Н.Цэрэнбат: Байгаль хамгаалахад зориулах мөнгийг зориулалтын бусаар ашиглаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг баруун аймагт ажиллахад дагалдаж буй сайд нарын бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат багтаж байна.  Тэрбээр Ховд аймгийн БОАЖГ, ЦУОШГ, Тусгай хамгаалалттай газрын захиргаад, Сав газрын захиргаадын удирдлага, албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, хийж буй болон төлөвлөж буй ажлаа танилцууллаа.
 


“Ховд аймгийн нийт газар нутгийн 40.5 хувь нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг учир уул уурхайн асуудал бусад аймгийн бодвол харьцангуй бага. Татварын хэлтэстэй хамтран хог хаягдлын хураамжаас өнгөрсөн жил л гэхэд 28 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн. Агаарын бохирдол их аймгуудын тоонд орж байгаа. Мөн цөлжилт ихэссэн зэрэг асуудал байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр “Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баярыг өнгөрсөн сард хийсэн. Цаашид “Цайны зам өв соёлын наадам” нэртэй  үйл ажиллагааг зохион байгуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байна” хэмээн Ховд аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр ярьсан юм. Мөн ЦУОШГ, Тусгай хамгаалалттай газрын захиргаад болон Сав газрын захиргаадын дарга нар техник, технологи нь хуучирсан учир шинэ тоног, төхөөрөмж, машин техник хэрэгтэй байгаа талаар Н.Цэрэнбат сайдад учирлалаа.
 


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хандлагаа өөрчилж, асуудалд хандахыг хүсээд байгаль хамгааллыг техник, технологийн шинэчлэл дээр тулгуурлан хийнэ. Уул уурхайн нэгдсэн мэдээллийн системийг бий болгож, уул уурхайн компаниудад хяналт тавих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгасан. Нөгөөтэйгүүр, тэрбээр “Ховд аймаг байгалийн нөөц ашигласны төлбөрөөс өнгөрсөн жил 838 сая төгрөг төврөлүүлсэн ч 80 гаруй сая төгрөгийг л зориулалтын дагуу зарцуулсан байна. Гэтэл хуулийн дагуу 400 орчим сая төгрөгийг байгалийг нөхөн сэргээх чиглэлд зарцуулах ёстой. Энэ нь та бүхэн орон нутгийн удирдлагуудаа шахахгүй байгаатай холбоотой. Тиймээс цаашид байгалийн нөөц ашигласны төлбөрөөс зохих хэмжээний мөнгийг зориулалтын дагуу ашиглах шаардлагаа орон нутгийн удирдлагууддаа тавь. Ингэж байж бидний ажил үр дүнд хүрнэ. Үнэнийг хэлэхэд бусад аймаг ч яг л ийм байдалтайгаар байгаль хамгаалахад зориулах мөнгийг зориулалтын бусаар ашиглаж байгаа нь байгаль доройтоход маш их нөлөөлж байгаа. Нөгөөтэйгүүр та бүхний тоног, төхөөрөмж шинэчлэгдэх асуудал ч үүнээс л болж үүсч байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр баруун аймгуудад хамгийн их маргаан дагуулдаг агнуурын тусгай зөвшөөрлийн асуудлыг дуудлага худалдаагаар, ил тод, нээлттэй зохион байгуулах ажлыг эхлүүлэхээр болсноо дуулгахад салбарынхан нь сайшаан хүлээн авсан. “Аялал жуулчлалын чиглэлээр тоонд биш чанарт анхаарч, чадамжтай жуулчдыг татах ёстой гэдэг байр суурийг баримталж байгаа. Ирэх сар гэхэд Монгол Улс аялалынхаа маршрултыг баталж, НҮБ-ын аялал жуулчлалын маршрутад багтааснаар энэхүү зорилгоо биелүүлэхэд дөхөм болно. Харин жуулчдаа хүлээж авах бэлтгэлээ Монгол Улс маш сайн хангаж, орон нутгийн иргэдийн амжиргаанд нөлөөлөхүйц өөрчлөлтийг энэ салбараар дамжуулж олох ёстой. Цаашлаад Монгол Улс аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор зорьж байна” гэлээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.