Газрын тос боловсруулах үйлдвэрийг шуурхай, чанартай барина

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг өнөөдөр хамтран даргалж хуралдууллаа.

Сайд Д.Цогтбаатар Энэтхэг Улс манай улсын оюун санааны хөрш бөгөөд Стратегийн түнш улс болохыг онцлоод гуравдагч хөрш Энэтхэг Улстай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотлов. Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улс нь Зүүн Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чухал хүчин зүйл болж байгааг цохон тэмдэглэж, хоёр талын харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох санал дэвшүүлэв.

Талууд Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг улс  төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологи, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хөгжүүлэх, мөн олон улс, бүс нутгийн талбарт бие биеэ дэмжсэн нягт хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцлоо.
 

Хамтарсан хорооны хуралдааны үеэр олон чухал салбарт хамтын ажиллагааг урагшлуулахаар тохиролцлоо. Үүнд:

  • Ойрын үед хоёр талдаа хэрэгжүүлэх айлчлалын талаар санал солилцов.
  • Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа манай Стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бид Монгол, Энэтхэгийн “Нүүдэлчин заан” хамтарсан сургуулилтыг үргэлжлүүлж, Энэтхэгийн тал Энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” олон улсын сургуулилтад үргэлжлүүлэн оролцохоор ярилцав.
  • Хил хамгаалахын чиглэлд манай холбогдох байгууллагууд үр дүнтэй хамтран ажиллаж байгааг сайшааж, цаашид энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцов.
  • Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг эдийн засгийн салбарт өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцлоо. Худалдааг тэлэх, үүнд нэн ялангуяа манай экспортыг өсгөх шаардлага байгааг тэмдэглэж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс хоёр улсын хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг хоёр талаас дэмжиж, худалдааны яармаг, бизнес форумуудыг ойр ойрхон зохион байгуулахаар болов.
  • Энэтхэг Улсын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шуурхай, чанартай хэрэгжүүлж, энэ хүрээнд ойрын үед Нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг тохиролцохоор болов.
  • Монгол, Энэтхэгийн холбогдох байгууллага, яамд хоорондын хамтын ажиллагаа, ажил хэргийн хэлхээ холбоог өргөжүүлэхээр ярилцав. Тухайлбал, ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах, мөн уул уурхайн салбарын экспертүүдийн түвшний хэлхээ холбоог идэвхжүүлэхээр тохиров.
  • Энэтхэгийн Засгийн газар Монголын оюутан залуус, төрийн албан хаагчдад тэтгэлэг олгох зэргээр хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Энэтхэг Улсын нэр хүнд бүхий хүрээлэн, их сургуулиудад манай боловсон хүчинг бэлтгэх, төрийн өндөр болон дунд шатны албан хаагчдыг засаглал, төрийн захиргааны чиглэлээр сургалтад хамруулах санал тавьсныг бид талархан хүлээн авав.
  • Монголын залуу дипломатуудыг олон улсын эрх зүйн чиглэлээр сургахад энэтхэгийн тал дэмжлэг үзүүлэхээр болов.
  • Мэдээлэл технологийн салбарт хоёр тал хамтран ажиллах Замын зураг гаргахаар тохиролцов.
  • А.Б.Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, аутсорсингийн төв байгуулах төсөл болон Монгол, Энэтхэгийн найрамдалт дунд сургуулийг Могол Улсад байгуулах ажлыг шуурхайлахаар ярилцав.
  • Энэтхэгийн тал монголын сэтгүүлчдийг сургахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Жил бүр Монголын 10 сэтгүүлчийг Энэтхэг Улстай танилцах хөтөлбөр зохион байгуулахын сацуу хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжихээ мэдэгдэв.
  • Талууд эрүүл мэндийн салбарт, тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэхээр ярилцав

Хуралдааны төгсгөлд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хамтарсан хорооны VI хуралдааны Протоколд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнд айлчлалын дүнг мэдээлэв.

Эх сурвалж: ГХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.