Флай Кастингийн аваргууд тодорлоо
Флай-Фишинг гэгч энэхүү урлаг болсон спортын загасчлалын төрөл нь манай улсад 2000 оны эхэн үед орж ирсэн бөгөөд тоотой хэдэн хүмүүсийн хүрээнд хөгжиж байгаад 2011 оноос эрчимтэй хөгжих болсон. Улмаар 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид анх удаа оролцсон байна.

Флай-Фишингийн хөгжилд Монголын Флай-Фишингийн Холбоо үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд Монголын Загасчлах Спортын Клубуудийн Нэгдэлд харъяалагдсанаараа үйл ажиллагаа нь улам өргөжиж эхэлсэн. Энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээн дэлхийн стандартад нийцсэн талбай,  уурга, утас ашиглсанаараа урд урдын тэмцээнээс онцлог боллоо гэж оролцогч тамирчид ярьж байлаа.

 
Тус тэмцээн нь холын шидэлт, бай онолт гэсэн 2 үетэйгээр өнгөрч ням гарагт Гачуурт тосгоны “Монгол Шилтгээн”-д  амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 10 гаруй клубын 36 тамирчин хурд, хүч, авхаалж, самбаагаа сорьсон бөгөөд 2 үеийн нийлбэр дүнгээр 1-р байранд Фишинг Бадди клубын Р.Амармэнд, 2-р байранд Фишинг Бадди клубын капитан Д.Тэмүүжин /2013 оны Аварга/, 3-р байранд Цэнгэг клубын н.Золбоо, Номадс клубын Н.Чинбат, тусгай байранд хамгийн хол шидэлт хийсэн О.Сонинбилэг нар оржээ.
 


Энэ удаагийн УАШТ нь улсын статустай болж байгаа учир төр захиргааны байгууллагаас хамтран зохион байгуулж, Спорт Аялал Жуулчлалын Яам, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны удирдах албан тушаалтнууд тэмцээний нээлтэнд оролцсон юм. Тэмцээний дундуур тамирчид зохион байгуулалттайгаар хоолонд орж, халуун дотно яриа өрнүүлж байсан нь ёстой л нэг загасчин тамирчдын наадам болж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа.
 
Энэ тэмцээн нь цаашдаа жил бүр “Монгол Шилтгээн”-д явагдах бөгөөд Флай-Фишинг гэдэг энэ гайхалтай загасчлалын төрөл хөгжлийн зүг рүү нэгэнт хөдөлснийг тэмцээнд оролцож байгаа тамирчдын ур чадвар, цар хүрээгээр дүгнэж болхоор байлаа. Тэмцээнийг Монголын Флай-фишингийн Холбоо, Монголын Загасчлах Спортын Клубуудын Нэгдлээс хамтран зохион байгуулсан ба Уран Уургач дэлгүүр, Коста нүдний шилний брэнд, ТФО флай уурга зэрэг брэндүүд албан ёсны ивээн тэтгэгчээр оролцсон юм.
 
Ирэх жилийн тэмцээн хол байна даа хол байна даа.
 
Дашрамд дурьдхад энэ зун Монголын Загасчлах Спортын Клубуудын Нэгдлээс Флай-Фишингийн загас барилтын анхдугаар тэмцээнийг зохион байгуулна хэмээн клубуудын нэгдлийн зүгээс мэдэгдээд амжив. Магадгүй та Флай-Фишинг сонирхдог бол тэмцээнд оролцох үүд хаалга хэн бүхэнд нээлттэй гэсэн шүү.

Ингээд сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулж, Монголынхоо гол горхи загас жараахайд санаа тавьж, байгаль дэлхийгээ хайрлаж, зөв зохистойзагасчлал, цэвэрч нямбай аялал зугаалга хийхийг нийт ард иргэддээ уриалсан Монголын Загасчлах Спортын Клубуудын Нэгдэл (Загасчлалын Анд-Fishing Buddy club, Дэгээ-Hook club, Монголын Флай-Фишингийн Холбоо, Загасчин ахан дүүс-Fishing Brothers club, Хобби-Hobby club, Цэнгэг-Tsengeg club, Нүүдэлчид-Nomads club) та бүхний цаашдын ажилд Монголынхоо нийт ард түмэн, хобби нэгтэй нөхдийнхөө өмнөөс амжилт хүсье!
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.