Шүдний өвчлөл хорт хавдрын үндэс болдог
Шүд хорхойтох буюу цоорох гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс юм.

Өвчлөл нь хүүхдийн дунд илүү өндөр байдаг аж. Үүний гол шалтгаан нь тэд чихэрлэг бүтээгдэхүүн их хэрэглэдэгтэй холбоотой. Шүдний “дайсан” нь чихэрлэг бүтээгдэхүүн хэмээн шүдний эмч нар үздэг.

Ингээд эрүүл биеийн үндэс болсон шүдээ хамгаалах энгийн аргуудаас танд хүргэж байна.

Шүд яагаад өвддөг вэ?

Шүд халуун хүйтэн зүйлийг мэдэрч сэнгэнэх нь шүд цоорлын эхэн үе шатанд шүдний хатуу эд гэмтсэнийг илтгэнэ. Шүд ямар нэг шалтгаангүйгээр өвдөөд байвал шүд цоорлын үйл явц хүндэрч, зөөлөн эдийн үрэвсэл эсвэл шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл үүссэнийг илтгэнэ. Шүдний зөөлөн эдийн хурц үрэвслийн үед шүд голдуу шөнийн цагаар өвддөг. Шүдний өвдөлт нь хэдэн минутаас, хэдэн цаг хүртэл ч үргэлжилдэг. Шүд өвдөлтийн үргэлжлэх хугацаа нь шүдний зөөлөн эд хэр их гэмтсэнээс шалтгаална. Хэрэв шүд ямар ч завсарлагагүй байнга янгинаж, лугшин өвдөж байвал магадгүй шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл байж болно. Ер нь бол шүд өвдөнө гэдэг нь шүдний өвчин хүндэрч буйн дохио юм шүү.

Шүдний өвчлөл хорт хавдрын үндэс болдог

Шүдний өвчлөлөөс үүдэж улаан хоолой, толгой, хүзүү болон уушгины хорт хавдар үүсдэг болохыг Японы эрдэмтэд тогтоожээ. Шүдний өвчин нь улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдэлийг 136, толгой болон хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг 54, уушгины хорт хавдар үүсэх эрсдэлийг 68 хувь нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон. Мөн эдгээр эмгэг үүсэх магадлал нь өвчилсөн шүдний тоотой шууд хамааралтайгаар өсдөг.

Шүдний цоорлыг гүнээр нь:

Толбон цоорол/Macula cariosa/: Энэ нь өвчтөнд зовиургүй, зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрдэг бөгөөд шүдний бүрэн бүтэн байдал алдагдаагүй, цагаан болон хар өнгөтэй толбо байдаг.
Өнгөц цоорол/Caries superficialis/: Чихэрлэг болон исгэлэн зүйл идэхэд өвдөнө. Зарим хүнд өвдөлтгүй ч явагддаг. Шүдний паалангийн түвшинд бүрэн бүтэн байдал алдагдах буюу паалан барзгар болно.
Дунд цоорол/Caries media/: Дунд цоорол нь хурц ба архаг 2 хэлбэрээр явагдана.
-Хурц үед нь халуун хүйтэн, исгэлэн зүйлд мэдрэх бөгөөд шүдний хатуу эд зөөлөрсөн, цагаан өнгөтэй байна.
-Архаг үед өвчтөнд зовиургүй, тугалмай нь хатуу хар хүрэн өнгөтэй байна.
Гүн цоорол/Caries profunda/: Энэ үед шүд халуун хүйтэн, исгэлэн, чихэрлэг зүйл идэхэд, мөн цоорлын хөндийд хоол хүнсний зүйл ороход богино хугацаанд өвдөлт өгдөг. Шүдний доторх зөөлцөд маш их ойртсон, цоорлын том хөндийтэй байна. Аль ч цоорол архаг нь удаан явцтай, хурц нь хурдан явцтай учир яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Хэрвээ та шүдээ хайрладаг бол:

Халуун, хүйтэн хосолсон хоол хүнсэнд шүдний паалан цочирдог. Ингэж гэмтээхгүйн тулд шоколад, кофе, зайрмагаас татгалзах хэрэгтэй. Орчин үеийн хоол хүнс хэт чихэрлэг болсон тул чихэр идэхээс аль болох зайлсхий. Чихэрлэг хүнс нь шүд болон шүдний пааланг маш ихээр гэмтээдэг. Түүний оронд жимс идэж, жинхэнэ натурал жимсний шүүс уух нь зөв.

Шүд юунд дуртай вэ?

Фтор болон кальци нь шүдэнд хамгийн тустай элемент юм. Эдгээр нь шүд хорхойтохоос сэргийлж, шүдний пааланг бэхжүүлэхэд нөлөөлдөг байна. Иймд өдөр тутмын хүнсэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн, хатаасан жимс зэргийг хэрэглэ. Эдгээр хүнсэнд фтор болон кальци нь маш их байдаг. Далайн гаралтай бүтээгдэхүүн ч кальциар баялаг байдаг. Шүдний пааланг бэхжүүлэхэд алим, лууван, өргөст хэмх, зэрэг жимс ногоо ашигтай.

Буйлнаас тань цус гардаг бол:

Шүдээ угаах үед буйлнаас цус гарах нь буйл үрэвссэний шинж. Буйлны үрэвсэл нь С аминдэмийн дутагдалтай холбоотой. Хүний биед С аминдэм дутагдахад, коллаген нь задарч эхэлдэг байна. Энэ үйл явц буйланд эхлэн явагддаг аж. Эмчлэхийн тулд өглөө бүхэн С амин дэмээр баялаг усан үзэм идэхийг зөвлөж байна.

Шүдээ хамгаалах энгийн аргууд

Шүдний пааланг хортой нөлөөллөөс хамгаалахын тулд фтор агуулсан оо хэрэглэ. Фтор агуулсан оо-нд байдаг пирофосфат хэмээх бодис нь шүдний чулуу үүсэхээс сэргийлдэг байна. Түүнчлэн амттан идсэний дараа шүдээ угаах эсвэл амаа зайлах, алим идэх зэрэг нь шүдний пааланг гэмтээхээс сэргийлдэг сонгодог арга юм. Хэрэв та аяллаар явах үедээ шүдээ байнга арчлах боломжгүй байгаа бол алим нөөцөлж аваарай. Хоол идсэний дараа алим идвэл шүдэнд үржсэн микроб устаж амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.

Хүний эрүү нүүрний цогц системээс нэг л шүд авахад тэр системийн үйл ажиллагаа, байрлал алдагдан гоо сайхны дараа дараагийн асуудлууд урган гарч ирдэг. Шүдийг аль болох авахуулахгүй, эмчлүүлж үлдээхийн төлөө бололцоотой бүгдийг хийх хэрэгтэй. Шүдийг гаднаас нь харахад нарийхан харласан зураастай, бүтэн шүд мэт боловч, мэргэжлийн эмчид үзүүлэхэд дунд эсвэл гүн цоорсон байдаг. Учир нь шүдний паалан бол хүний биений ясан дахь хамгийн хатуу хэсэг учир, шүд нь дотроо хөндий үүсэн цоорч байгаад хамгийн сүүлд гаднах паалан нь эмтрэн унаж, цоорсон хөндий ил болдог байна. Энэ үед хүмүүс өчигдөр миний шүд цоорчихлоо гэж хэлдэг. Тэгвэл энэ цоорол аль эрт үүссэн байдаг. Ийм учраас 6 сар тутамд эмчид үзүүлж, цоорлоос урьдчилан сэргийлж байх нь чухал.

Хамгийн чухал нь шүдээ хоол идсэний дараа 20-30 минут болоод угаагаарай. Хоолны өмнө, өглөө өлөн элгэн дээрээ шүдээ угаадаг эсвэл яг унтахын өмнө оогоор угаах нь буруу хэвшил бөгөөд хүний биед байдаг микроорганизмуудыг устгадаг байна.

Шүд цоорвол бие цоорсонтой адил.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.