3,9 сая Еврогийн санхүүжилттэй төслийг хэрэгжүүлж байна
Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй бологоход дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжиж байгаа талаар Төслийн мэргэжилтэн, Үндэсний стандартын болон хуулийн зөвлөх Р.Бумдарьтай хийсэн ярицлага.
 
-Төслийн талаар товч танилцуулга уу?
-Төсөл 2014 оны 4 дугаар сарын 1-ээс үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн бөгөөд 3 жил үргэлжилнэ. Нийт 3,9 сая Еврогийн санхүүжилттэй.
 
- Энэхүү төслийн эрх зүйн орчны талаар та юу хэлэх вэ?
- Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 38 дугаар тогтоолоор Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, ажлын хэсэгт Европын Холбооны стандартын тогтолцоог Зүүн Европын орнуудад хэрхэн нэвтрүүлсэн арга туршлагыг судалж, Монгол Улсад нэвтрүүлэх талаар санал боловсруулах үүрэг болгосон. Энэхүү ажлын хэсгийн судалгаан дээр үндэслэн боловсруулсан Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг Засгийн газраас 2011 оны 89 дүгээр тогтоолоор баталсан байдаг. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт Европын Холбооны стандартыг нэвтрүүлэх тэргүүлэх салбарыг тогтоож өгсөн байдаг. 
Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам Европын Холбоотой 2012 онд санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаар уг төсөл хэрэгжих үндэс тавигдсан гэж хэлж болно. Төслийн зорилго нь Монгол Улсын Засгийн газраас Европын стандарт, нормыг нутагшуулах, үүний үр дүнд бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд чөлөөтэй нэвтрүүлэх, тохирлын үнэлгээний салбарт бүтцийн шинэчлэл хийх талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
 
- Төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ, мөн хүлээгдэж буй үр дүнгийн талаар тодруулна уу?
- Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Стандартчилал, тохирлын үнэлгээний эрх зүйн шинэчлэл хийх;
  • Хүний нөөцийг бэхжүүлэх;
  • Зах зээлийн  хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;
  • Үндэсний хэмжээнд чанарын хөтөлбөр боловсруулах;
  • Засгийн газраас тэргүүлэх чиглэл болгож заасан салбарт нэн тэргүүнд шаардлагатай байгаа Европын стандартыг орчуулж, үндэсний болгох.
Хүлээгдэж буй үр дүнг дурьдвал:
  • худалдаан дах тэргүүлэх салбарыг тодорхойлох, чанарын мэдлэг олгох зорилгоор үндэсний хэмжээнд чанарын бодлого боловсруулж, чанарын хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Бүтээгдэхүүний аюулгүй байдал, шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсэн үед авах арга хэмжээ, хэрэглэгчийг хамгаалахтай холбоотой хэд хэдэн эрх зүйн баримт бичиг боловсруулж өргөн барина.
  • Монгол Улсад чанарын дэд бүтцийг дэмжих замаар бүтээгдэхүүний сорилт, баталгаажуулалтыг олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэнэ.
  • Зах зээлийн хяналтын байгууллага ажиллана.
  • Бүтээгдэхүүнд тавигдах Европын стандартыг нэвтрүүлнэ.
Дүгнэж хэлэхэд энэхүү төслийн ач холбогдол нь чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх, үйлдвэрлэх болон хэрэглэгчийг аюулгүй бүтээгдэхүүнээр хангахад Монгол Улсын Засгийн газрын чадавхийг бэхжүүлэхэд оршино.
- Төсөлд ямар ямар байгууллагууд хамрагдаж байгаа вэ?
-Энэхүү төслийг чанарын дэд бүтэц гэсэн утгаараа хэд хэдэн Засгийн газрын байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, экспортын чиглэлээр, Мэргэжлийн хяналтын Ерөнхий Газартай зах зээлийн хяналтын чиглэлээр, Хууль зүйн яамтай эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллана.
 
- Чанарын дэд бүтцийн олон улсын чиг хандлагын талаар ярина уу?
- Чанарын дэд бүтцэд стандартчилал, сорилт, баталгаажуулалт, итгэмжлэл, хэмжил зүй, зах зээлийн хяналт хамрагддаг. Олон улсад, түүнчлэн Европын холбоонд эдгээр нь бие даасан байгууллагууд байдаг. Харин Монгол Улсад хяналтын үүргээс бусад асуудлыг Стандартчилал, хэмжил зүйн газар хариуцан явуулдаг. Тиймээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтцийг бий болгох нь энэхүү төслийн нэг зорилт мөн. Ялангуяа, итгэмжлэлийн байгууллагын сорилт, баталгаажуулалтын байгууллагаас бие даасан хараат бус байдлыг хангах нь олон улсад тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрүүлэх, Монгол Улсаас бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд чөлөөтэй гаргах үндэс нь болно. 
 
- Европын Холбоонд ямар бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөж байгаа вэ?
- Европын Холбооны зах зээлд мах махан бүтээгдэхүүн, чацарганы экспортыг дэмжихээр уг төсөлд санал оруулсан байгаа. Зөвхөн эдгээр бүтээгдэхүүнээр хязгаарлахгүй байх гэж бодож байна. Энэ асуудлаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллана.
 
- Танай төслийн баг хаана байрлаж байгаа вэ?
- Манай төслийн оффис Стандартчилал, хэмжил зүйн газарт байрлаж байна. Төслийн арга хэмжээний 75-80 хувь стандартчилал, тохирлын үнэлгээний асуудалтай холбоотой хэрэгжинэ. Өнгөрсөн 7 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд Стандартчилал, хэмжил зүйн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг манай төслийн багийнхантай хамт Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Архангай аймгуудын Стандартчилал, хэмжил зүйн хэлтсүүдэд томилолтоор ажлаад ирлээ. Засгийн газрын Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийн хүрээнд орон нутагт хийгдэж буй үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлаар санал бодлоо солилцохын зэрэгцээ Европын стандартыг нэвтрүүлэх, экспортыг дэмжих зорилгоор орон нутагт мөн хэрхэн хамтарч ажиллаж болох талаар зөвөлгөө өгсөн нь маш үр дүнтэй ажил болсон. Ер нь төслийг хэрэгжүүлэхэд Шадар сайдын ажлын алба болон СХЗГ-ын зүгээс биднийг маш сайн дэмжиж ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Түүнчлэн, энэхүү төсөл нь Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулах болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.