А.Эрдэнэ-Очир: Ах нь гүн хөх тэнгэрийг яаж дуулж, бичихээ ойлгохгүй явна даа
Утга зохиол хэмээх том айлд нөхөж баршгүй уй гашуу өчигдөр тохиов.

Алдарт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир бурханы оронд морилсон харамсалтай мэдээ аянга ниргэх шиг болов. Үеийн нөхөд нь үйлст нэгтэй андууд нь өнчирч хоцорсон талаараа гашуудан бичив.

Хүн бүр харуусаж халаглаж байна. Цэн тогоруу шиг аяархан алхалж, анирхан ярьдаг байсан найрагч ах маань гэрээ, гэнэн хонгор үрсээ, гэртээ хүлээх ижийгээ, гэгэлзэн санах ханиа үлдээгээд өөрөө “харваж” одлоо. Үнэхээр харамсалтай байна. Монголын ард түмэн түүний бичсэн шүлгийг нь шүншиглэж, эмгэнэл илэрхийлж байгаа харагдана.

Талийгаачийн хувьд өнгөрсөн жилийн баяр наадмын өмнөхөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх нэр хүндтэй том шагналыг хүртсэн гавьяатай билээ. Түүний товч намтрыг танилцуулахад, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн. Тэрээр шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал, 2009 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, мөн 2006 онд Дэлхийн Урлаг Соёлын академи, Ханчоны Соёлын нийгэмлэгийн “Байгалийн модернизм” шагнал, 2015 онд Дэлхийн урлаг, соёлын академийн “Гарамгай яруу найргийн төлөө” алтан медаль хүртэж байсныг мэдэх байх.

Ингээд хуур шиг аялгуутай, нуур шиг амгалан найрагчийн гэгээн дур
сгалд нь зориулж, оны өмнөхөн түүнтэй ярилцаж байсан сэтгэлийн, сэтгэлгээнийх нь ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна. 

-Сайн байна уу та, сайхан өвөлжиж байна уу, ажил үйлс өрнүүн, уран бүтээл өндөр үү?

Сайхаан, та бүхэн сайхан өвөлжиж байна уу. Ажил сайн даа.

-Өнгөрсөн наадмын босгон дээр Соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Тэр үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Аливаа шагнал, нэр хүнд ирэх хүндээ ирж л байдаг. Бас их юм даалгаж байгаа юм. Төр, төрийн тэргүүний нүдэнд өртсөн хэрэг л дээ. Тэр нь мэдээж уншигч олны сэтгэлээр дамжсан.

-Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө төрийн дээд цол тэмдгээр салбартаа манлайлагч эрхмүүдийг шагнасан. Ц.Элбэгдорж  танд юу гэж хэлсэн бэ?

-Ерөнхийлөгч шагнал гардуулах үедээ “Уран бүтээл арвин уу” гэж асуухад зөрүүлээд “Сайхаан, уран бүтээл арвин” л гэж хариулсан. Өөр юм яриагүй, ярих ч зав чөлөө гараагүй. Ээж маань баярлах байх даа гэж бодож байсан.
Намайг ийм шагналд тодорхойллоо гэж хэн нэгэн хэлээгүй, мөн тийм ч тодорхойлт аваагүй. Ерөнхийлөгч өөрийнхөө нүдээр л харж, шагнасан байх гэж бодож байна. Соёлын гавьяат зүтгэлтэн болж байгаа гэдгийг их тулгаж хэлдэг юм билээ. Долдугаар сарын 7-ны орой наадмын нэвтрүүлэг хийгээд их завгүй сууж байхад дуулсан даа. Тэгээд 9-ний өдөр Төрийн ордонд очиж шагналаа гардаж аваад нутгийн зүг хүлгийн жолоо залсан. Манай ээж, ах эгч, дүү нар маань Ноён хутагтын музейд намайг хүлээж байсан. Тосч авсан. Маргааш нь сум руугаа гарч унасан газартаа очиж, угаасан уснаасаа нэг сайхан залгиж аваад дараа нь хүйг минь боож авсан ээж дээрээ очсон доо. Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх хүндтэй алдрыг миний уран бүтээл, миний яруу найргийн тэнхээнд олгосон шагнал гэж ойлгож байгаа. Ээж минь их баярласан даа. Ер нь өөрийгөө ямар зиндаанд яваа, ямар шүлэг яруу найрагтай гэдгээ ч мэднэ, уншигчид ч ямар уран бүтээлч гэдгийг минь дүгнэх байх. Тийм учраас би уран бүтээлээрээ онгирдоггүй юм.

-Улаанбадрах сумаасаа төрөн гарсан хэд дэх гавьяат нь болов. Танай сумыг  гавьяатууд олонтой гэж сонссон?

-Тиймээ, гавьяат олонтой шүү. Монгол Улсын анхны лимбэний гавьяат М.Дорж, Удирдаач Ц.Баатаржав, дуучин Д.Банди, Л.Нарантуяа, Монголын Радиогийн нэвтрүүлэгч “алтан хоолой” С.Гунгаа, нэрт эрдэмтэн, гүн ухаантан Г.Лувсанцэрэн гээд хүмүүс манай сумынхан. Бусад салбарын ч хүмүүс байна. Одоо дэлхийд гайхагдаж байгаа залуу дуучин Г.Ариунбаатараас эхлээд Ө.Уянга, Э.Гомбо-Очир, Б.Батжаргал, Шижирболд гээд олон дуучин манай Д.Банди багшийн шавь нар шүү. Намайг манай сумынхан ес дэх гавьяат боллоо гэж байна лээ.

-Шинэ уран бүтээлийн санаа оноо юу байна?

-Бид нар шинэ уран бүтээлийн санаа сэдэл бодохгүй байна гэж байхгүй. Амьдралын агшин бүрт, ажлынхаа зав чөлөө бүртээ л уран бүтээлээ бодож, эрэл хайгуул хийнэ. Мөн өргөн хүрээнд уншихыг хичээнэ. Уран бүтээлч хүнд чөлөөт цаг гэж байдаггүй юм. Сэтгэл, тархи хоёрт минь хий дэмий сэлгүүцсэн зав чөлөө байхгүй ээ. Анхны шүлгээ бичсэн цагаас хойш надад тийм зав чөлөө гараагүй гэж хэлнэ. Уран бүтээлийн тухайд бодсоор л явна. Одоо нэг дөрөв, таван ном зэрэг гаргахаар бодоод л яваа юм.

-Дөхөж байгаа юу?

-Дөхөж байгаа. Би ер нь өөрийнхөө бүтээлд алгуур аажуу ханддаг хүн шиг байгаа юм. Овоо юм хийх гээд сууж байхад нэг хүн орж ирээд “Энэ номыг хараад өгөөч, тэр зохиолыг хянаад өгөөч” гээд гуйхаар өөрийнхөө ажлыг хойш нь тавьчихдаг. Өөрийнхөө уран бүтээлд тавих өөрийн тогтоосон хэмжүүр гэж бас байна. Түүнийгээ давж байж л гаргана даа. Түүнээс өнөөдөр нэг шүлэг бичээд маргааш нь цахим хуудаст тавиад байлтай биш. Надад эртнээс өөртөө тавьсан нэг хэмжүүр бий. Тэр нь их өндөр биш юмаа гэхэд лав намхан биш.

-Та “урласан” уран бүтээлүүдийнхээ утга санааны тухайд яриач. Сүүлийн үед дууны шүлэг болон яруу найргийг захиалгаар бичүүлдэг моод дэлгэрчээ?

-Миний гуниг шаналал юмуу, ухаарал элдэв янзын бодомжийг нутаг ус минь анх өгсөн байх аа.  Говь, хээр талаасаа утга уянгыг олж хардаг шүү дээ. Ер нь аливаа юмны тухай бичнэ гэж байдаггүй юм. Харамсалтай нь дууны шүлэг гарлаа гэхэд нэг юмны тухай бичсэн байгаад байдаг. Жишээлбэл, уул ус, аав ээжийн тухай дуу байна. Эсвэл дууны яруу найраг ийм болчихсон юмуу. Одоо үед ямар нэгэн юмны сэрэл мэдрэмж, тунгалагийн тухай бичихээ болиод нэг юмны тухай оноосон шүлэг давамгайлдаг болж. Гэхдээ миний хувьд захиалгаар дууны шүлэг бичих тохиолдол бий.

-Таны хайрын тухай шүлгүүд их гоё, уран тансаг, яруу утгатай санагддаг. Жишээлбэл,“Голын тохой дээр” алдарт шүлгийг уншигчид сайн мэднэ?

-Сайн мэднэ. Одоо шүлгийн CD гаргавал менежмэнтээ бодоод “Голын тохой дээр” гэж нэрлэдэг юмуу гэж бодож байгаа.(инээв). Хайрын тухай их аятайхан шүлэг. Гэхдээ тайзны шүлэг бол биш ээ. Би өөрийнхөө энэ шүлгийг  хоороор уншиж байхыг олон сонсож байлаа. Миний шүлгийг ер нь хүмүүс гайгүй мэддэг юм шүү дээ. Сэтгэлийн шүлгийг сэтгэлээсээ уншина гэдэг сайхан. 

-Дууны шүлгээс “Итгэлийн гэрэлтэй амраг” дууг хүмүүс аялах дуртай. Дууны шүлгийн тухайд олны хүртээл болгосон уран бүтээлээ онцолбол?

-Дуу болсон яруу найраг нэлээд хэд бий. Гэхдээ хүн болгоны амандаа аялаад найран дээр дуулаад байдаг шиг дуунууд бол биш ээ. Би хүн дуулаад байдаг биш ч сонсоод л байдаг дуу хиймээр санагддаг юм. Сонсогчид дуулахдаа гол биш сонсохдоо л гол учир оршдог байх ёстой. Хөгжмийн зохиолчдоос Б.Бямбабаяр, Цэн.Эрдэнэбат гээд олон сайхан хөгжмийн зохиолчтой хамтарч бүтээл хийжээ.  Түүнээс нэг шүлэг биччихээд л дуу болгоод өгөөч гээд бариад явдаггүй юмаа. Хөгжмийн зохиолчид ч дууны шүлэг бичээд өгөөч гэдэггүй. Бид хоорондоо ярилцаж суух зуураа уран бүтээлийн санаа оноогоо ярилцаж уран бүтээл “төрүүлдэг” юм. “Итгэлийн гэрэлтэй амраг” дууг хөгжмийн аян дээр шүлгийг нь бичиж байлаа. Одоо надад санал тавьж сонсгосон дөрвөн аялгуу байна.

-Таниас бүтээл “төрж” гарахдаа амархан гардаг уу, эсвэл их төвөгтөй зүдэргээтэй гардаг уу?

-Янз янз. Өөрийгөө хүчилж төрүүлсэн бүтээл байхгүй. Заримыг нь сууж байгаад их амархан бичнэ. Харин гүн хөх тэнгэрийг яаж бичиж дуулах вэ гэж бодсоор 20 гаруй жил болжээ. Өнөөдрийг хүртэл хөх тэнгэрийн тухай бичиж чадахгүй явна. Тэнгэрийг яаж илэрхийлэхээ бодсоор. Түүнээс гадна аавдаа зориулж “Ангир жиндэх намар” шүлгээ 1991 онд бичээд 1998 онд дуусгаж байлаа. Тэгэхээр бүтээл төрнө гэдэг янз янз даа.

-Тантай ярилцаад сууж байхад сэтгэл хөдлөл багатай хүн шиг санагдлаа. Ер нь догдлолоо нуусан дотогшоо бодолтой хүн үү. Өөрийгөө тодорхойлбол?

-Зарим хүнд намайг танихад их амархан санагдаж, харин заримд нь хэцүү дотогшоо ч байж магадгүй. Амьд амьтан бүхэн сансрын тоглоом юм. Тиймээс амьдралынхаа хугацаанд өөрт оногдсон ажлаа хийгээд сэтгэлийнхээ эрх чөлөөг дагасан дур зоргоороо л явна шүү дээ.

-Таны эмзэглэж явдаг зүйл?

-Уран зохиол, яруу найргаа бид өөрсдөө хайрлахгүй, хамгаалахгүй байгаад их эмзэглэдэг. Одоо бол буг чөтгөр хоёртой нийлээд бурхнаа худалддаг цаг болжээ.

-Яруу найрагчийн сэтгэлгээ их сонин санагддаг шүү?

-Ер нь сонин л доо. Дотоод ертөнцийнхөө нүдээр харж бичиж байгаа нь их сонин санагдаж магадгүй. Түүнээс бид бүхэн адилхан л бодгалиуд биз дээ.

-Найргийн онгодоо оруулж байж шүлгээ бичдэг үү. Онгод орохгүй бол олон сар жилээр ч бүтээл төрөхгүй гэж яруу найрагчид ярьдаг?

-Онгодыг илэрхийлж хэлэхэд их хэцүү санагдаж байна. Онгодоо оруулж хийсэн хүн л үнэнийг хэлэх байх. Ер нь энгийн хүмүүс ч онгодтой байдаг. Онгод гэдэг нь ер бусын болохыг хэлэх юм уу даа. Гэхдээ гар гүйцэхгүй шүлэг бичих тохиолдол байдаг шүү. Нэг шөнийн дотор 23 шүлэг бичээд үүр цайлгах ч бас л гоё мэдрэмж. Зарим үед юу ч хийхгүй байх тохиолдол бий.

-Нэг шөнийн дотор 23 шүлэг бичсэн гэж үү?

-Тийм ээ. Зарим нь номонд орсон.

-Яруу найраг бичихээс өөр сонирхол юу байна?

-Хурдан буянд хорхойтой байлаа. Уяж уралдуулдаг ч байв. 1999 онд Сүхбаатарын Алтан овооны наадамд нэг очиж уралдсанаас  морь уяхаа больсон доо. Одоо ТВ-гээр хурдан морины уралдаан үзэж, мөн морь дагахаар өөрийн эрхгүй уйлчихдаг юм. Сунгаан дээр очоод түрүүлж, айрагдаж ирж байгааг ч  хараад уйлна шүү дээ. Энэ бол монгол хүнд л байдаг, тайлагдашгүй нэг юм .Морь маланд ойртохоор их хэцүү санагдах нь тэр. Хүүхэд байхдаа малд их нүдтэй хүүхэд байсан. Нутгийнхаа өвгөдөд тоогдож л явлаа. Уяан дээгүүрээ нэг оруулчих гээд л...хөөрхий...Түүнийгээ алхгуурхан гээсээр байна даа.

-Бичгийн хүнээс асууя. Сүүлийн үед хүүхдүүд тэр дундаа залуус ном уншихгүй байсаар тархи нь атангиршиж, цахим мэдээлэлд хэт дурлаж, бүр төрөлх монгол хэлээрээ ярьж, бичиж чадахаа байлаа гэсэн шүүмжлэл бий. Ер нь цахим хэрэглээг та юу гэж боддог вэ?

-Монгол хэл минь мохох вий гэсэн эмзэглэл бий. Хэвлэл мэдээллийн байгууллага, байгууллагад нь ажиллаж байгаа хүмүүс монгол хэл, бичгийг хязгаарлаад улам “хазаарлаад” байвал нэг л өдөр явцуу хүрээнд орно шүү. Ер нь бол уран, утга зохиолыг дэлгэрүүлж байж монгол хэлээ аварна. Уран зохиолыг аварч байвал сэтгэлээ аварч байна гэсэн үг. Ер нь сэтгэл гэдэг эрхтэнээ устгавал аюултай. Одоо цагт сэтгэлийн юм алга болжээ. Харин сэтгэлгээ нь хэт хөгжөөд байх шиг. Хэн ч сэтгэлгээгээр юмыг яаж ч хийж хөгжүүлж бүтээж чадна, харин сэтгэлээсээ хийх зүйл уствал аюулд орно гэдгийг л ойлгох хэрэгтэй дээ. Уран бүтээл ч, ажил, хоол цай хийсэн ч сэтгэлээсээ хийх нь чухал шүү дээ. Цахим мэдээллийн хувьд хэт шүтэж болохгүй ээ, харин хэрэглээ гэдэг утгаар нь ашиглахаас зайлахгүй. Цахим хэрэглээгүйгээр өнөөдөр хүн төрөлхтөн яаж явах вэ.


-Одоо цагт хүмүүс сэтгэлээ нээж уудалж ярилцахаа больжээ. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн хөндүүрээ нууж “хүйтэн” зүрхтнүүд болсон мэт санагддаг?

-Аргагүй шүү дээ, сэтгэлийн хөндүүр гунигаа хуваалцсан хүнийг тавладаг муухай цаг дор амьдарч байна. Ингээд байхаар хэн сэтгэлийн хөндүүрээ нээх билээ, тийм болохоор бусдад ойлгогдохоо байна гэсэн үг юм. Ялангуяа фэйсбүүкээр нэг нэгнээ тавлаж, доромжилж амьдаар нь “алж” байгааг бүгдээрээ харж байна даа.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-05-15 04:47:44
    УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ. ҮРГЭЛЖ МӨНХӨД АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ. МАШ САЙХАН ЯРУУ НАЙРАГЧ МӨНӨӨС МӨН БАЙСАН. ГҮНЭЭ ХАРАМСАЖ БАЙНА.
  • Хайран  2018-05-15 02:51:58
    Ум сайн амгалан болтугай...
  • иргэн 2018-05-15 02:37:51
    Хайран сайхан найрагч. УМ МАНИ БАД МИ ХУМ! Бурхны оронд төрөх болтугай!