Банкаар үйлчлүүлэхэд шаардагддаг бичиг баримтын тоог цөөлөх “ХУР” системийг нэвтрүүллээ
Төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээг хялбарчлах зорилгоор ХХМТГ болон Үндэсний дата төв УТҮГ–аас төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж, энэ оны 1 дүгээр сараас нэвтрүүлсэн. Монгол Улсын түүхэнд төрийн дижитал үйлчилгээний суурь хэмээн тодоор тэмдэглэгдэх “ХУР” системийг салбартаа тэргүүлэгч Голомт банк 2018.04.05-ны өдөр монголын бизнесийн байгууллагуудаас анх удаа үйлчилгээндээ нэвтрүүллээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Үндэсний Дата Төв УТҮГ-ын захирал Б.Батжаргалтай “ХУР” системийн талаар  ярилцсан юм.


Үндэсний Дата Төв УТҮГ-ын захирал Б.Батжаргал
 
  • Иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор хэрэгжүүлсэн ТҮЦ машины үйлчилгээнд иргэд ам сайтай байдаг. Харин энэ оны 1 сараас төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг ашиглалтад орууллаа гэж зарласан. “ХУР” систем гэдэг нь яг ямар учиртай систем бэ?
 
-Цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын мэдээллийг харилцан солилцуулах боломжийг бүрдүүлж цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх, нийгмийн бусад тулгамдсан асуудлыг шийдэх нь хамгийн зөв гарц юм. Иргэд төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар очиход бусад төрийн байгууллагад байдаг иргэний  мэдээллийг нэхдэг. Энэ нь төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо хангалтгүй, харилцан мэдээлэл солилцох боломж бүрдээгүйтэй холбоотой юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас баталсан “Төрийн мэдээлэл солилцооны системийн талаар баримтлах бодлогын чиглэл”–ийн хүрээнд Үндэсний дата төвөөс нээлттэй эхийн платформ дээр суурилсан, “Enterprise Service Bus” архитектуртай “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системийг өнгөрсөн есдүгээр сараас туршилтаар, энэ оны 1 дүгээр сараас албан ёсоор нэвтрүүллээ.
 
  •  “ХУР” системээс ТҮЦ машинд байхгүй ямар үйлчилгээг авах боломжтой вэ? Энэ хоёр үйлчилгээ нь юугаараа ялгаатай вэ?
 
-ТҮЦ машины хувьд иргэд өөрт ойр байрлах ТҮЦ машинаас шаардлагатай лавлагаа, тодорхойлолтыг авч үйлчилгээний байгууллагуудад хандаж үйлчилгээ авдаг.

Харин “ХУР” системд тухайн үйлчилгээний байгууллага нэгдсэнээр тухайн иргэнээс ямар нэг лавлагаа тодорхойлолт шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Одоогийн байдлаар “ХУР” системийг нэвтрүүлсэн үйлчилгээний байгууллага нь иргэний 43 төрлийн мэдээлэлтэй тухайн иргэний зөвшөөрлөөр танилцаж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлээд байна.



Бусдад түгээх
  • gplus