Усыг хэрхэн хэмнэх нь иргэн таниас шалтгаална
Ус, агаар бол амьдралыг тэтгэгч. Тиймээс ч ус чандмань эрдэнэ гэж нэрийддэг. Ус үгүй, агааргүй бол хүн төрөлхтөн амьдрах, амьдрал үргэлжлэхэд үнэндээ бэрх. Ус, агаараар амьдрал нөхөгдөж үргэлжилнэ. Агааргүй бол хэдхэн минутад бачуурч үхэх аюултай, харин усгүй бол үрчийж хорчийж хатсаар байгаад амь тавина, хоол хүнсгүй бол өлбөрч үхнэ. Нийгэм хөгжихийн хэрээр байгаль экологийн асуудал хөндөгддөг.

Өнөөдөр дэлхий нийт хүн амын 5 хүн тутмын 1 нь усны хомсдолтой амьдарч байна. 

Үнэндээ ус, ургамал,  хөрсний бохирдол, агаарын бохирдол үнэндээ тулгамдсан асуудлын нэг болчихоод байна. Энэ оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 4990 хэрэглэгчтэй цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээтэй ажиллаж байна. Гэтэл 2030 он гэхэд хотын цэвэр усны нөөц шавхагдана гэсэн судлааг Ус сувгийн удирдах газраас гаргажээ. Нийслэлийн хэмжээнд сүүлийн хэдхэн жилийн хугацаанд хүмүүсийн буруутай үйлдлээс болж, 22 гол горхи, 22 булаг шанд, нэг рашаан, нэг нуур ширгэсэн байна. Цэвэр усны эх үүсвэргүй л болж байна гэсэн үг юм. Юм бүхэн хязгаартай байдаг бол, ус ч гэсэн хэмжээтэй юм. Удахгүй уух усны асуудал Улаанбаатарт хүндэрч мэдэхээр болжээ.
Хүн төрөлхтөн өнөөдөр өөрсдийгөө “бүтээж” болгож байгаа ч үр хойчоо бодохгүй байгаль дэлхийнхээ эсрэг гэмт хэрэг тарьж, ногоон орчноо сүйтгэн устгаж “балар” болгож байгаа нь дэндүү харамсалтай. Нөгөөтэйгүүр,  дэлхийн уур амьсгал, цаг уурын өөрчлөлт, дулааралтай холбоотой гол мөрөн ширгэж хатаж, ууршиж байгаа нь үнэн.  Тэгвэл 70 хувь нь уснаас бүтдэг цэнхэр гаригаа, олдож байгаа балга усаа хайрлан хамгаалж хэмнэхгүй бол амьдрал удаан оршин тогтнохгүй, мөхлийн ирмэгт тулж очих цаг хэзээ нэг өдөр ирэхийг үгүйсгэхгүй юм.

Монголчууд хар ус харамладаггүй гэж ярьдаг. Гэхдээ одоо цагт харамлахаас аргагүй хар ус болжээ. Амьдралыг тэтгэгч ариун цэнгэг усаа хайрлаж, хамгаалах нь иргэн хүний ухамсар, хариуцлага.  Ус ууршина, шавхагдана, дуусна дундарна. Хүн амын унд ахуй, газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрүүд, аялал жуулчлал ногоон байгуулламжинд усыг байнга хэрэглэнэ. Гэхдээ хүний оролцоотойгоор ус хэрэглэгдэнэ. Гэвч усанд хайр гамгүй, байгаагаар нь балгалзаж хандснаас болж өнөөдөр усны нөөц тодорхой хувь, тодорхой шалтгаанаар багасч, гол мөрөн, булаг шанд, горхи ширгэж байгаа нь тун харамсалтай. Амьд бүхнийг ундаалагч ус “уйлж” байна. Бусдын буруутай үйлдлээс болж урсацыг нь тасалж, ундаргыг нь багасгаж байгаад аврал эрж байна.
Дээрх судалгаанаас харвал нийслэлчүүд бид усандаа хайр найргүй хандвал цэвэр усны эхгүй, цэвэр усны нөөцгүй болж хатаж, шавхагдсан хайрга дайргатай үлдэх аюул хаяанд ирснийг анхааруулж байна гэсэн үг юм. Тиймээс өнгөрсөн хугацаандаа харамсах биш, өнөөдрөөс эхлэн балга усаа гамнаж, хэмнэж хэрэглэж сурах тал дээр анхаарч дадал зуршлаа болгоё.

Хамгийн гол нь хүн болгон дор бүрнээ усаа чин сэтгэлээсээ хайрлаж, хэмнэх, гамнах, хайрлахаас бидний амьдрал эхэлнэ. Усыг яавал гамнаж, хэмнэх тал дээр толгойгоо гашилгах хэрэггүй юм. Ердөө л  иргэн хүний ухамсар сэтгэл, хариуцлага байхад хангалттай. Ухаалагаар хэрэглэх нь их энгийн ойлголт. Харин төр засгийн хувьд усыг хэмнэх, гамнах эрх зүйн орчныг сайн бүрдүүлж, “тахир дутуу” болсон хуулиндаа өөрчлөлт оруулж, бодлогоо илүү боловсронгуй болгох нь зүйн хэрэг.
Мөн экологийн боловсролыг багачуудад багаас нь олгох хэрэгтэй гэж үзсэний үүднээс БОАЖЯ-ны дэргэдэх Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сургагч багш нар сургуулийн хүүхдүүдэд усны үнэ цэнэ, хэрхэн хамгаалах зэргээр хичээл заадаг байна. Түүнчлэн орон нутагт ч урилгаар очиж хичээл зааж, сургалт явуулдаг гэнэ.
Орон сууцныхан усыг их хэмжээгээр хэрэглэдэг байна. Нэг иргэн дунджаар 200 литр ус хэрэглэж байхад гэр хорооллын нэг иргэн хоногт 8 литр ус хэрэглэж байгаа нь харьцангуй ойлголт юм. Тиймээс усаа хэмнэхийг хэвшил болгох нь зүйтэй.

-Хэрэв та өдөрт 2 удаа тус бүр 3 минут шүдээ угаадаг гэж бодъё. Энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд 5 литр ус зарцуулж улмаар жилд 10950 литр ус үргүй зарцуулна.  Ерөөс шүдээ угаахдаа нэг аяга ус буюу 250 мл усаар угаахад хангалттай юм. Ингэснээр та жилд 9100 литр ус хэмнэнэ. Иймээс шүдээ угаах , сахлаа хусахдаа крантаа  байнга хааж байхыг сана.
-Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулж багаар гоожуулах нь ус хэмнэлтийн нэг хэлбэр. Ус хэрэглэсний дараа крантаа сайн хаа. Шүршүүрт орохдоо бие савандах үедээ усаа хааж бай.
-Аяга тавгаа угаахдаа мөн адил усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулах, саванд хийж угаах.
-Мөн жимс ногоог угаахдаа гал тогооны тосгуурыг хагаслаж дүүргээд угаах нь таны ус болон мөнгийг хэмнэх болно.
-Хүнс ногоо угаасан усаа битгий  асга, түүгээр  гэрийнхээ  цэцэг ногоог усла.
-Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа  сайтар  үрж  зүлгэхдээ  усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайл.
-Мөн бочкиний усны товчлуураа хоёуланг нь зэрэг дарах биш, нэгийг нь хүндээр биеэ засахдаа, нэгийг нь хөнгөнөөр биеэ засахдаа дардаг байх  гэх мэтээр явах юм бол нэг хүн дунджаар 140 литр ус хэмнэх боломжтой гэсэн судалгаа тооцоог гаргажээ. Гэх мэтчилэн айл өрх бүр энгийн зарчмыг баримталбал, их ус хэмнэнэ, нөөцөлнө гэсэн үг юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хүн 2018-04-17 08:34:00
    Усаа хайрлаач дээ, хүмүүс ээ. Яасан ойлгодоггүй юм бэ дээ
  • Бат 2018-04-16 08:07:55
    Дээр үед ажил муутай хүний өлсөж үхнэ гэдэгсэн одоо хатаж үхнэ цэвэр усны үнэ бензинээс үнэтэй болноо
  • Чука 2018-04-16 05:31:38
    Усны тухай бодох бүрт элэг эмтрэх юм.
  • Долгион 2018-04-16 05:30:22
    Усны үнэ цэнийг мэдэхгүй хүмүүстэй юу ярих вэ дээ...
  • Цэцэг  2018-04-16 04:02:28
    30 онд цэвэр усгүй хатаж үхэх юм байна л даа