Монголчууд далд өлсгөлөнд нэрвэгдсээр байна

Дэлхий дахинаа хоол тэжээлийн “далд өлсгөлөн” гэж нэрлэгддэг аминдэм, эрдэс бодисын дутал Монгол Улсын хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байна. Хүний бие махбодод аминдэм, эрдэс бодис бараг үүсдэггүй тул тэдгээрийг өдөр тутам хоол хүнсээр зайлшгүй авах шаардлагатай байдаг. Аминдэм, эрдэс бодис нь хүний бие махбодод маш бага хэмжээгээр шаардагддаг тул тэдгээрийг нэгтгэн “бичил тэжээл” гэж нэрлэдэг. Хүний биед шаардагдах хэмжээ нь маш бага боловч, хэвийн өсөлт хөгжил, эсэн мэнд амьдрал, аливаа өвчнөөс сэргийлэхэд амин чухал үүрэгтэй байдаг.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Хоол судлалын алба 1992 оноос өнөөг хүртэл нийт хүн ам, хүүхэд эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх судалгааг үндэсний түвшинд 5 удаа зохион байгуулж, төмөр, иод, А, Д аминдэм дутал, түүнээс шалтгаалсан эмгэг манай улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байгааг тогтоосон.

Төмөр дутлын улмаас цус багадалт үүсдэг. Цус багадалтын тархалтыг анх 1999 онд хоол тэжээлийн үндэсний II судалгаагаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд судлан, 5 хүртэлх насны хүүхдийн 48.5 хувь, төрөх насны эмэгтэйчүүдийн 16.9 хувь цус багадалттай байгааг тогтоосон байдаг. Цус багадалттай төрөх насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2001-2016 онд бууруугүй, харин 5 хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалтын тархалт 1999-2004 онд буурсан хэдий ч,  2010, 2016 онд зохион байгуулсан үндэсний IV-V судалгааны дүнгээр 24.3-33.2 хувиар өссөн байна.
 

Хүүхэд, эмэгтэйчүүдийн дундах цус багадалтын тархалт, 1999-2016 онд
 

Төмөр нь удамшлын материал болох дезоксирибонуклейн хүчлийн нийлэгжилт, эсийн амьсгал, дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагаа болон хүний биед явагдах олон тооны химийн урвалд оролцдог тул түүний дутал зөвхөн цус багадалтаар хэмжигдэхгүй. Төмөр дуталтай хүнд байнга ядрах, сульдах, толгой эргэх, дотор муухай оргих, зүрх дэлсэх, үс, хумс хугарамхай болох зэрэг шинж илэрдэг. Түүнчлэн төмөр дутлын улмаас насанд хүрсэн хүний хөдөлмөрийн бүтээмж буурах, хүүхэд залуучуудын суралцах чадвар, оюун ухааны чадамж буурах зэрэг зөвхөн хувь хүнд төдийгүй, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд олон сөрөг үр дагавар учирлаг байна. Зөвхөн төмөр дутлын шалтгаанаар жил бүр 155 000 эх төрөх үедээ эндэж байгааг судлаачид тэмдэглэсэн байдаг.

Судлаачид төмөр дутлын байдлыг 2001 оноос эхлэн судалж, дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын үнэлгээгээр манай улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд “Дунд” зэргийн тархалттай, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр дуталтай хүүхдийн эзлэх хувь буураагүй, харин төмөр дуталтай төрөх насны эмэгтэйчүүдийн үзүүлэлт 2 дахин нэмэгдсэн байгааг тогтоосон байна (Дүрслэл 2).
 

Хүүхэд, эмэгтэйчүүдийн дундах төмөр дутлын тархалт, 2001-2016 онд
 

Ойролцоогоор төрөх насны болон жирэмсэн эмэгтэйчүүд 30 орчим хувь төмөр дуталтай байгаа нь энэ төрлийн “далд өлсгөлөн” манай улсын нэн тэргүүнд шийдвэл зохих, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болохыг илтгэж байна (Дүрслэл 2).

Хүний бие махбодын эрчимтэй өсөлтийн үе буюу жирэмслэлт, нялх, балчир, өсвөр насны үед А, Д аминдэмийн хэрэгцээ хамгийн өндөр байдаг. Ийнхүү эрчимтэй өсөлтийн үед кальцийг биед шингээх, ясны хэвийн өсөлтийг хангахад Д аминдэм шийдвэрлэх үүрэгтэй. Д аминдэмийн түвшин хангалтгүй байх нь ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсдэл нэмэгддэг. А аминдэм нь биеийн эд, эсийн нөхөн төлжилтөд оролцохын зэрэгцээ дархлааны тогтолцооны амин чухал бүрэлдэхүүнд багтаж, халдвартай тэмцэхэд тусалдаг. Удаа дараагийн судалгааны дүн А, Д аминдэмийн дутал Монголчуудын дунд түгээмэл байгааг илрүүлсэн байдаг. Тав хүртэлх насны хүүхдийн дунд А аминдэмийн дутал (9.5%) буурсан байгаа хэдий ч (ХТҮС-V, 2016 он) нөөц багатай буюу дуталд өртөх эрсдэлтэй, энэ төрлийн “далд өлсгөлөн”-гийн байдалд байгаа хүүхдийн эзлэх хувь маш өндөр (60.1%) байна (Дүрслэл 3).
 

Дүрслэл 3. Тав хүртэлх насны хүүхдийн дундах рахит,  А, Д аминдэм дутлын байдал, 1992-2016 онд
 

Рахит бол Д аминдэм дутлын хүнд, ужиг хэлбэр юм. Хоол тэжээлийн судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдэд рахитыг оношилох үзлэг хийж, нийт хүүхдийн 75 хувь эмнэлзүйн аль нэг шинжийг илрүүлсэн байдаг. Мөн 6-59 сартай 10 хүүхэд тутмын 6 нь (61%) Д аминдэм дуталтай байна. Насанд хүрсэн хүн амын дунд Д аминдэмийн дутал хүүхдийн нэгэн адил түгээмэл байгааг 2016 онд зохион байгуулсан хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар илрүүлсэн. Тухайлбал, жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 40 хувь Д аминдэм дуталтай, тэдний 20.2 ба 41.9 хувь тус тус нөөц багатай буюу дутлын байдалд шилжихэд ойрхон байгааг судлаачид тогтоосон. Зүрх судасны өвчин МУ-ын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй өнөө үед насанд хүрэгчид, хүүхдийг Д аминдэм дутлаас сэргийлэх, Д аминдэмийн бэлдмэлийн хангамж, хүртээмжийг сайжруулах нь нийт өвчлөл, нас баралтыг бууруулах алсын үр дүнтэй арга байж болох юм.
 

Дүрслэл 4. Насанд хүрсэн хүн амын Д аминдэмийн байдал, ХТҮС – 2016 он


МУ-ын нийгмийн эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй дараагийн асуудал бол иодын дутал юм. Иод дутлын улмаас хүний бие махбодын өсөлт, хөгжилд олон тооны саатал үүсдэг бөгөөд тэдгээрийг бүхэлд нь нэгтгэн иод дутлын эмгэг (ИДЭ) гэж нэрлэдэг. Жирэмсэн эмэгтэй иодын дуталд өртвөл үр зулбах, дутуу төрөх эрсдэл нь нэмэгддэг бөгөөд амьдарч чадсан ургын өсөлт эргэшгүйгээр хоцрогдож, уураг тархи нь гэмтдэг байна. Ийнхүү төрөлхийн өсөлт хоцролт, уураг тархины гэмтэлтэй ураг хожим нь оюун ухааны хомсдолтой хүүхэд болон өсдөг аж. Жирэмсэн эх иодын хөнгөн хэлбэрийн дуталд өртөхөд ч хожим төрөх хүүхдийн суралцах, боловсрол эмзэмших, сэтгэн бодох чадвар (IQ) буюу оюун ухааны чадамж 10-15 хувиар буурдаг байна.

Хоол хүнсээр авах иодын хэмжээ хангалтгүй байх нь иод дутлын үндсэн шалтгаан болдог. Өндөр уулын бүс, гол мөрний сав газар зэрэг хөрсний иодын агууламж багатай нутагт амьдардаг хүмүүсийн хоол хүнсээр авах иодын хэмжээ хангалтгүй байх магадлалтай байдаг. Маш олон орны хүн амын өргөн хэрэглээний хүнс дэх иодын агууламж нь хангалтгүй байгааг харгалзан ДЭМБ-аас бүх давсыг иоджуулж, иод дутлаас сэргийлэх стратегийг зөвлөдөг.

Монголчуудын хооллолтод иодоор баялаг далайн гаралтай хүнсний хэрэглээ маш бага хувийг эзэлдэг. Иймд монгол хүний иодын хэрэгцээгээ хангах үндсэн эх сурвалж бол иоджуулсан давс юм. Давсыг иоджуулж, иод дутлаас сэргийлэх нь МУ-ын хувьд хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй арга зам хэвээр байна. Анх 1992 онд бамбайн бахлуур илрүүлэх судалгааг орон даяар зохион байгуулж, ИДЭ манай улсын нилээд олон аймгийн хүн амын дунд “хүнд” зэргийн тархалттай байгааг тогтоосон үеэс эхлэн иод дутлаас сэргийлэх асуудал МУ-ын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх бодлого болсон. Хүнсний давсыг иоджуулах арга хэмжээг 1995 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд “Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай” хуулийг 2003 онд баталж, хүнсний зориулалтын бүх давсыг иоджуулах асуудлыг хуульчилсан билээ. Ийнхүү давсыг иоджуулах асуудлыг хуульчлан баталсан хэдий ч, хуулийн хяналт, хууль сахиулах арга хэмжээ сул байгаатай холбоотойгоор бүх давсыг иоджуулж, иод дутлыг устгах зорилт хангагдаагүй байна. Үүнтэй уялдан хүн ам, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд иод дутлын тархалт буурахгүй байгааг удаа дараагийн судалгааны дүн нотолж байв. Нийт хүн амын иодын хангамжийг сургуулийн насны хүүхдийн үзүүлэлтээр төлөөлөн үнэлдэг жишиг олон улсын түвшинд тогтсон байдаг бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдийг ИДЭ-т өртөмтгий бүлгийн төлөөлөл болгон судалдаг. МУ-ын сургуулийн хүүхдийн шээсээр ялгарах иодын дундаж голч хэмжээ зохистой түвшинд буюу 144.6 мкг/л, харин жирэмсэн эмэгтэйчүүдийн иодын хангамж хангалтгүй, тэдний шээсээр ялгарах иодын хэмжээ 150 мкг/л-ээс бага иод дутлын эрсдэлтэй байгааг хоол тэжээлийн үндэсний V судалгаа (2016 он)-аар илрүүлсэн болно (Дүрслэл 5). 
 

Дүрслэл 5. МУ-ын өрхийн иоджуулсан давсны хэрэглээ ба хүүхэд эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын дундаж голч хэмжээ, 1996-2016 онд
 

Ийнхүү МУ-ын хүн амын дунд түгээмэл тохиолдож байгаа цус багадалт, төмөр, иод, А, Д аминдэмийн дутлыг бууруулахад олон нэр төрлийн хүнсний зохистой хэрэглээг төлөвшүүлэхийн зэрэгцээ, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг “далд өлсгөлөн”-өөс сэргийлэх зорилгоор бичил тэжээлийн бэлдмэлээр хангах, хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах асуудал зайлшгүй тулгамдаж байна.

Манай улс бага насны хүүхэд, хөхүүл хүүхэдтэй эх, жирэмсэн эмэгтэйчүүдийг А, Д аминдэм, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ)-ээр хангах арга хэмжээг 2000 оноос Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагын техникийн дэмжлэг хязгаарлагдаж, засгийн газрын санхүүжилт дутмаг байгаа тул хүүхэд, эмэгтэйчүүдийн ОНБТБ, Д аминдэмийн хангамж тасарч, улмаар рахит, Д аминдэмийн дутлын тархалт 2010 оны түвшингээс нэмэгдсэн төдийгүй, цус багадалтын тархалт буураагүй байна.

Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг иод дутлаас сэргийлэхэд дан ганц иоджуулсан давсны хэрэглээ хангалтгүй. Нийт хүн ам, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд давсны хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөдөггүй тул тэдний өсөн нэмэгдсэн иодын хэрэгцээг хангахын тулд иод агуулсан аминдэм, эрдэсийн бэлдмэлийн хэрэглээг дэмждэг. Иймд ИДЭ-ээс бүрэн ангижрахын тулд “Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай” хуулийн хэрэгжилтийг сайжруулж, иодын зохистой агууламж бүхий давсны хэрэглээг МУ-ын нийт бүс нутгийн түвшинд ≥ 90 хувьд хүргэхээс гадна, жирэмсэн эмэгтэйчүүдийн иод агуулсан бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээг дэмжих шаардлагатай юм.

Эцэст нь нийт хүн амыг “далд өлсгөлөн”-өөс сэргийлэх үндсэн арга зам бол өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах асуудал юм. Хүнснийг баяжуулах нь өртөг багатай, үр ашиг өндөртэй нийгмийн эрүүл мэндийн суурь арга хэмжээ болохыг дэлхийн олон орны туршлага баталсан байдаг. Харамсалтай нь манай улсад гурилыг төмөр, цайр, В–гийн төрлийн зарим аминдэмийн холимогоор, сүүг Д аминдэмээр баяжуулах асуудал сүүлийн 10-аад жил яригдаж, зарим оролдлого хийгдсэн хэдий ч өнөөг хүртэл бодлого, эрх зүйн зохицуулалт шийдэгдээгүй, албан журмын баяжуулалт ажил хэрэг болоогүй байна.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-03-20 04:50:53
    1kg mah 4000-8000 baihad 1 tavga hool 5000-15000 baih yum, arai l ih shunal uu gvi yu, tamiin togoonii vlger shig bie bienee shulaad l amidartsgaah yum da ,
    202.9.44.69
    Мэдэгдсэн Хариулах
  • САЙХАН СЭТГЭЛТЭЙ БАЙ,  2018-03-19 07:05:57
    Хэрэгтэй хэрэггүй чипс,зайрмаг иогурт хүүхдэд өгч байхаар шинэ хонины махаар бантан хийж өг,Өөрсдаа хонины шөл уу,адууны мах ид,аарц чацарганаа уу, за
    182.160.35.143
    Мэдэгдсэн Хариулах