Татвар төлөгч танд баярлалаа
Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж татвар төлөгчдөдөө талархал илэрхийлдэг уламжлалтай. Өдгөө 19 дэх жилдээ тэмдэглэж буй дээрх өдрүүдийг “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриаг дэвшүүлж хэвлэлийн бага хурлаа хийсэн бол маргааш татварын албаны үйл ажиллагаагаа сурталчилан тэмдэглэх гэж байна.

Харин өчигдөр ТЕГ-ын татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Нийслэлийн татварын газрын дарга Н.Мөнх-Учрал тэргүүтэй, дүүргүүдийн Татварын газрын дарга нар сэтгүүлчидтэй хамт автобустай аялал хийлээ.

Аялалын гол зорилго нь “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд заасан үүргээ биелүүлж тайлангаа цаг хугацаанд нь гаргаж, татвараа төлж хэвшсэн эх орныхоо хөгжлийг бүтээгч, эрхэм татвар төлөгчдийн үйл ажиллагааг олон нийтэд түгээн таниулж, өнөөдөр төлсөн таны татварын маргаашийн сайн сайхныг тодорхойлж, үр өгөөжөө өгнө гэдгийг ирээдүйн татвар төлөгчдөд жишиг болгон таниулахад зорилго нь оршиж байв.

Тиймээс өчигдөр эх орондоо хамгийн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа жишиг гурван компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тодруулбал, аялалын багийнхан хамгийн түрүүнд бидний сайн мэдэх Зөв аарцны ундаа, Бамбар зайрмагийг үйлдвэрлэн гаргадаг “Тэсо” корпорацийн байранд очиж Монголд байгаа хамгийн том “Милко” хуурай сүүний үйлдвэр, лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Монгол аарц төслийг хэрэгжүүлэж, дэлхийн зах зээлд гаргана   
 
 
Тус корпораци байгууллагдаад 15 жил болж байгаа бөгөөд анх Бамбар зайрмагийг үйлдвэрлэж зах зээлд гаргаж байжээ. Одоо удахгүй монгол аарцийг дэлхийн зах зээлд гаргах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж, Засгийн газарт хүртэл хандсан байгаа ажээ. Тухайлбал,  хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглээнд оруулах, монгол уламжлалыг шинэчлэх гэх мэт зорилгыг тавьж аарцыг хуурайшуулах туршилт хийсэн нь амжилттай болжээ. Өөрөөр хэлбэл, энэ бүтээгдэхүүнийг стандарт шаардлага хангаж, Монголын зах зээлд гаргасан байгаа ажээ.

2016 оноос эхлэн хуурай сүүний экспорт нь идэвхжиж, БНХАУ болон Казахстан улсын зах зээлд амжилттай яваа гэнэ.

Тус корпорацийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл “Манай компанийн голлох бүтээгдэхүүн бол хүнс. Одоогоор найман салбар үйлдвэртэй үйл ажиллагаа явуулж байна. Корпорацийн гол зорилго нь хөдөө аж ахуйн түүхий эдийн гаралтай  материалаар бүтээгдэхүүн хийж хэрэглэгчдэд хүргэх. Эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнийг гаргахыг зорьдог.
 Ер нь монгол сүүний 90 хувь нь үнэгүйддэг гэх судалгаа байдаг. Тиймээс тэндээс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах, хэрэглэгчдэд хямд өртөгтэй бараа бүтээгдэхүүн хүргэх бололцоо байна гэсэн судалгааг гаргасан. Тэрнийхээ цар хүрээнд монгол аарц хуурайшуулах төслийг хэрэгжүүлж, дэлхийн зах зээлд гаргахаар зорилго тавьсан. Түүнээс гадна аарцыг Монголдоо нийт массараа хэрэглэдэг болох, мөн хийжүүлсэн газтай ундаанаас татгалзах, сургуулийн хүүхдүүдийн Үдийн цай хөтөлбөрт өгдөг байх зэрэг хэрэгцээндээ чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна.

Тиймээс нийтдээ 16 газарт цэг байгуулж 8 аймгаас аарц авахаар болсон байгаа. Гэхдээ сүү сүүн бүтээгдэхүүнийг гадагшаа экспортлоход тодорхой хэмжээний хориг байдаг учраас тодорхой хүндрэл тулгарч байна. Гэхдээ өнгөрсөн жил хуурай сүүгээ дэлхийн зах зээлд гаргасан амжилттай. Сардаа 200-300 тонн хуурай сүү экспортолдог. Хүнсний экспортоор бол манайх тэргүүлж байгаа.

Манай компани нийтдээ 14 салбар компанитай болохоор жил болгон шилдэг татвар төлөгчөөр шалгардаг. Санхүүжилтын хувьд гаднаас ямар нэгэн санхүүжилт байхгүй. Ах дүү есүүлээ нийлж байгуулсан корпораци болохоор цэвэр үндэсний үйлдвэрлэгч” гэлээ.
 
36 сая ам.доллараар баригдсан байшингийн үйлдвэр эрэлтээ хайж, нийлүүлэлтээ хүлээж байна
 
 
Ийнхүү аялалын багийнхан “Тэсо”-гоос гарч дараа нь “Эрэл” группийн “Байшин үйлдвэрлэх комбинат”-д зочилж, дотор хана болон нам нурууны цех, Хучилтын нүхт хавтангийн цех, Зуурмагийн цех, Гадна хананы цех, Арматурын цехийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус байшингийн үйлдвэр өнгөрсөн онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 300 гаруй ажилтантай гурван ээлжээр ажиллан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус үйлдвэрийн гол зорилго нь эх орныхоо чанартай бүх түүхий эдийг ашиглаж, хямд өртөгтэй, чанартай байшин барьж зах зээлд нийлүүлэх юм.

Тус үйлдвэрийг улсын комисс хүлээж авсан байгаа ч өнөөдрийн байдлаар эрэлт, нийлүүлэлт нь байхгүй байгаа талаар ярьж байна. Тус үйлдвэрийг барихад Хөгжлийн банкнаас буюу Чингис бондоос14 сая ам.доллар, ОУ-ын хөрөнгийн брижээс 9 сая төгрөгийн зээл авч барьжээ. Өчнөөн хөрөнгө мөнгө зарцуулж ашиглалтад оруулсан үйлдвэрээ өнөөдөр ашиглахыг ажилчид нь хүсч байна. Гэхдээ төв Гандагийн дэнжид лам нарт зориулсан байрыг уг үйлдвэр барьж байгаа аж. Жилдээ 300 м квдрат байшин үйлдвэрлэх боломжтой гэнэ.
 
“Эрэл” группийн ерөнхий захирал Г.Эрдэнэбат “Богино хугацаанд иргэдийг хямд өртгөөр орон сууцжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ нээсэн. Энэ бол өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдэх маш том төсөл болсон. Манайх сүүлийн үеийн Герман технологийг Монголдоо нэвтрүүлж оруулж ирсэн. Харин байшин барих бүтээгдэхүүн нь цэвэр эх орны түүхий эд, газар хөдлөлтэй тэсвэртэй материалаар барилгаа барина. Би энэ үйлдвэрээ 1994 онд дуудлага худалдаагаар 570 сая төгрөгөөр худалдаж авсан. Манай үйлдвэрийн хувьд Улаанбаатар хотыг тэр чигт нь барьсан үйлдвэр. Хамгийн анх 1960-аад оны үед 120 мянгат, 200 мянга, Сансарын 5 давхар, Төмөр замын 5 давхар барилга гэх мэт. 1970 оны сүүлчээр технологи өөрчлөөд 3, 4 дүгээр хороолол, 13 дугаар хороолол, Нийслэлийн сургууль, цэцэрлэг эмнэлгийн байгууллагуудыг барьсан сайхан түүхтэй үйлдвэр. Тухайн үедээ энэ үйлдвэр өвөл зунгүй ажилладаг барилгаа угсарч, материалаа хийдэг байсан. Тэр үеийн технологи дулаан алдагдал ихтэй байсан. Бид өнгөрсөн 2013 оноос эхлэн үйлдвэрийнхээ технологио шинэчлэсэн.

Хамгийн сүүлд Герман улсын технологиор шинэчилсэн гэдгийг тодотгож байна. Улаанбаатар хотын 200 гаруй өрхийг утаа, хөрсний бохирдлоос нь салгах боломжтой. Нийслэлд хэрэгтэй шаардлагатай гэсэн сургууль, цэцэрлэгийн барилгыг сарын дотор барих бүрэн боломжтой. Мөн хувийн хаус болон хороололыг ч цаг хугацаа орохгүй барина. Хамгийн гол нь шинэ зууны хот тосгоныг барих үйлдвэр үүдээ нээсэн ч эрэлт, нийлүүлэлт одоогоор байхгүй байна” гэв.
 
“Мөнх зун” хүлэмж жилдээ 40-50 тонн нарийн ногоо гаргаж байна
 
 
Ингээд дээрх үйлдвэрээс гарсны дараа “Грийн сити гарден” ХХК-ийн “Мөнх зун” хүлэмжид ирж үйл ажиллагаатай нь танилцаад аялалаа өндөрлөсөн юм.

Тус компанийн ерөнхий захирал Ж.Эрхэмбаяр үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд тэрбээр “2012 онд төмс, хүнсний ногоо хадгалах, Германы дэвшилтэд технологи бүхий 2500 тонны хөргөлттэй ногооны агуулахыг ашиглалтад оруулсан.  Харин 2015 онд энэ Мөнх зун хүлэмжээ ашиглалтад оруулсан юм. Манай хүлэмжийн гол зорилго, ашиг нь өвлийн улиралд улаан лооль, өргөст хэмхийг тарих боломжтой. Хүнсний ногооны 90 хувьд импортлогддог тул үүнийг бууруулах зорилготой шинэ ногоог тариалж эхэлсэн. Голланд технологиор баригдсан бөгөөд 10 дахь жилдээ тариалалтаа хийж, томоохон зах болон сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлж байна. Тарилалт 8 сард эхэлдэг бөгөөд жилийн дараа тариалалтаа зогсоодог. Нэг сар дараагийн тариалалтадаа бэлтгэж, цэвэрлэгээ арчилгаа хийж дараагийн үрслэгээгээ хийдэг. Хүчин чадлын хувьд 3000 мквдрат, жилдээ 40-50 тоннын нарийн ногоо гаргаж авч байна. Бидний зорилго эхний ээлжинд 3000 мквдратад хүлэмжээ тариад туршаад үзлээ. Харин одоо гадаа сул талбайдаа дараагийнхаа ээлжийн хүлэмжийг барихаар төлөвлөж байна” гэлээ.

Ийнхүү Голландын технологийг нэвтрүүлж өвөл зунгүй нарийн ногоо тариалж, иргэдийнхээ хэрэгцээг хангаж байгаа компанийг Татварын ерөнхий газраас сонгосон бөгөөд дүүргийн төсөвт өнгөрсөн жил 110 сая төгрөгийн татвар төвлөрүүлжээ.  Хүлэмжийн аж ахуй нь нилээд хөдөлмөр шаарддаг бөгөөд өнөөдрийн байдлаар тус хүлэмжид нийт 8 ажилтан хоёр ээлжээр ажиллаж байна.


 
Дашрамд дуулгахад, “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг гурван үндсэн чиглэлээр явуулахаар төлөвлөжээ.
Үүнд, цахим талархал, сургалт, зөвлөгөө үйлчилгээ багтжээ. Тодруулбал, энэ жил анх удаа улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчиддөө талархал илэрхийлж, хүн бүрт цахим хэлбэрээр талархал илгээж байна.
Татвар төлөх сэтгэлгээг төлөвшүүлэх үүднээс төрөл бүрийн сургалтуудыг явуулахаар бэлтгээд байна. Орон даяар ЕБС-иудын сурагчдад, их дээд сургуулийн оюутнуудад “Би ирээдүйн татвар төлөгч” сэдэвт нээлттэй хичээлийг заана.

“Татварын тайлангаа хэрхэн илгээх вэ”, “Татвар төлөгч танд асуулт байна уу”, “Татварын үйчилгээний талаарх шинэчилсэн мэдээлэл” зэрэг сэдвээр татвар төлөгч иргэн, ААН, байгууллагууд дээр очиж сургалт явуулж, зөвлөгөө өгөх юм байна.

О.Сайхан
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүрэн 2018-05-10 07:05:03
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Бат 2018-05-10 02:59:31
    Ёстой баярллаа гэхдээ төлсөн татварын зарцуулалтанд татвар төлөгчид хяналт тавьж чадахгүй нь эмгэнэл юм даа