“Цахим орчинд хатуу хязгаарлалт биш ухаалаг, тэнцвэртэй зохицуулалт хэрэгтэй”

Хэвлэн нийтлэх, мэдэх эрхийн өдөр өчигдөр тохиолоо.  НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тунхагласан байдаг. Энэ өдөрт Монголын сэтгүүлчид урд жилүүдийнхээс илүү ач холбогдол өгч, өргөн хүрээнд тэмдэглэж өнгөрүүллээ. Сэтгүүлзүйн хэл найруулга, цахим сэтгүүлзүй, хараат бус сэтгүүлзүйн асуудлыг хөндөж салбарынхаа өнөөгийн байдал цаашдын чиг хандлагыг тодорхойллоо. Хэвлэл мэдээллийн салбарынхан хот, хөдөөгүй 1000-уулаа сууж байгаад алдаа оноогоо ярилцав.

Гэхдээ тэмдэглэлт өдрийг Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр хоёр байраар ухарсан тааруухан мэдээтэй угтсан юм. Францын нийслэл Парис хотод төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын төрийн бус байгууллагаас гаргасан “Хэвлэлийн эрх чөлөө-2018” индексээр манай улс 180 орноос 71 дүгээр байрт жагсчээ. Мөн энэ өдөр хэвлэн нийтлэх эрхийнхээ төлөө сэтгүүлчид дуу хоолойгоо  хүргэж хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш  49 удаагийн тохиолдлоор иргэний хариуцлага гэдэг торгуулийг сэтгүүлчид хүлээсэн. Хэдхэн сарын хугацаанд сэтгүүлчид 98 сая төгрөгийн торгууль төлсөн, 4-5 сэтгүүлч Эрүүгийн хуулиар яллагдагч болон татагдаад байгааг хөндсөн юм. Мөн сэтгүүлчдийг хардах, шүүмжлэх,  баримт материалыг дэлгэн тавих гэсэн гурван эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр буруутгаж  байна. Сэтгүүлч баримт материалыг дэлгэснээрээ ард түмэнд үнэнийг дэлгэн үзүүлснээрээ буруутан болж байна. Зөрчлийн тухай хуулиар хулгайлсан, хүчиндсэн, бузарласан бүгдийг нээлттэй мэдээллэх эрхгүй болчихлоо. Олон нийтэд мэдээлчих юм бол Эрүүгийн хэрэг үүсгэн яллаж байна. Тиймээс  сэтгүүлчдэд хэвлэн нийтлэх, мэдээллэх эрх огт байхгүй болсон гэдгийг сэтгүүлчид онцоллоо.

Хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй холбогдуулан Их хурлын чуулганаар хэлэлцэж буй Цахим бодлогын түр хороогоор  мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, мөн цахим сэтгүүлзүйг хянах эрхзүйн орчныг хэрхэн бүрдүүлэх талаар УИХ-ын гишүүд, сэтгүүлч, судлаачдын байр суурийг хүргэе.

 

Сэтгүүлзүй судлаач доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХААЖ БИШ ДЭЛГЭРҮҮЛЖ, ХӨГЖҮҮЛСЭН ХУУЛЬ ГАРГАХ ЁСТОЙ

 

-Цахим сэтгүүлзүй бол даяарчлалын үр дүн. Энэ салбарыг тойрсон олон янзын үзэл бодол өрнөж байна. Мөн Их хурал Цахим бодлогын түр хороо гэж байгуулж, цахим сэтгүүлзүй нийгмийн сүлжээг цэгцлэх хоёр төрлийн хууль боловсруулж байгаа юм байна. Сарын өмнө МУИС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Улаанбаатар эрдэм их сургууль хамтраад цахим сүлжээний чиг хандлагын талаар үндэсний сэтгүүлзүй судлалын IV семфозиум хийсэн.Энэ үеэр хууль эрхзүйн орчин хэрэгтэй. Гагцхүү хэвлэлийн эрх чөлөөг хааж боосон биш дэлгэрүүлж хөгжүүлсэн хууль гаргах ёстой гэж санал нэгдсэн. Үгүй бол бүр хуульгүй байсан дээр. Ялангуяа, сайтад мэргэжлийн сэтгүүлч ажиллуулахгүй бол зарчим, ёсзүй, үүргээ мэдэхгүйгээр нэг голдиролд орж чадахгүй. Цахим сүлжээг зохицуулах хуультай орнууд байдаг. Цахим сэтгүүлзүй хөгжих нь иргэний сэтгүүлзүй хөгжихөд бодитоор нөлөөлж буй хэлбэр. Гэхдээ үүний цаана нэрээ нууцалдаг гэсэн шүүмжлэл бий. Герман улс гэхэд хоёр саяас дээш дагагчтай сүлжээг хамруулж жирийн алдаа гаргахад долоо хоногт залруулахгүй бол хоёр сая еврогоор торгох, давтвал 50 сая еврогоор торгох хуультай. Үүнийг дагаж манайх Зөрчлийн хууль гаргаад ямар байдалд орчихоод байгаа билээ. Бас нэгэн хүндрэлтэй асуудал бол цахим сүлжээ биднээс үл хамаардаг. Герман мэтийн хүчтэй улс орнууд хуулиа гаргаж байна. Цахим сүлжээг хориглосон, хатуу арга хэмжээ авч байгаа орнуудыг хүний эрхийг зөрчсөн орнуудын жагсаалтад оруулж байна. Тиймээс болгоомжтой хандах хэрэгтэй.
 

МСНЭ-ийн ерөнхийлөгч асан, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид: ХЭРЭГЛЭГЧДЭД МЭДЭЭЛЛИЙН БОЛОВСРОЛ СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ
 

-Цахим мэдээлэл бол данц ганц хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйтэй холбоотой биш нийт хүмүүсийн мэдээлэл олж авах түгээх эрхтэй холбоотой асуудал болж хувирч байна. Өөрөөр хэлбэл, үүний цаана ардчиллын суурь зарчим болсон мэдээлэл олж авах түгээх эрхийг баталгаажуулах асуудал бий. Нөгөө талд мэдээллийн аюулгүй байдал хөндөгдөх учраас аль алийг нь бодолцож ухаалаг хандахгүй бол иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэж байна гээд ямар нэг зохицуулалтгүйгээр орхивол маш том эрсдэл үүснэ. Мөн эрсдэл байна гээд хэтрүүлэн зохицуулалт хийх юм бол мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж учраас алтан дундажийг яаж олох вэ гэдгийг бодох ёстой. АНУ, ОХУ, Хятад гээд томоохон улс орнууд эхлээд мэдээллийн аюулгүй байдлаа баталгаажуулж хуульчилсны дараа бусад асуудлыг ярьж байна. Энэ чиглэлээр АНУ-д 500-аад эрхзүйн баримт бичиг үйлчилж байна.

Бид цахим засаглал, цахим эрх чөлөө гэж ярьсан. Гэхдээ цахим эрх чөлөө бол тодорхой хэмжээгээр хязгаарлагдах ёстой. Эхлээд хашаагаа босгочихоод дотор нь барилга барьдагтай адил. Хуулийн заавал хатуу хязгаарлалт байх биш ухаалаг, тэнцвэрийг хангасан зөв хязгаарлалт байх ёстой. Эрх чөлөөг нь хангаж байгаа мөртлөө бусдын эрх ашгийг хамгаалах тэнцвэрийг  яаж олох вэ гэдгийг ярьж ухаалгаар хандахгүй бол болохгүй. Хоёр дахь анхаарах зүйл бол мэдээллийн боловсрол. Мэдээллийн далай дундаас үнэн зөв, хэрэгтэй, бодит мэдээллийг олж авч ашигладаг чадварыг наснаас үл хамаараад хэрэглэгчдэд суулгаж өгөх нь чухал. Дэлхийн улс орнууд 10-аад жилийн өмнөөс анхаараад дунд сургуулийн хөтөлбөрт суулгаж эхэллээ. Монголд ярихгүй байна. Цахим орон зайд эрх чөлөө, мэдээллийн аюулгүй байдлаа яаж хангах юм гэдэг бодлоготой болох цаг болсон.
 

Доктор Ж.Батбаатар: ХҮНИЙ ЯЗГУУР ЭРХИЙГ ХӨНДӨХ ТАЛТАЙ
 

-Сэтгүүлзүй бол хяналтаа хэрэгжүүлээд үйл ажиллагааныхаа дүрэм зарчмаар явах бүрэн боломжтой. Нийгмийн сүлжээ бол аль ч Засгийн газрын мэдлийн зүйл биш. Хүн төрөлхтний бүтээсэн баялаг, соёл, эрх чөлөөний талбар. Тэр утгаараа цахим орчинг хянах, зохицуулахад улс орнууд маш болгоомжтой хандаж байна. Фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээний зарим хэрэгсэл хүндрэл, сөрөг талуудаа өөрөө зохицуулаад явж байна. Энэ салбарт төрийн зохицуулалтыг ярихдаа болгоомжтой хандахгүй бол үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх зэрэг хүний язгуур эрхийг хөндөх талтай. Германд гэхэд цахим орчинд хуулийн хэрэгжилтийг хангах хууль баталлаа.Хуулийн хэрэгжилтийг цахим орчинд хэрхэн хангах юм гэх зэргээр тал бүрийг оруулж нэлээд уян хатан хийсэн туршлага харагдаж байна.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: СЭТГҮҮЛЗҮЙ, СОШИАЛ МЕДИА ХОЁР ОГТ ӨӨР
 

-УИХ-аар хэлэлцэж байгаа Цахим бодлогын түр хороогоор мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах асуудлыг зохицуулахаар яригдаж байна. Цахим бодлогын түр хороогоор Үндэсний аюулгүй байдал талаасаа гадаадын ямар нэг технологиудаас төр, хувь хүний нууцыг хамгаалахад анхаарах шаардлагатай.  Мөн мэдээллийн аюулгүй байдал, сошиал орчинтой  зэрэгцээд цахим зохицуулалтын хууль гаргах шаардлагатай байгааг гишүүд хөндөж байна. Ер нь бол сэтгүүлзүй, сошиал медиа хоёр огт өөр. Цахим орчин бол хот, хөдөөгүй бүх хүн байр сууриа илэрхийлдэг чөлөөт талбар. Харин цахим сүлжээгээр гүтгэсэн, нэр хүндэд халддаг байдлыг нэр устай нь ил болгох хэрэгтэй. Түүнээс сэтгүүлчдийн хардах, шүүмжлэх эрхийг хааж боож хуульчилж болохгүй.

 

УИХ-ын гишүүн А.Ундраа: ЦАХИМ ОРЧНЫГ ЗОХИЦУУЛАХ ТАЛААР ӨРГӨН ХҮРЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
 

-Мэдээллийн аюулгүй байдлыг гишүүд маш их санаа зовж чухалчилж ярьж байна. Улс төр, эдийн засгийн аль ч систем хөгжихийн хэрээр цахимжиж байна. Тэр хэрээр аюулгүй байдал эрсдэлтэй болж байна. Нөгөө талдаа цахим технологийн салбарыг хөгжүүлнэ гэдэг өөр. Тиймээс Цахим бодлогын түр хороо яг алийг нь хийх вэ гэдэг зорилгоо зөв тодорхойлох ёстой. Цахим гэсэн үг орсон болгоныг хийх, зохицуулах гээд байгаа нь утгагүй.  Цахим бодлогын түр хороо цахим мэдээллийн аюулгүй байдал тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Цахим сэтгүүлзүйн тухайд гэвэл цахим сүлжээ, цахим орчин гэдэг үүднээсээ хүн болгон мэдээлэл үйлдвэрлэгч, хэрэглэгч болж байна. Сошиал мэдээллийг хуулиар зохицуулж байгаа орнуудыг Герман, Япон тэргүүлдэг. Германд хууль батлагдаж хэрэгжээд эхэлж байна. Худал мэдээлэл тараах юм бол яаралтай устгах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг торгох, фэйсбүүк компанид хүртэл их хэмжээний торгууль ногдуулах заалттай. Үр дүнг хэлэхэд эрт байна. Япон улс хүний үг хэлэх эрх чөлөөг хүндэтгэнэ. Харин үзэн ядах, олон нийтийг буруу зүйлд турхирах юм бол хатуу зохицуулж байна. Манай улс нийтийг хамарсан өргөн хүрээний хэлэлцүүлэг хийх ёстой. Дэлхий дээр хоёр тэрбум гаруй фэйсбүүк хэрэглэгч байна. Бие даасан улс байх юм бол хятадаас том улс болох нь.
 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЯАМ”-ТАЙ БАЙДАГ
 

–Өндөр хөгжилтэй орнууд тусгайлан “Мэдээллийн технологийн яам”-тай байдаг. Манай улс энэ салбарын яамгүй ч мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх “Цахим бодлогын түр хороо”-той болж байгаа нь нэг шат урагшилж байна гэж ойлгож болно. Өнөөдөр дэлхийн улс орнуудын хөгжлийг IT буюу мэдээллийн технологийн салбар тодорхойлж байна. Цахим бодлогын түр хороо цахим мэдээллийн аюулгүй байдлыг голчилно. Технологийн өндөр шийдлийг нэвтрүүлж, хөгжүүлж чадсан улс л хүчирхэгжиж, баялаг бүтээж, хөгжлийн хэмжүүрээр өрсөлдөж байна. Манай улс ч мөн тус салбараа хөгжүүлж байж төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаагаа төгөлдөржүүлнэ. Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, компаниудад дэмжлэг үзүүлвэл дэлхийн тавцанд өрсөлдөх боломжийг олгох ёстой. Бид далайд гарцгүй ч шилэн кабелиараа дэлхийд гарцтай улс.  Өнөөдөр цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал хамгийн чухал байна.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard 2018-05-11 01:28:31
    Ene hudlaa yridag yumaa bolimoor oorsdoo Setguulchid mongo ogch bichuulsenee nuuh gj bn uu! Enkhbayar !Mongold bol yg teneglel gj bichsen hun unen helj!
  • Ta nar senej mehesen baina! 2018-05-05 09:26:55
    Hyyli heregjdeggyi Mongold bol tenegleliin nemer?ta nar bodood yz l dee!heden masinaaraa zeb zereldeed garch chadahgyi baij nariin yumaar byy dongos?ta nar szen...
  • zochin 2018-05-04 04:02:13
    bugd xudlaa shaaj bna.
  • Бат 2018-05-04 03:53:27
    Цахим орчинд хүн өөрийн мөн чанараа бус жаахан соелтой оролцмоороо
  • BJ 2018-05-04 03:05:22
    Цахим орчин одоогийнх шиг ямар ч хяналтгүй үргэлжилбэл Хувьсгал гарах шимтэй хөрс болно. Байдал хүндэрсэний дараа эдгээр хүмүүс мэл гайхаад л өнгөрнө