Ж.Тунгалаг: Манай улсын 104 их, дээд сургуулийн 67 нь магадлан итгэмжлэгдсэн
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалагтай ярилцлаа.

-Энэ онд хэчнээн их, дээд сургууль, коллеж магадлан итгэмжлэгдэх вэ?

- Магадлан итгэмжлэл нь сайн дурын үндсэн дээр явагддаг учраас энэ онд тэдэн сургууль магадлан итгэмжлэнэ гэсэн төлөвлөгөө гаргаж ажилладаггүй. Хүсэлтээ гаргасан тохиолдолд итгэмжлэл хийгээд явдаг. Гэхдээ сургуулиуд итгэмжилсэн хугацаа дууссан тохиолдолд дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ ирүүлдэг. Энэ онд хоёр дахь магадлан итгэмжлэлийн хугацаа дуусч байгаа 9 сургууль гурав дахь магадлан итгэмжлэлд орохоор бэлтгэж байна.

Мөн анхны магадлан итгэмжлэлийн хугацаа нь дуусч хоёр дахь магадлан итгэмжлэлд орохоор бэлтгэж байгаа 1 сургууль байна. Энэ сургуулиудын хувьд дахин магадлан итгэмжлүүлэхийн тулд өмнөх магадлан итгэмжлэлээр БМИҮЗ-ийн шинжээчдийн өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, мөн энэ хугацаанд өөрсдийн мастер болон стратеги төлөвлөгөөг хэрхэн биелүүлж, зорилго зорилтондоо хэр амжилттай хүрсэн талаар өөрийн үнэлгээ хийгээд манай зөвлөлд магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ ирүүлээд ажиллаж байгаа.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 104 сургуулиас 67 их дээд сургууль магадлан итгэмжлэгдсэн, магадлан итгэмжлэлийн үе шатандаа байгаа 5 сургууль байна. Боловсролын салбарт хийж байгаа шинэчлэлтэй холбоотойгоор энэ 5 сургуулийн магадлан итгэмжлэлийн шийдвэр нь гараагүй жил гаруй болж байна. Учир нь, өмнө нь байсан магадлан итгэмжлэлийн процесс, шалгуур үзүүлэлт гэх мэт бүх зүйлийг шинэчилж байгаа.

- Ямар ямар сургууль энэ онд магадлан итгэмжлүүлэхээр хүсэлтээ ирүүлэв?

- Манай улсад анх 1999 онд магадлан итгэмжлэл хийгдэж эхлэхэд үүнд тэргүүлж орсон их сургуулиуд байна. Тухайлбал, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, “Монгол бизнес” дээд сургууль хүсэлтээ ирүүлсэн байна. Монгол улсын боловсролын их сургууль Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль 7 сард хугацаа дуусах тул тухайн үед гуравдахь магадлан итгэмжлэлд орох хүсэлтээ ирүүлэхээр ажиллаж эхэлсэн байгаа.

Мөн анх удаа магадлан итгэмжлүүлэхээр Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургуулийн салбар сургууль, “Гэгээ” коллеж хүсэлтээ ирүүлсэн байна.

- Магадлан итгэмжлэгдсэн гэдэг учрыг тайлбарлана уу Их дээд сургуульд элсэгчид тэр болгон үүний учрыг, давуу талыг ойлгодоггүй?

-Магадлан итгэмжлэл гэдэг маань тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сургууль хамт олон өөрийн үйл ажиллагаанд үнэлгээ хийгээд, энэ үнэлгээнийхээ үр дүнг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар баталгаажуулж байгаа хэрэг. Өөрийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх шалгуур шаардлагыг манай үндэсний зөвлөл тогтоодог. Шалгуур шаардлага нь сургуулийн үйл ажиллагааны бүхий л хүрээг хамарсан чанарын үзүүлэлтүүд байдаг.

Чанарын үзүүлэлтүүд нь 2 удаа өөрчлөгдөж сайжирч ирсэн. 2014 оноос магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага төдийгүй, бүхэлд нь нэлээд өөрчилж сайжруулахаар ажиллаж байна. БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүд нь үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгддөг байхаар тийм өөрчлөлтүүдийг хийнэ.

Ингэснээр чанарын баталгаа улам бүр найдвартай болно. Тодруулж хэлбэл магадлан итгэмжлэгдсэн гэдэг бол чанар нь баталгаажсан, чанартай гэдгээ өөрсдөө нотлон харуулж, хөндлөнгийн байгууллага түүнийг нь бас давхар нотолсон гэсэн үг.

-Өмнөх тогтолцоо шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлэх болсон гэлээ. Энэ талаар?

-Өмнө нь сургуулиудын магадлан итгэмжлэл урт хугацаатай, 10 жилээр хийгдэж байсан. Мөн энэ хооронд чанарын хүрсэн түвшинг хянадаг тогтолцоо байсан хэдий ч шаардлагын хэмжээнд хүрч чадаагүй. Тэгэхээр сургуулиудын ахиц дэвшил, чанарын түвшинг ойр ойрхон хянаж сайжруулах талаар учир дутагдалтай байсан. Иймд магадлан итгэмжлэлийн хугацаа 5 жил байхаар өөрчилж байна.

Сургуулиудын дотоод чанарын тогтолцоо маш чухал болж байна. Сургалтын арга, технологид дэвшилтэт аргууд, тухайлбал оюутан төвтэй, мэдээллийн технологид суурилсан сургалтын арга хэлбэрүүд орж ирж байгааг шинэ шалгуур шаардлагад харгалзана.

Мөн сургууль, сургалтын үйл ажиллагааны бүхий л түвшинд оролцогч талуудын ялангуяа оюутан суралцагч, багш, төгсөгчид, ажил олгогчид, мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна. Магадлан итгэмжлэлийн чиглэлээр Азийн хөгжлийн банкны хоёр зөвлөх ажиллаж, зөвлөмж өгсөн. Ирэх намраас шинэ шалгуур үзүүлэлтүүд бэлэн болж, сургуулиуд тэр шалгуураар магадлан итгэмжлүүлнэ.

-Сургуулиудын хувьд магадлан итгэмжлэлүүлэх хүсэлтээ сургууль өөрөө бие дааж гаргадаг уу. Эсвэл заавал бүх нийтээр магадлан итгэмжлэгдсэн байх ёстой гэсэн чиг үүрэг өгдөг юм уу?

-Магадлан итгэмжлэгдсэн байх ёстой гэсэн шаардлага байхгүй. Магадлан итгэмжлүүлэх эсэх нь сургуулийн өөрийн асуудал. Манай улсад магадлан итгэмжлэл сайн дурын үндсэн дээр хийгддэг. Сургууль өөрөө хүсэлт гаргахгүй бол магадлан итгэмжлэл хийгдэхгүй.

Сургуулиуд чанараараа өрсөлдөж байгаа энэ үед магадлан итгэмжлэл нь нэр хүндийн баталгаа болдог учраас сургууль, хөтөлбөрүүд өөрсдөө сайн дураараа магадлан итгэмжлэлд орж байна.

-Армен улсын магадлан итгэмжлэх байгууллага таван жилийн дотор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм байна. Манай улсын хувьд ямар орны хувилбарыг нэвтрүүлсэн юм бол?

- АНУ-ын дээд боловсролын магадлан итгэмжлэлээс гол, эх санаа авч Монгол Улсад өөрийн дээд боловсролын магадлан итгэмжлэлийн тогтолцоог социализмын дараах улсуудаас анх түрүүлэн бий болгосон түүхтэй. Өнөөдөр дэлхий дахинаа магадлан итгэмжлэл нь түгээмэл жишиг болон хөгжиж байна.

Гэхдээ зарим орон, ялангуяа социализмын дараах улс орнууд үүнийг анхны мөн чанараас нь өөрчилж хэрэглэж байна. Манай хойд хөршид гэхэд төрийн магадлан итгэмжлэл нэртэй хяналтын байгууллага байдаг. Сүүлийн 3-4 жилд төрийн бус байгууллага, сайн дурын үндсэн дээр хийдэг хэлбэрээр зэрэгцүүлэн хөгжүүлж байх шиг байна. Харин манай орны хувьд харьцангуй дэвшилттэй, олон жилийн туршлагатай болжээ.

Гэхдээ мэдээж улам бүр сайжруулах зайлшгүй шаардлага байна. Бид зөвлөхүүдийн санал болгосон хувилбараар шинэчлэлийг хурдан хугацаанд хийж чадвал ойрын 3-5 жилд олон улсын байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж хүлээн зөвшөөрөгдөх боломжтой. Үүний тулд өмнө бий болсон бүтэц, бүрэлдэхүүн, шинжээчдийнхээ нөөц боломжийг дайчилж, тэднийг чадавхжуулах шилжилтийн үеийг 2 жил байхаар тооцоолон ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus