Хуульч Д.Оросоо: Хэвлэлийн цензур эргэн иржээ
НПГ-аас цагдаагийнхан сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл хийсэн. Энэ үйл явдалтай холбоотойгоор хуульч Д.Оросоогоос байр суурийг нь сонслоо. Тэрбээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн чиглэлээр дагнан ажилладаг хуульч юм.
 
-Сэтгүүлчийг хийж байгаа мэргэжлийн ажил үүрэгтэй нь холбогдуулж тагнаж чагнасан асуудал үүсч байна. НПГ-аас мэдээлэл өглөө. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ ?
 
-НПГ-аас хэвлэлийн хурал хийж байгааг харсан. Мэдээллийн чөлөөт урсгалыг төрийн тусгай алба хянаж байсан бол хэвлэлийн цензур эргэж иржээ гэж харагдаж байна. Илэрсэн нь энэ байж болно шүү, энэ асуудлыг УИХ-ын тусгай хяналтын дэд хороо чиг үүргийн хүрээнд онцгой анхаарах хэрэгтэй байх. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол тун эмзэг, байнга л зөрчил, тэмцэл дунд явдаг эрх. Мэдээллийн эрх чөлөөг хамгаалахгүйгээр чанартай ардчилал хөгжихгүй. Эрүүгийн хуулийн 14.2-т Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах, 14.3-т зааснаар Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Эрүүгийн хуулийн 14.3-т өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол 450 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх юм.
 
Гэхдээ ямар ч хэрэг сэтгэл хөдлөлөөр шийдэгдэх зүйл биш. Үндсэн хуульд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн тулгуур зарчим бий. Нийгэм улс төржсөн, хөөсөрсөн үед энэ зарчмыг аль аль талдаа сайн санаж явах хэрэгтэй юм. Чөлөөт нийгэмд бид хэн нэгний захиалгат мэдээнд итгэх биш гагцхүү бодит үнэнийг мэдэх эрхтэй. Бодит үнэнийг мэдэхийн тулд хэвлэл мэдээллийн эрх чөлөө байдаг юм.
 
-Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулж эрхийг нь зөрчих, хязгаарлах явдал цөөнгүй гарч байна. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан хууль зүйн баталгаа хэр байгаа вэ?
 
-Үндсэн хуулиар үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийг хуульчилсан. Интернэт, олон нийтийн сүлжээ, мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор үг хэлэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь нээлттэй байдлыг агуулахаас гадна “холбогдох эрх чөлөө”-г хүчтэй илэрхийлдэг болсон. Энэ бол бодит хэрэгцээ шаардлага. Эрх чөлөө хэзээ эерэг үр өгөөжөө өгдөг вэ гэхээр эрх, үүрэг нь бодитой, тэнцвэртэй үед. Өнөөдөр бид мэдээллийн их далайд сэлүүргүй, салхины аясаар явж байна. Завь бол эрх чөлөө, сэлүүр бол үүрэг, хариуцлага гэж болно. Юуны өмнө бид нийгмийн оюун санааг эрүүл байлгах тал дээр анхаарах хэрэгтэй болов уу, цахим орон зайд мэдээллийн үнэн бодитой байдлыг яаж хангах, худал, хуурамч мэдээллээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах, хувь хүний нууцыг хамгаалах, нэр хаяггүй цахим гүтгэлэгтэй яаж тэмцэх, хариуцлага хүлээлгэх талаар шинэчлэл, өөрчлөлтийг цаг алдахгүй хийх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд тулгамдсан асуудал болоод байна.
 
-Гэхдээ нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг олон нийт мэдэх эрхтэй шүү дээ.
 
-Мэдээж тэр тийм. Олон нийтийн мэдэх эрх чухал. Аливаа зүйл ямагт хоёр талтай шүү дээ. Нөгөө талд  “Гашуудалт үеийн онол” гэсэн зүйл байна. Жишээ нь амиа хорлолтын талаар мэдээлэх тусам үүнээс болж сэтгэл зүйн хямралд орсон хүмүүсийн тоо нэмэгдэж, хүмүүс балмагдаж, хямарч байдаг юм байна. Хэдий чинээ их гашуудалт мэдээлэл цацагдах тусам “өдөөлт” явагдаж амиа хорлолт, онц хэрцгий хэрэг дахин гаргах, амиа хорлонгоо бусдыг алах, осол аваар бас нэмэгдэж байдаг гэсэн онол. Өөрөөр хэлбэл нийгэмд цочрол өгсөн амиа хорлолт, ноцтой хэрэг болон дараа нь гарсан ноцтой хэрэг, үхэлд хүргэсэн ослын хооронд нягт холбоо, хамаарал байгааг нь судалгаагаар тогтоогдсон байдаг юм. Муу мэдээ их гаргах тусам урьдчилан сэргийлэх гэхээсээ харин ч осол, хэргийн тоог нэмэгдүүлдэг байгаа юм. Иймд ийм мэдээллийг түгээх тал дээр бас анхаарах зүйл байна гэсэн үг.
 
 olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-05-01 06:46:57
    Ер нь бүх зүйлд цензур хэрэгтэй болжээ
  • иргэн 2018-05-01 06:29:31
    муу мэдээ дамжуулах болохоор бах нь ханадаг тв9 ийн хар билгээ шиг цул хар энерги муугийн дон туссан сэтгэл мэдрэлийн евчтэйгээ мэдэхгуй тэгээд бас бусдад сурга...