банк болон Монголын ипотекийн корпорацитай тохиролцон эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэж байгаа. Манай зүгээс энэхүү хороололд байр авах шалгуурыг тавьсан. Мөн банк бүр өөрсдийн гэсэн шалгуурыг давхар тавьж байгаа. Бид ч үүнд нь оролцох эрхгүй. Банкууд өөрсдөө эрсдлээ үүрдэг учраас төрөөс ямар нэгэн шахалт үзүүлэх боломжгүй байдаг.
 
Мөн тэрээр “Буцаагдаж байгаа байрыг хүн авъя гэх юм бол өгнө гэсэн, түүнээс биш зарна гэж хэлээгүй. Гэхдээ яг төчнөөн байр гэсэн тоо байхүй” гэсэн юм. Ингэхдээ сугалаанд оролцоод эрх авч чадаагүй хүмүүст байрыг 15 жилийн хугацаатай борлуулах эрхгүйгээр худалдаалах ажээ. Үүнээс гадна тус хороололд байр авах тодорхой шалгуурыг хангасан иргэдэд байр худалдан авах эрх өгөх юм байна лээ. Өмнө нь сугалаа хэлбэрээр байр авах эрх олгох урьдчилгаа болох байрны үнийн дүнгийн 30 хувийг 45 хоногийн дотор банкинд байршуулах ёстой байсан. Гэвч зарим хүмүүс урьдчилгаа байршуулах боломжгүй болсон тул байрны буцаалт хийх болжээ. Одоогоор ийм буцаалт хийсэн 14 иргэн байгаа гэнэ.
 
“Найман хувийн зээл ахмадуудад олгохгүй юм билээ”
 
Тус хорооллын байрны нэг давхарт долоон айл байхаар төлөвлөгөө хийжээ. Тодруулбал, гурав болон хоёр өрөө тус бүр гурван ширхэг, нэг өрөө байр нэг байдаг байна. Одоогоор оршин суугчид нь суурьшиж эхлээгүй байгаа болохоор байрны дотор цэвэрлэгээг хийж байгаа юм байна. Мөн байрны түлхүүрээ гардан авсан иргэдийн байрыг цэвэрлэж байгаа ажээ.
 
Өчигдөр байрны түлхээрээ авсан иргэд ийн өгүүллээ.
 
Ахмад багш Ш.Сүхбаатар: -Өндөр настнуудад зээл олдохгүй юм билээ. Тиймээс чадан ядан бүтэн төлбөрөө хийлээ. Хамаатан садан, найзуудынхаа дэмээр 66 сая төгрөг цуглуулж байраа авсан. Банкууд бидэнд зээл өгөхгүй гэсэн. Тийм ч учраас сугалаагаар эрх авсан ахмадууд байраа авч чадахгүй байна. Ер нь сард сая төгрөг төлж чадах ахмад байхгүй шүү дээ.
 
П.Жавзандорж: -Би нахөр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Гавьяаныхаа амралтыг аваад зээл авах боломжгүй болсон тул хашаа байшингаа зараад, хүүхдүүдийнхээ дэмжлэгээр бэлэн мөнгөөр авсан. Ямартай ч үнэ хямдтай байр барин борлуулж байгаа удирдлагууддаа баяртай байна.
 
М.Энхболд: -Би 33 мкв-тай байр авлаа. Сард графикийн дагуу 270 мянган төгрөг төлөх юм билээ. Хоёулаа ажилтай болохоор төлөөд байж болох байх. Саяхан найман хувийн зээл зогссон гэх шалтгаанаар банкин дээр хэсэг саатлаа. Түүнээс биш хүндрэлтэй асуудал байсангүй.
 
Ийнхүү сугалаар эрх авсан иргэд байрандаа орж байна. Албаны хүмүүсийн зүгээс тус хорооллыг найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, барилгын чанарт эргэлзэх зүйлгүй гэж байлаа.
 
Нийслэл таймс
Г.Баярцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.