Тереза Мэй: Сирид пуужингийн цохилт хийсэн нь хуулийн дагуу үйлдэл

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Сирийн химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй объектуудад пуужингийн цохилт хийсэн нь амжилттай болсон, ингэх хууль зүйн бүрэн үндэслэл бий гэж мэдэгджээ.

Их Британийн Засгийн газар уг цохилтод бэлтгэсэн болон ийм ажиллагаа явуулах хууль зүйн байр сууриа нотолсон Засгийн газрын өмгөөлөгчдийн хууль зүйн товч лавлагааг нийтэд ил болгожээ. Цохилтыг АНУ, Их Британи, Франц зэрэг улс Сирийн Дамаск болон Хомсын ойролцоох цэргийн объектуудад үзүүлсэн юм. Тэд Сирийн Дума хотод химийн зэвсэг хэрэглэж, энгийн номхон олон иргэн, тэр дундаа хүүхдүүд энэхүү халдлагад өртсөний хариу болгож, цохилт үзүүлсэн гэнэ.

Харин Тереза Мэй бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурлаараа цохилт хийсэн нь Их Британийн үндэсний ашиг сонирхолд бүрэн нийцсэн, зөв шийдвэр байсан гэжээ. “Энэ бол иргэний дайнд хутгалдан орсон хэрэг биш. Бас дэглэмийг өөрчлөх гэсэн оролдлого биш. Энэ нь бүс нутагт цаашид тогтворгүй хүнд байдалд хүргэхээс хязгаарласан, энгийн номхон хүн амыг аль болох бага хохирол амсуулахын тулд боломжтой бүхнийг хийсэн үйлдэл байсан" гэж тэмдэглэжээ.

Түүний хэлж буйгаар Их Британийн Засгийн газар Сири улсыг химийн зэвсэг хэрэглэсэн байх магадлал маш өндөр байна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэнэ. Мөн Асадын дэглэм дөрөвдүгээр сарын 7-нд иргэддээ урьд өмнө нь дуулдаагүй бүдүүлэг хэрцгий цохилт үзүүлснийхээ хариуцлагыг үүрэх нь тодорхой хэмээсэн байна. Торхтой бөмбөгийг цэргийн нисдэг тэрэгнээс хаясан, өөр ямар ч бүлэглэг ийм цохилт үзүүлж чадахгүй байсан гэдгийг бүх зүйл харуулж байна хэмээн Мэй тэмдэглэжээ.

Түүнчлэн тэрбээр Сирид болсон химийн зэвсэгтэй халдлага, Солсбери дэх халдпагын хоорондын хамаарлыг судалж үзсэн, аль алинд нь мэдрэл сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэдгийг цохон тэмдэглэсэн байна. “Бид хэзээ ч химийн зэесэг хэрэглэхийг хэвийн зүйл болохыг хүлээн зөвшөөрч болохгүй. Сирид ч бай, Их Британийн гудамжинд ч бай, өөр хаана ч байсан ялгаагүй” хэмээн тэрбээр мэдэгджээ.
 

Бөмбөг энх тайвныг авч ирэхгүй


Харин Британийн парламентын сөрөг хүчний удирдагч Жереми Корбин тусгаар Тогтносон Сири улсад хүч хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юу гэсэн асуулгыг Тереза Мэйд тавьжээ. “Бөмбөг хүний амь насыг аварч, энх тайвныг авч ирэхгүй. Энэ бол хууль зүйн хувьд эргэлзээтэй үйл ажиллагаа, цаашид өөрсдөдөө эрсдэл авч ирэх зүйл” хэмээн Жереми Корбин хэлсэн байна.

Тэрбээр “Тереза Мэй Дональд  Трампыг дагах бус, парламентынхаа дэмжлэгийг авч байж хөдлөх ёстой байсан” гэжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ‘‘Twitter”-ээрээ дамжуулан “Энэ бол агуу гүйцэтгэлтэй цохилт байсан" хэмээгээд Франц, Их Британид “ухаалаг шийдвэр гаргаж, цэргийн агуу их хүч чадлаа харуулсан”-д нь талархлаа илэрхийлжээ. “Угаасаа ч сайн үр дүнг хүлээх шаардлагагүй байсан. Даалгавар амжилттай дууссан” хэмээн Трамп нэмж өгүүлжээ.

Харин Сирийн гол холбоотон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн объектуудад өгсөн цохилтыг шүүмжилж, түрэмгийллийн хандлага хэмээн нэрлэжээ. Бямба гарагт ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр Сирид үзүүлсэн пуужингийн цохилтыг шүүмжилсэн тогтоолдоо дэмжлэг авч чадаагүй байна. Оросын тогтоол зөвхөн Орос, Хятад, Болив гэсэн гуравхан улсын саналыг авсан бол найман улс эсэргүүцэж, дөрөв нь ямар нэгэн санал илэрхийлэхээс татгалзжээ. Уг нь энэхүү тогтоолыг батлахад дор хаяж есөн орны дэмжлэгийг авах ёстой байв.
 

Британи улс Сирид ямар зэвсэг хэрэглэсэн бэ?


Ажиллагаанд Вант улсын Агаарын цэргийн хүчний “Торнадо” хэмээх дөрвөн онгоц оролцсон байна. Эдгээр онгоц Кипрт байрладаг аж. Британи улс өнгөрсөн зууны 50-иад оноос Кипрт Акротири агаарын цэргийн баазаа байршуулжээ. Онгоц бүр “Сторм Шэдоу” далавчит пуужин тус бүр хоёрыг тээсэн байна.

“Торнадо” олон байт сөнөөгч нь 1980-аад оноос хойш Вант улсын Агаарын цэргийн хүчний үндсэн онгоцуудын нэг болсон бөгөөд Иракийн дайнд Иракийн агаарын цэргийн нислэгийн хориглосон бүсэд эргүүл хийхэд ашиглаж байсан аж.

“Сторм Шэдоу” далавчит пуужин нь 1300 кг жинтэй, 5.1 метр урттай, 240-өөс дээш км радиуст тусах чадалтай. Цэргийнхэн энэхүү пуужинг хонгил устгахад зориулагдсан, дэлхий дээрх энэ төрлийн зэвсгүүдээс хамгийн шилдэг нь гэжээ.
 

Сирид пуужингийн ЦОХИЛТ хийснийг олон улс хэрхэн хүлээн авав?


Дэлхийн нөлөө бүхий улс орнууд бараг бүгдээрээ өнгөрсөн бямба гарагийн шөнө АНУ, Их Британи, Францаас Сирийн цэргийн объектуудад өгсөн пуужингийн цохилтын асуудлаар мэдэгдэл хийсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш НҮБ-ын бүх гишүүн орнуудаа аль болох хүлээцтэй байж, Сирийн ард түмний зовлон шаналлыг нэмэхгүй байхыг уриалжээ.

Иран. Башар Асадыг шууд байдлаар болон “Хезболла” бүлэглэлийн отрядаар дамжуулан дэмждэг Тегераны хувьд дөрөвдүгээр сарын 14-нд болсон цэргийн ажиллагааг Сирийн эсрэг түрэмгийлэл гэж нэрлэжээ. Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани Сирийн Ерөнхийлөгч Башар Асад руу утас цохисон тухай САНА агентлаг мэдээлсэн байна. Ираны шашны удирдач Аятолла Хаменеи Сирид болсон халдлагыг гэмт хэрэг хэмээгээд цохилт өгөхийг зарлигдсан Дональд Трамп, Тереза Мэй, Эммануэль Макрон нарыг гэмт хэрэгтнүүд гэжээ.

Ойрх Дорнод болон Арабын ертөнц. Сирийн газар нутаг дахь цэргийн зөрчилдөөн идэвхтэй оролцдог Турк улс барууныхан Сирийн Засгийн газрын объектуудад пуужингийн цохилт хийснийг химийн халдлагад тохирсон хариулт гэжээ. “Дума хотод болсон халдлагын дагаа хүн төрөлхтний ёс зүйд зөөллөсөн энэ ажиллагааг бид дэмжиж байна. Уг химийн халдлагыг Сирийн дэглэмийг сэжиглэх томоохон үндэслэл бий” гэж Туркийн ГХЯ-наас мэдээлсэн байна. Анкара 10-аадхан хоногийн өмнө Турк, Орос, Ираны гурвалсан дээд хэмжээний уулзалтын үеэр Сирийн хямралыг шийдвэрлэх нэгдсэн стратегийн тухай хэлэлцэж байсан гэхээр хэлсэн үгнээсээ буцсан үйлдэл болж байгаа юм.

Сүүлд нь Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Британийн Ерөнхий сайд Тереза Мэй рүү Сириг бөмбөгдсөн асуудлыг хэлэлцэхээр утас цохисон гэнэ. “Анадолу” агентлагийн мэдээлснээр тэрбээр Мэйд Сирийн байдлыг хүндрүүлэхээс зайлсхийх шаардлагатай гэж мэдэгдсэн гэжээ. Арабын орнуудын дотор энэ асуудлаар байр суурь хуваагдмал байдалд байна. Сиритэй хиллэдэг, “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй томоохон тэмцэл өрнүүлж буй Ирак улс л гэхэд Сирийн Засгийн газрын объектууд руу өгсөн цохилт алан хядагчдад ашигтайгаар эргэж магадгүй гэдэгт санаа зовж байна. “Энэхүү үйлдэл нь бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд заналхийлсэн аюултай үр дагавар учруулж магадгүй. Мөн Иракаас хөөн гаргаж, Сирид ухарсан алах хядах ажиллагаанд байр сууриа өргөжүүлэх боломж болж мэднэ” гэж Иракийн ГХЯ мэдээллээ. Багдад энэ асуудлыг Арабын орнуудын лигийн дээд хэмжээний уулзалтад хэлэлцэхийг уриалжээ.

Арабын орнуудаас хамгийн түрүүнд Катар энэхүү пуужингийн цохилтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Дохагийн үзэж буйгаар энэ нь энгийн номхон иргэдийн эсрэг дайтаж буй Сирийн дэглэмийг зогсооход тустай гэнэ.

Саудын Араб мөн АНУ, Британи, Францын үйлдлийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. “Энэхүү цэргийн ажиллагаа нь Сирийн дэглэмээс ямар ч буруугүй иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг химийн зэвсэг үргэлжлүүлэн хэрэглэсний хариу боллоо” гэж Саудын Арабын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Иордан улс Сирийн газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлын цорын ганц баталгаа нь зөрчил маргааныг улс төрийн замаар шийдвэрлэх гэж үзсэн бол Израиль улс Арабын орнууд дотроо огт чимээгүй байгаа орны тоонд оржээ. Тус улс Голаны өндөрлөгт зорчигч тээврийн нислэгийн 1500 метр хүртэлх өндөрт орших агаарын замыг хаажээ.

Тэгвэл Азийн орнууд энэ асуудлаар ямар байр суурьтай байгааг хүргэе. Хятад улс олон улсын асуудалд хүч хэрэглэхийг зарчмын хувьд эсэргүүцдэг, улс орнуудын халдашгүй, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар топгнолыг хүндэтгэдэг гэжээ. “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гадуурх нэг талыг барьсан ямар ч цэргийн ажиллагаа НҮБ-ын тунхаглалыг зөрчсөн хэрэг юм” хэмээн Бээжингийн албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. Харин химийн дайралт хийсэн гэх асуудлыг сайтар мөрдөн шалгах ёстой гэж Хятад улс үзэж байна.

Япон харин үүний эсрэг байр суурьтай байна. Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ цэргийн ажиллагааг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. “Химийн зэвсэг хэрэглэх нь хүмүүнлэг бус, огт зөвшөөрч болохгүй зүйл. Бид АНУ, Британи, Францын байр суурийг бүрэн дэмжиж байна. Бид нөхцөл байдлыг илүү дордуулахгүйн тулд шаардлагатай арга хэмжээ авсан үйлдэл гэж энэхүү үйл ажиллагааг дүгнэж байна” хэмээн Абэ Осака хотод байх үедээ мэдэгджээ.

Европын орнуудаас Герман улс Сирид цэргийн цохилт өгөх ажиллагаанд оролцохоос урьдчилан татгалзсан боловч НАТО-гийн холбоотнуудаа дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Канцлер Ангела Меркель АНУ, Их Британи, Францын хүчин Сирмйн объектуудад пуужингийн цохилт хийснийг шаардпагатай чухал зүйл, Асад ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн асуудалд сэжиглэгдэж буйн хариу арга хэмжээ гэжээ. “Бид Америк, Британи, Францын холбоотнуудаа хариуцлагыг үүрч байгааг нь дэмжиж байна. Цэргийн ажиллагаа хийх шаардпагатай, хийх ч үндэслэл бий” хэмээн Меркель хэлсэн байна.

Мөн Чех, Нидерланд, Испани, Португал, Румын, Словени, Латви, Эстон, Украин ч пуужингийн цохилтыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ш.БАТХҮҮГИЙН ХОРИГДОХООС ӨМНӨХӨН ӨГСӨН  2018-04-16 16:15:50
    https://www.youtube.com/watch?v=O_PYlwcf-4k