Оюутны дотуур байрны хүрэлцээг хоёр дахин нэмэгдүүлнэ
БСШУСЯ, Монголын дотуур байрны багш нарын холбоо, Монголын оюутны холбоо хамтран Монголын дотуур байрны багш нарын улсын IV зөвлөгөөнийг өнөөдөр МУБИС-ийн байранд зохион байгууллаа. Зөвлөгөөнд их, дээд сургуулийн удирдлага, оюутны дотуур байрны эрхлэгч, багш, оюутан суралцагчдын төлөөлөл гээд нийт 100 гаруй төлөөлөгч оролцсон юм. Зөвлөгөөний гол сэдэв нь, эцэг эхийнхээ гэрээс гарч, эрдэм ном сурахаар хот бараадан ирж байгаа оюутан залуусыг ямар орчин нөхцөл угтан авч байна, тэдний суралцах, амьдрах орчныг цаашид яаж улам илүү сайжруулах ёстой вэ гэсэн асуудлын хүрээнд зөвлөлдөх байлаа.

Зөвлөгөөнийг нээж, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан хэлэхдээ, “Дээд боловсролын чанар нь оюутан залуучуудын суралцах үйл хэрэгтэй хамааралтай асуудал. Тиймээс оюутан залуучуудын амьдрах орчин нөхцөлтэй холбоотой юм. Бид өнгөрсөн хугацаанд боловсролын салбарын бүхий л шатны үйл ажиллагаанд анхаарч, үнэлэлт дүгнэлт өгч, эрдэмтэн багш нарынхаа үгийг сонсож, тулгамдаж буй асуудлын шийдлийг олохын тулд шат дараалсан ажлуудыг зохион байгуулсан. Үүний нэг нь, өнөөдөр болж буй Монголын дотуур байрны багш нарын IV зөвлөгөөн юм. Энэхүү зөвлөгөөнөөр оюутны дотуур байрны тулгамдаж буй асуудал, нөгөөтэйгүүр хаана сайн туршлага хэрэгжиж байгааг хуваалцах, цаашид оюутны амьдарч байгаа орчныг хэрхэн сайжруулах тал дээр хамтдаа шийдэл хайх зөвлөгөөн” гээд нийт зөвлөгөөнд оролцож буй их, дээд сургуулиудын удирдлага, дотуур байрны багш нар, оюутны төлөөлүүдэд амжилт хүсэв.
 

Оюутны зээлийг ирэх сард олгоно
 

Зөвхөн дотуур байрны асуудлыг тойрч ярилцахаас гадна тэнд ирсэн Монголын оюутны холбоо, дотуур байрны оюутны төлөөллүүдэд зарим шаардлагатай мэдээллийг давхар хүргэлээ. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, оюутан залуучуудын сурах орчныг бүрдүүлэх чиглэлд бодлогын үе шаттай цогц арга хэмжээнүүдийг авч байгаагаа дуулгав. Үүний нэг нь, оюутны хөгжлийн зээл юм. Энэхүү зээлийг ирэх тавдугаар сарын 1-нээс хүү болон барьцаагүй, хугацааны уян хатан нөхцөлтэй, банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан хүндрэл чирэгдэлгүй олгохоор болсон. Гэхдээ амар хялбар аргыг нэн тэргүүнд тавих бус оюутнуудыг хичээл сурлагынхаа хажуугаар хөдөлмөр эрхэлж, амьжиргаагаа залгуулах боломжоор хангах үүднээс салбар яамнаас “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгааг дуулгав.

 



Оюутнууд харьяалал харгалзахгүй эмчлүүлнэ


Хөдөө орон нутгаас ирсэн оюутан залуусын тухайд шат шатны эмнэлэгт үзүүлэхэд багагүй асуудал тулгардаг. Өрхийн эмнэлэг, дүүргийн гээд нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгүүд зөвхөн харьяа хороонд бүртгэлтэй хүнийг үздэг учир түр оршин суугаа эсвэл хаягийн зөрчилтэй оюутнуудын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад багагүй бэрхшээл тулгардаг байсан. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын хамтарсан тушаал гарч, хөдөө орон нутгаас шилжин суурьшсан оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд харьяалал харгалзахгүй хамруулахаар болсон.
 

Зөв монгол оюутан
 

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 2016-2020 онд оюутны байрны хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьсан. Гэхдээ оюутны байрны хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна орчин нөхцөлийг сайжруулахад анхаарал хандуулж ажиллах ёстой. Тиймээс зөвлөгөөнд оролцогчид оюутан залуучуудыг мэдлэг боловсролтой хүн болгож бэлтгэхээс гадна нийгэмд зөв хүн болгох асуудалд нухацтай хандах ёстой гэдэгт байр суурь нэг байлаа. Тиймээс нэн түрүүнд оюутнуудын амьдрах орчинд анхаарал хандуулах нь хамгийн зөв алхам гэж үзсэн. Учир нь оюутны байранд амьдрах орчин эерэг, дулаан, сурахад нь дэмжлэг үзүүлсэн, нийтэч, соёлтой байх аваас цаашид нийгэмд зөв монгол хүн, мэргэжилтэй, боловсролттой, эерэг хандлагатай боловсон хүчин бэлтгэгдэж гарах нэг суурь үзүүлэлт болно гэж багш нарын төлөөлөл хэлсэн юм. 
 

Дотуур байрны бүртгэлийг цахимжуулж, номын сантай болгоно
 

 Жил бүрийн намар дотуур байрны хүрэлцээ муу байгаа талаар оюутан залуучууд, эцэг, эхчүүд гомдоллодог. Тиймээс одоогийн байгаа суурь баазад тааруулан нэг, хоёрдугаар дамжааны оюутнуудыг дотуур байранд хамруулах чиглэл баримталж байна. Түүнээс гадна оюутны дотуур байрны бүртгэлийг цахимжуулах юм байна. Дараагийн нэг чухал ажил нь дотуур байранд нэн түрүүнд шаардлагатай номын сан ба номын сангийн хүртээмж, тэнд байх ёстой сургалтын материал, гарын авлага зэрэгт анхаарах ёстой гэдгийг зөвлөгөөний үеэр хэлсэн. Хамгийн сүүлд хийсэн нэг чухал ажил нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв байгуулсан явдал байлаа. Мэдээж эцэг, эхээсээ хол, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуусын хувьд сэтгэл санааны хямралд орох магадлал өндөр байдаг гэдгийг сэтгэл зүйчид хэлж байна. Тиймээс АШУҮИС дээр сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх төвийг нээжээ. Тэнд гэр бүл төлөвлөлт, ажлын байран дээр гараад биеэ хэрхэн авч явах ёстой вэ, хүнтэй харилцахдаа юунд анхаарах вэ гэхчлэн 10 төрлийн зөвлөгөө үзүүлж байна. Тус төвийг нээгдсэнээс хойш одоогийн байдлаар 170 гаруй оюутан зөвлөгөө авчээ.

 



Дотуур байранд 12300 оюутан амьдардаг
 

Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 97 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн бүх сургууль оюутны дотуур байртай бол хувийн өмчийн сургуулиудын 50 орчим хувь нь л дотуур байртай байна. Энэ хичээлийн жилд 12300 гаруй оюутан дотуур байранд амьдарч байгаа юм. Монгол Улсын хэмжээнд байх нийт оюутны байруудын 60 хувь нь 1960-1980 онд баригдсан бөгөөд жил ирэх тусам дотуур байрны хүрэлцээ хумигдаж, барилгууд нь хуучирч, муудаж байгаа тул төрөөс хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн сургуулиудын төлөвлөлтөд шинээр дотуур байр барихаар тусгасан байна.  Хэдийгээр дотуур байрнуудын дийлэнх нь стандартын шаардлага хангаж чадахгүй байгаа ч их, дээд сургуулиуд жил бүр урсгал болон бүрэн засвар хийн сайжруулж буйг дурдах нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд “Оюутны өргөө” 1, 2 дугаар цогцолбор байр, Этүгэн их сургуулийн оюутны байр, Хууль сахиулахын их сургууль, ХААИС-ийн 3 дугаар байрууд шинээр ашиглалтад ороод байгаа.

 

Оюутантай холбоотой гэмт хэргийн гаралт 34 хувиар буурчээ

Зөвлөгөөнд нийслэийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга ЦЦэрэнпунцаг оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар үнэтэй зөвлөмж хүргүүлсэн. Тэрбээр “Оюутан холбогдсон гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй гарсан нь сайн мэдээ юм. Он гарсан эхний улирлын байдлаар гэхэд оюутан холбогдсон гэмт хэрэг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 34 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Оюутны дотуур байранд гол төлөв хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг. Тиймээс өнөөдрийн зөвлөгөөнд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хулгайлах, бусдын эд хөрөнгийг завших зэрэг санкц болон ногдуулах шийтгэл, бусад зүйл заалтын талаар мэдээлэл өгч оролцлоо” гэв.
 
Зөвлөгөөний төгсгөлд, оюутны дотуур байрны үйлчилгээ, ерөнхий шаардлага хангаж, стандартыг хэрэгжүүлж ажиллласан байгууллагуудыг шагнаж урамшууллаа. Тодруулбал, улсын тэргүүний оюутны байраар МУБИС-ийн Оюутны өргөө цогцолбор-1 дотуур байр шалгарсан бол оны тэргүүний оюутны байраар МУИС-ийн Оюутны I дотуур байр, ШУТИС-ийн Оюутны IV дотуур байр, АШУҮИС-ийн Дархан-Уул аймгийн салбар сургуулиуд шалгарлаа. Мөн оюутанд ээлтэй дотуур байраар хоёр, оюутны байрны дөрвөн зөвлөлийг шалгаруулан батламж, мөнгөн шагналаар урамшууллаа.

 
Эх сурвалж: БСШУСЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-04-19 04:59:43
    Хөдөө их сургууль байгуулаач ээ. хотод ирж байгаа оюутнууд хотод үлдэж хөдөө орон нутагаа хөгжүүлэхгүй хотыг улам их бохирдолтой болгож байна
  • monh-uyanga 2018-04-18 17:21:30
    I dongoj shool
  •  2018-04-18 14:14:14
    БАНДААШ ГИшүүд ИХ байхааад Өоломжгүй шүү.
    66.181.186.106
    Мэдэгдсэн Хариулах