Х.Энхжаргал: Зохион байгуулалттай гэмт хэрэг улс үндэстний аюулгүй байдалд заналхийлж байна
АТГ-ын санаачилгаар “Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр болов.

Энэхүү хэлэлцүүлгийг нээж тус газрын дарга Х.Энхжаргал “Улс үндэстний аюулгүй байдалд заналхийлж байгаа гол аюулын нэг нь зохион байгуулалттай гэмт хэрэг болоод байна. Ялангуяа авлига, мөнгө угаах, хүн худалдаалах, зэвсгийн наймаа, мансууруулах бодис худалдаалах, терроризм зэрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, ял шийтгэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд улс орнуудын хамтран ажиллах, харилцан туслалцах гэрээ үр дүнд хүрнэ гэдэг нь олон улсын практик нэгэнт нотлоод байгаа. Авлигын гэмт хэргийн замаар олсон хууль бус орлого, хөрөнгө, банк санхүүгийн байгууллагаар эргийн гаднах дансанд нуух зэргээр санхүүгийн нүсэр бүтцийг ашиглан үйлдэгдэж байгаа нь дэлхий нийтэд тодорхой болсон. Энэ гэмт хэргийг нотлоход хүндрэл учруулж байгаагийн зэрэгцээ хуульчдаас нотлох баримтыг цаг алдалгүй цуглуулах, хурдтай ажиллахыг шаардаж байна. Нотлох баримтыг хуулийн хүрээнд туйлын шуурхай олж авч бэхжүүлэхэд эрх зүйн харилцан туслалцааны гэрээ нэн тэргүүнд шаардлагатай байгаа. Иймд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгарч буй  хууль эрх зүйн болон практик хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн шийдэлд хүрэх шаардлага байгаа учраас энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Сүүлийн үед шалгагдаж байгаа оффшор, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр гэх мэт Монголын эдийн засагт нөлөө үзүүлж байгаа томоохон хэргүүдийг шалгах явцад мөнгө угаах терроризмтэй тэмцэх болон санхүүгийн мэдээллийн, тагнуулын зэрэг байгууллагатай хамтарч ажиллаж байгаа хэдий ч нотлох баримтыг тэр болгон энэхүү шугамаар олж авч чадахгүй байгаа нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулахад хүрээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг нэгжлэх хийх, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх болон олон улсын бусад гэрээ хэлэлцээрийн дагуу хийж гүйцэтгэнэ гэж заасан. Үүний дагуу Монгол Улс Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэж орсон. Энэ конвенцийн хүрээнд бид бас нотлох баримтуудыг цуглуулах гэж олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүхийн практикт өнөөдөр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу авсан баримтыг нотлох баримтаар үнэлэхээр байгаа. Иймд энэ Конвенц болон олон улсын байгууллагын гэрээний шугамаар хүлээн авч цуглуулсан бусад мэдээ мэдээллүүдийг хэрхэн үнэлж ял шийтгэл ногдуулах вэ гэдэгт нэгдсэн ойлголтыг бий болгох нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.