Б.Ууганбаяр: Хандиваар цугларсан мөнгөнд Онцгой байдлын алба хомхой сэтгэлээр хандахгүй
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгойн хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар ой хээрийн түймэртэй ямар аймаг байна вэ?

-Ой хээрийн нөхцөл байдлын талаар нөгөө нэг асуудал нь өнгөрсөн жил ой хээрийн түймрийн үеэр ард иргэдээс цугларсан хандивын мөнгийн зарцуулалтын талаар тодорхой тайлбар мэдээлэл өгмөөр байна. Ялангуяа хандиваар цугласан мөнгө хөрөнгийн асуудалд ард иргэдээс хардлага сэрдлэгэ их ирж байна. Яг одоогийн байдлаар найман аймгийн 16 суманд 21 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Тухайлбал, Ховд, Хөвсгөл, Булган, Завхан, Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгуудад түймэр гарсан. Хамгийн сүүлд гэхэд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан ой хээрийн түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, нутгийн иргэд хамтран ажиллаж цурманд оруулсан. Түймэр том талбай биш гурван жижиг талбайд гарсан. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр уулархаг газраар бага зэргийн нойтон цас орсон нь түймрийг хяналтад авахад нэмэр боллоо.  Мөн өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд түймэр ассаныг цурманд оруулсан. Тэгэхээр түймрийн нөхцөл байдал харьцангуй тайван байна.

 -Түймэр гарах шалтгаан юу байна. Ихэнх нь иргэдийн буруутай байдлаас болж гардаг гэсэн үү?

-Ер нь ассан түймрийн 80-90 хувь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байдаг гэх судалгаа бий. Иргэд тамхины ишээ машины цонхоороо шидэх, машины яндагаас үүсэх, мөн ил гал түлээд цог нурмаа сайн унтраахгүй орхих, хүүхдүүд шүдэнзээр тоглож байгаад гал алдах гэх мэт олон шалтгаан бий. Өнгөрсөн жил аянганаас болж хэд хэдэн газар түймэр ассан. Харин өнөө жил аянга буугаагүй учраас аянганаас болж гарсан түймэр байхгүй. Тэгэхээр дандаа хүний буруутай үйлдлээс болсон түймэр. Харин буруутай этгээдийг хуулийн байгууллагаас олж тогтооно.

-Өнгөрсөн жил хандиваар онцгой байдалд хэчнээн төгрөг цугласан бэ. Хөрөнгө мөнгийг юунд зарцуулсан талаараа та тайлбарлахгүй юу?

-Аж ахуй нэгж байгууллага, ард иргэдээс 1.4 тэрбум төгрөгийн хандив цугларсан. Энэ мөнгө төрийн дансанд байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ард иргэдийн сайхан сэтгэл, дэмжлэгээр өгсөн мөнгийг онцгой байдлын байгууллага хомхой сэтгэлээр хандахгүй ээ. Ард иргэд энэ мөнгө хаашаа орсон, юунд зарцуулсан бэ гэж хардаж сэрдэж олон нийтийн сүлжээнд буруу ташаа мэдээлэл яваад байгаа учраас тодорхой тайлбар хийх нь зөв зүйтэй гэж бодлоо. Гэхдээ нэг зүйлийг манай иргэд сайн ойлгох хэрэгтэй. Алба хаагчдад мөнгөн тусламж үзүүлээрэй гэж өгөөгүй юм. Онцгой байдлын албанд тулгамдсан асуудлыг шийдвэрлээрэй гэж өгсөн хандив юм. Харин бид 20 гаруй  сая төгрөгийг алба хаагчдынхаа сэргээн заслын эмчилгээнд нь зориулсан байгаа. Дээр нь шилэн байлгах үүднээс цугларсан хандиваа сонин, сэтгүүл дээр хэвлүүлэхэд 7 сая төгрөг зарцуулсан. Үндсэндээ цугларсан мөнгөнөөс 27 саяыг зарцуулсан байгаа юм. Үлдсэнийг нь хэрэгцээтэй зүйлд зориулна.

-1.4 тэрбум төгрөгийг юунд зориулах гээд байна, судалсан зүйл бий юу?

-Монгол Улсыг нисдэг тэрэг авахад нь тодорхой дэмжлэг үзүүлье гэж бодсон зүйл байгаа. Гэхдээ энэ мөнгөөр алба хаагчдыг түймэр унтраахад хэрэгтэй багаж хэрэгсэл авахад анхаарч туслаарай гэж өгсөн гэдгийг дээр хэлсэн. Харин юу авах талаараа олон талаас нь судалж байна. Нисдэг тэрэг авах гэхээр бас үнэтэй байна. ОХУ-ын хамгийн сүүлийн үеийн нисдэг тэрэг авах гэхээр 20 гаруй тэрбум төгрөгийн үнэтэй. Тэгэхээр 1.4 тэрбум төгрөг хүрэлцэхгүй шүү дээ. Дээр нь ОБЕГ Франц улсаас дунд оврын нисдэг тэрэг оруулж ирэх бодолтой байна. Одоо судалгааны ажлууд хийгдэж байна. Мөн саяхан БНСУ-аас нисдэг тэрэг өгөхөд тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлнэ гэж ярилцсан юм билээ. Гэхдээ бид нар эд бүхнийг нарийн судалж байгаа.
 Монгол Улс их онцлоготой шүү дээ. Усан сан, усан хангамж багатай учраас нисдэг тэрэг нэг ус хутгаад 500 км газар явж усаа шүршинэ. Буцаж нисэж очоод усаа авч явах гэсээр байтал түймэр цаашаа даамжирах аюултай. Гэхдээ нисдэг тэрэг ганц түймэр унтраахад зориулагдахгүй. Урдчилан сэргийлэх, тандалт хийхэд маш их хэрэгтэй. Ойгоор нисдэг тэрэг эргүүл хийгээд байвал ядаж ойд зугаалж яваа иргэдэд цочроо өгөх болов уу гэдэг талаасаа бодолцож байна.

-Түймрийн голомтод ажиллахад хэрэгтэй, шаардлагатай гэсэн багаж хэрэгсэл хэр хүрэлцээтэй байдаг вэ. Онцгой байдлын албаныхныг халуун галыг нүцгэн гараараа унтраадаг гэж дэгсдүүлж яриад байдаг. Энэ үнэн үү?

-Зарим нь өрөөсгөл ойлголттой байдаг юм шүү. Юу гэлээ гэж гал түймрийн голомтод нүцгэн гараараа, халуун нүүрээрээ орох вэ дээ. Ой хээрийн түймэрт ашиглах багаж хэрэгсэл хангалттай гэж хэлэхгүй ч боломжийн бий. Бид нарт үлээгч аппарат, хүрз, тармуур байна. Эдгээр зүйлүүдтэй түймэрт тэмцдэг юм.  Ихэвчлэн үлээгч аппарат, ирлоныг ашиглаж байна. Ер нь түймрийг хүчтэй агаараар үлээгээд унтраачихдаг үлээгч аппарат их хэрэгтэй байгаа юм. Ой хээрийн түймрийн голомтод том машин давхиж очоод уулын орой дээр гарах боломж байхгүй. Иж бүрэн хувцас өмсөөд усаа үүрээд 200-300 км газар явган алхаж очно гэхээр бас хэцүү. Харин галд шатахгүй материалаар хийсэн хөнгөн зэргийн хувцастай болмоор байгаа юм.

-Онцгой байдлын албанд нисдэг тэрэг ганц ч байдаггүй гэлүү?

-Байхгүй ээ. Бид ЗХЖШ-аас нисдэг тэргийг нь захиалж авч, гамшгийн голомтод ашигладаг юм. Хэрвээ бид нар нисдэг тэрэг авахаар болвол улсаас тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлэх болов уу гэж боддог юм.

-Энэ жилийн хувьд ой хээрийн түймэр бага гарна. Учир нь цас бороо их орсон болохоор чийгшилт сайтай гэж яриад байгаа. Гэвч олон аймагт түймэр гарчихлаа?

-Ирэх тавдугаар сар болон зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан байдлын мэдээгээр бол агаарын дулааны хэм 0.5-1 градус байх. Энэ хэдийгээр олон жилийн дунджаар бороо хуртай ч хэт их халуун болвол агаар хуурайших магадлалтай. Ирэх саруудад халуун болох төлөвтэй. Агаарын темпертур дулаан ч олон жилийн дунджийн орчмоор бол бороо хуртай байна гэсэн прогноз ирсэн байгаа. Хамгийн гол нь түймэр битгий л гараасай. Өнгөрсөн жилийн түймрээс их сургамж авсан байхаа. 

-Ой хээрийн түймэр гарахад ганцхан онцгой байдлын алба хариуцаж ажиллах ёсгүй биз дээ. Түймрээс урьдчилан сэргийлэхэд олон байгууллагын үүрэг оролцоо байдаг байлгүй дээ?

-Түймэр гарахаар онцгой байдлын алба хариуцаж ажиллах ёстой юм шиг ойлгодог нэг хэсэг бий. Түймэртэй тэмцэх ажлыг Ойн тухай хуулиар олон байгууллага хариуцдаг юм. Сумын Засаг дарга болон аймгийн Засаг даргаас эхлэн байгаль орчны байгууллага ойн сан бүхий газруудад урьдчилан сэргийлэх ажлыг хийх ёстой юмаа. Сүүлийн үед сумын иргэд болон аймгийн Засаг даргатайгаа хамтарч ажиллах тал дээр уялдаа холбоо сайжирч байгаа шүү.

О.Сайхан 
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-19 01:13:05
    Уг нь үнэ төлбөргүй Шилэн дансны цахим хуудас гэж байдаг л баймаар юм.
  • Жинхэнэ тангараг өргөсан эр хүн дээ 2018-04-30 15:18:43
    Энэ хүн шиг цэгц шударга ажилдаа эзэн болсон хүмүүс олон байдаг болоосой
  • Онцгойн залуус 2018-04-24 23:56:56
    Энэ хүн худал хуурмаг хомхрй сэтгэлтэй энэ сайхан албыг бузарлаж яваа хүн дээ
  • Tsetsegmaa 2018-04-24 13:11:56
    Hurd hamtlagiin handviin togloltin mungiig tanai alba haagchid tsalingaasaa tultsguusun bizdee tegeed teriigee Hurd hamtlag handvilsan geed bgaamaa
  • Зочин 2018-04-24 04:08:34
    Та нар ч ойн түймэрт гар хоосонтой адилхан даа.Цурманд оруулах нь онцгойгийн ажил цаашид түймрээ бүрэн унтраах нь орон нутгийн ажил гэсэн заалт байдаг юм уу.
  • Нэрээ 2018-04-24 02:49:48
    Хэрэгтэй зүйлдээ зарцуулаарай даа идээд ууаад дуусгав.
  • Ганбаатар.Ж 2018-04-24 01:51:29
    Амжилт хүсье.
  • Вова 2018-04-24 01:36:15
    Судлаад хадгалсаар байтал туймрийн улирал нь залгачихлаа. Сонин сэтгуулд 7 сая гэнэ уу. Энэ мэтчлэн шимэгдээд дуусах юм байна л даа