Дархан аваргаа сүүлчийн замд нь үдэж, экс Ерөнхий сайдуудыг хорьсон долоо хоног
Улирч буй долоо хоногт улс эх орны хувьд эрхэм хүнээ алдаж уй гашууд автсан бол улстөрийн хүрээнд экс Ерөнхий сайд нараа цагдан хорьж, яллагдагчаар татсан түүхэн үйл явдалтай долоо хоног болж өнгөрөв. Мөн Ерөнхий  сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал болоод дотоододоо хийсэн албаны айлчлал нь яах аргагүй анхаарал татав. Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлъя.

С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрыг яллагдагчаар татлаа

Долоо хоногийн эхний өдөр Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрыг баривчилсан баривчилгаагаар эхлэв. Тэднийг Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудалд холбогдуулан шалгаж байгаа бөгөөд түр хугацаагаар гадаадад өвчтэй дүүгээ харж байсан Ч.Сайханбилэгийг эх орондоо ирснийх нь маргааш мэдүүлэг авна гэж дуудаад улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа юм. Мөн С.Баяраас ч мэдүүлэг тайлбар авна гэж дуудаж ирүүлээд баривчилсан байна. Тэгвэл тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнгөрсөн пүрэв гарагт болж, шүүхээс 30 хоног баривчлах шийдвэрийг гаргав. Энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзсэн өмгөөлөгчид нь дараагийн шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн.

Ерөнхий сайд С.Баярыг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан нь хууль бус үйлдэл. Гэмт хэргийн баримт нотлох баримтыг устгаж, зөөвөрлөж магадгүй гэсэн үндэслэлээр баривчилсан байгаа юм.  Ийнхүү АТГ-ын мөрдөгчид эдийн засгийн ээдрээт хэрэгт гол буруутгагдаад байгаа эрхмүүдийг саатуулж дуулиан тарив.

Хоёр Ерөнхий сайдаа хорьсон улс орны нэр сүр дэлхийд унаж, Оюутолгойн хувьцаа унах асуудал үүсэж магадгүй. Энэ нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлнө ч гэж бодож, бичиж байгаа хүмүүс олон байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Улсаа дэлхийд шившиг болгосон Ерөнхий сайд нар. Тэдэнд хуулийн зохих хариуцлагыг ногдуулах нь Монголын нэр хүндийг өргөнө” гэж жиргэжээ. Юутай ч энэхүү “том” хэрэг хэрхэн яаж шийдвэрлэгдэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Дархан аварга Ж.Мөнхбат таалал төгсөв

Монгол түмний минь бахархал болсон харишгүй их хүчтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, даяар дуурсагдах Дархан аварга Ж.Мөнхбатаасаа эх орон, элгэн садан, элэг нэгтнүүд нь өнчирч хоцорлоо. Өнгөрч буй долоо хоногийн хамгийн харуусалтай мэдээ бол энэ байв. 77 насандаа бурхны төрлийг олохоор тэнгэрт халисан аваргаа өнгөрсөн баасан гарагт сүүлчийн замд нь үдэж гаргалаа.

Сүүлчийн замд үдэх ёслолд Ж.Мөнхбатын хүү, Японы сумо бөхийн Их аварга М.Даваажаргал, Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр, залуу аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр нарын бөхчүүд ирсэн байв.

Монгол бөхийн тэргүүн магнай байсан Их аваргаа монгол түмэн энэ өдрүүдэд түүний гэр бүл, бөхийн хамт олон, хамтран зүтгэгч, ах дүүс, найз нөхөд нь эмгэнэн гашуудаж байна. Түүний нэгэн үеийн их хүчтэн, анд нөхөр, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй Монгол Улсын аварга, арслан, гарьд, заан, харцага, начин тэргүүтэй бөхчүүдийн төлөөлөл Их аваргадаа мэхийн ёсолж, их хүндэтгэл үзүүллээ.  Талийгаачийг Спортын төв ордноос гаргаж, Алтан-Өлгий руу нутаглуулсан бөгөөд аваргын биеийг нь оршоосон алтан өлгийн чулуунаа “Хаях би яараагүй байхад, унах чи юундаа яардаг байна” гэж хэлсэн алдарт үгийг нь мөнхөлжээ.

Ерөнхий сайд урд хөршөөс аяны богц дүүрэн ирэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн ажлын өдрүүдэд БНХАУ-д албаны айлчлалыг амжиллтай хийлээ. Түүнийг гар хоосон ирэх үү, ганзага дүүрэн ирэх үү гэсэн хүлээлт байсан. Тэгвэл ямартаа ч аяны богц дүүрэн олз омогтой ирсэн сурагтай.  Хоёр орны Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийсэн.

-Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
-БНХАУ-ын Засгийн газраас олгохоо илэрхийлсэн 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр
-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
-Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай Монгол Улсыг төлөөлж Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр
-Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан санамж бичиг,
-Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө
-Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал
-“Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг баримт бичигт Монголын талаас салбар хариуцсан сайдууд нь оролцож санамж бичигт гарын үсэг зуржээ.
Ийнхүү урд хөршид албаны айлчлалаа өндөрлөсөн Ерөнхий сайд Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын үйл ажиллагаатай танилцав. Тэрбээр хил, гааль, мэргэжлийн хяналт, ГИХАХ-н ажиллаж байгаа алба хаагчидтай уулзахдаа “Боомтуудын хүчин чадлыг нэмж өргөтгөнө. Хүндрэлтэй байгаа асуудлыг яаралтай шийднэ” гэдгээ хэлжээ.

Эцэг эхчүүдийн хайхрамжгүйгээс болж хүүхдүүд хохиров

Эцэг эхийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж бяцхан үрс минь амь насаараа хохирсоор байна. Өнгөрсөн долоо хоногт эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын хайхрамжгүй байдлаас болж гурван хүүхдийн амь нас хохирч, олон хүүхэд зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэргүүд гарлаа.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хашааныхаа үүдэнд тоглож байсан нэг нас 8 сартай эрэгтэй хүүг машинаараа мөргөж амийг нь хохироосон билээ. Мөн Багануур дүүрэгт гэртээ тоглож байсан 3-5 насны гурван хүүхэд гэрээсээ тоглохоор гараад хоёр нь эргэж ирэхгүйгээр хорвоог орхив. Эцэг эх нь зургаан цагийн дараа хүүхдүүдээ алга болсныг мэдэж холбогдох газруудад дуудлага мэдээлэл өгчээ. Эрлийн багийнхан 14 цаг хайж тэднийг Багануур дүүргээс есөн км-ийн зайд орших Улаан эрэг гэх газраас олсон ч тав, гурван настай хоёр хүү хэдийнэ осгож амьсгал хураасан байжээ. Харин амьд үлдсэн нэг нь одоо дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Ийнхүү томчууд бидний анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй зангаас болж юугаа ч мэдэхгүй бяцхан үрс хорвоог орхилоо, эргэж ирэхгүйгээр мөнхөд нойрсов.  

Мөн хараа хяналтгүй, ганцаараа замын хөдөлгөөнд явганаар оролцож яваад машинд мөргүүлсэн шүргүүлсэн хүүхдүүдийн тоог Замын цагдаагийн газраас мэдээлэв. Нэг өдөрт гэхэд 3-8 хүүхэд зам тээврийн осолд өртдөг байна.

О.Сайхан
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-05-09 05:04:24
    Хорьж шалгаж болно харина хүн хэлмэгдүүлчих вийдээ
    66.181.160.79
    Мэдэгдсэн Хариулах
  • хариу 2018-04-15 08:29:40
    Мөнхбат аварга бурханы оронд шилжих байх. Харин эксүүдийг сайн шалгаж олон жилийн ял өгөх байх гэж найдаж байна. Манай шүүх ял өгч чаддагийг Энхбаярт харуулсан
    103.229.120.206
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоёин 2018-04-15 04:28:03
    Бүгдийг нь шоронд хийж Си Жин Пинээр удирдуулъя. Дээр байгаа бүх 76 худалч хулгайч алуурчид.
    103.229.123.34
    Мэдэгдсэн Хариулах