Транспэрэнси интернэшл: Монгол Улсын авлигатай тэмцэх газар аюулд өртөөд байна
-“Транспэрэнси Интернэшнл”-ийн Ерөнхий нарийн бичгийн газраас нийтлэв-
 
Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай холбогдон үүсээд байгаа асуудлаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь орчуулан нийтлэв. 
Саяхан Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулахыг завдсан алхам хийсэнтэй холбогдуулан “Транпэрэнси Интернэшнл” байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс орон даяарх авлигын эсрэг явуулж буй хүчин чармайлтыг нурааж, тус улсын хамгийн дээд түвшний хяналтын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаардаж байна.
Транспэрэнси Интернэшнл” байгууллагын дарга Делиа Ферреира Рубио: Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй
2007 онд үүсгэн байгуулагдсан Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын хуулийн дагуу улс орны хэмжээнд авлигын гэмт хэрэг мөрдөн шалгадаг. Гэвч төр, засгийн удирдлагуудын зүгээс Авлигатай тэмцэх газрыг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын “Авлигын төсөөллийн индекс”-т бага оноо авсанд буруутган улс төрийн дарамт шахалт үзүүлэх явдал ихэсч байна. “Монгол Улс тус индекст бага оноо авсан нь үндэсний хэмжээнд авлигын эсрэг хүчин чармайлтыг сулруулах биш нэмэгдүүлэх шаардлагатай байгаагийн илрэл юм. Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй” гэж “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын дарга Делиа Ферреира Рубио үзэж байна. Хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга нь 6 жилийн хугацаатай томилогддог бөгөөд одоогийн даргын бүрэн эрх 2022 онд дуусгавар болох ёстой. Гэвч 2007 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Авлигатай тэмцэх газрын удирдлагыг гурван удаа сольсон бөгөөд нэг ч дарга бүрэн эрхийн хугацаагаа гүйцээгээгүй.
 
БИЕ ДААСАН АВЛИГЫН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГАТАЙ БАЙХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
 
Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай адил сайн санхүүжилттэй бие даасан  байгууллага ажиллах нь авлигын эсрэг тэмцлийн хүчтэй зэвсэг юм. Гэвч ийм төрлийн байгууллага амжилттай ажиллахад шүүх болон хууль сахиулах систем зэрэг дотоодын төр, засгийн  байгууллагуудын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Хамгийн чухал нь эдгээр байгууллагууд бие даасан, хараат бус байх эрхтэй бөгөөд Засгийн газрын гадна болон дотор байгаа авлигатай тэмцэхэд зориулагдсан хараат бус мөрдөгч нар ажиллаж байна гэсэн итгэл бий болгох ёстой юм. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон бусад ижил төстэй байгууллагууд авлигын томоохон хэргүүдэд холбогдох нь их.  Эдгээр байгууллагууд нь улс төрийн өргөн хүрээний харилцан зөвшилцлийн үр дүнд байгуулагддаг бөгөөд бүх оролцогч талууд авлигын эсрэг авч болох хамгийн том арга хэмжээ гэж үздэг. Харамсалтай нь ихэнх тохиолдолд эдгээр байгууллагууд эрх мэдэлтэй хүмүүсийг мөрдөн шалгаж эхэлмэгц улс төрийн төвөгтэй нөхцөл байдлын төвд орох нь бий.
МОНГОЛ УЛСЫН “АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС”-ИЙН ОНООГ ДҮГНЭХ НЬ
 
Энэ оны эхээр “Транспэрэнси Интернэшнл” байгууллага 180 улс орон, газар нутгийн нийтийн салбар дахь авлигын төсөөллийн түвшинг 0 (авлигатай ихтэй) -100 (маш цэвэр) оноогоор дүгнэсэн 2017 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг зарласан билээ. Монгол Улс нь энэ жил 36 оноотойгоор дүгнэгдсэн нь улс орны хэмжээнд авлига ноцтой асуудал болсныг харуулж байна. Энэхүү индекс нь засаглал ба бизнесийн судалгааны чиглэлээр мэргэшсэн бие даасан хүрээлэнгүүдийн 13 судалгаа, үнэлгээ болон шинжээчдийн санаа бодол, бизнес эрхлэгчдийн үнэлэлт дүгнэлтэд суурилдаг. Монгол Улсад өгсөн оноо нь 9 мэдээллийн эх сурвалжаас нэгтгэсэн дүн юм.

Монгол дахь “Транспэрэнси Интернэшнл”-ийн салбар нь энэхүү Авлигын төсөөллийн индексийн мэдээлэл цуглуулах болон оноо тооцох аль ч үе шатанд оролцоогүй. Берлинд төвтэй манай байгууллагын Ерөнхий нарийн бичгийн газар нь оноог аливаа гадны нөлөөгүй, хараат бусаар тооцоолдог бөгөөд оноо тооцох аргачлал нь улс төр ба намын аливаа нөлөөнд орохгүй байхаар зохион бүтээгдсэн.   

Харамсалтай нь Монгол Улсад сүүлийн үед гарч буй мэдээллүүд нь тус индексийн аргачлал, үр дүнгийн талаар буруу зураглал, ойлголт төрүүлж байна. Авлигын төсөөллийн индекс нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын муу үйл ажиллагааны үр дүн мэтээр шүүмжлэгдэж байна. Авлигын төсөөлийн индекс бол Авлигатай тэмцэх газар зэрэг аливаа улс орон дахь ямар нэг байгууллагын үйл ажиллагааг дүгнэхэд шаардлага хангахуйц хэрэгсэл биш юм. Харин үүний оронд тус индекс нь тухайн улс дахь авлигын ерөнхий төсөөллийг хардаг. Бодит байдал дээр бие даасан авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд гаднаас саад хийх гэж оролдвол тус Авлигын төсөөллийн индекст улам л муу оноо авахад хүргэнэ гэдгийг зориуд цохон сануулмаар байна.

Ази, номхон далайн орнууд болон Монгол Улсад авлигыг таслан зогсооё гэвэл төр, засгийн зүгээс авлигын эсрэг хууль журам, бодлогыг сайжруулах, авлигад автсан хувь хүмүүсийг шийтгэх, хариуцлагатай байдал шаардаж буй идэвхтэн зүтгэлтнүүдийг дэмжих,  авлигын үйлдлийг буруушаах ёстой.
Мэдэгдлийг англи хэлээр, бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ дарж уншина уу.
 
Эх сурвалж: АТГ 
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine