Нийт нутаг дэвсгэрийн 55 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд хамрагддаг

Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон орон даяар тэмдэглэдэг болсон.

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах, төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдэх юм.

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас 40 гаруй яам, агентлагийн алба хаагчид, их, дээд сургууль, коллежийн оюутнуудад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах хэмжээ, зарлан мэдээллийн дохиогоор хэрхэн ажиллаж, аюулгүй байдлаа хангах зэрэг сэдвээр хичээл заана. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгохоор олон нийтийн өдөрлөгийг зохион байгуулна.

Мөн Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарах бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.