Исландын эрх баригчид агаарын замаа хаав
Исландын эрх баригчид агаарын замаа хаах шийдвэрийг гаргажээ. Тус улсын хамгийн том галт уул Бардарбунга дэлбэрэх аюул улам нэмэгдэж, нисэхийн анхааруулах төвшин хамгийн их буюу улаан шугамд тулсантай холбоотойгоор ойр хавийн нутаг дэвсгэрээр нислэг үйлдэхийг хориглоод байгаа юм байна. Гэвч орон нутгийн иргэний агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байгаа аж.

Исландын зүүн өмнөд хэсгийн нутагт байрладаг Бардарбунга галт уул хэрвээ дэлбэрвэл, 2010 оны дөрөвдүгээр сард тус улсын Эйяфьятлайокудль галт уул оргилж, европын холбооны бүс нутгуудын агаар мандал асар их хэмжээний үнс нурмаар бүрхэгдэж, агаарын тээвэрлэлт дэлхийн хэмжээнд зогсонги байдалд орж байсан тэр байдал дахин давтагдах магадлалтай аж. Орон нутгийн цагдаагийн албан хаагчид тус галт уулын хойд этгээдэд нь байдаг аялал жуулчлалын бүсээс барагцаагаар 300 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм байна. Цагдаагийн дарга хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийх үедээ “Олон тооны хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн ч, орон нутгийн иргэд тухайн бүсэд үлдсэн хэвээр байна. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн ихэнхи нь гадаадын жуулчид байгаа” гэж ярьжээ.

Одоогийн байдлаар холбогдох албаны хүмүүс ард иргэдийг даруй нүүлгэх  анхааруулгыг гаргаагүй байгаа ч, Засгийн газраас гаргасан анхааруулгыг үл тоомсорлохгүй байх, мөн гар утсаа асаахгүй байхыг сануулж байна. Исландад 1996 онд хамгийн том хэмжээний газар хөдлөлт ажиглагдаж, түүнээс хойш газар хөдлөлтийн идэвхжил үргэлжилсээр байгаа бөгөөд энэ сарын 18-ны өдөр Исландын цаг уурын хүрээлэнгээс нисэхийн анхааруулах төвшин улбар шар шугам хүрээд буй талаар сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байсан юм. Судлаачдын үзэж байгаагаар дэлхийн бөмбөрцөгийн хойд этгээдэд байрлах тус улсын хамгийн том галт уул Бардарбунга дэлбэрвэл агаарын нислэгийн зам тэр дундаа атлантын далай болон Скандиновын дээгүүр дайран өнгөрөх агаарын замд аюул тулгарч болзошгүй ноцтой байдал үүсээд зогсохгүй бүс нутгуудад үерийн гамшиг нүүрлэх аюултай байдал үүсэх аж.

Цагдаагийн газрынхны хэлж буйгаар Бардарбунга галт уулын ойр хавийн бүс нутгийн мөсөн давхаргын зузаан 150-400 метр байдаг юм байна. Тиймээс хэрвээ  галт уул оргилж, мөсийг  хайлуулвал  тухайн бүс нутагт үерийн гамшиг нүүрлэх бөгөөд улмаар  улсын дэд бүтцэд ихээхэн хохирол дагуулах магадлалтай байгаа юм.  Бардарбунга галт уулнаас хэмжээний хувьд жижиг Эйяфьятлайокудль уул одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2010 онд оргилох үед агаарын замуудыг хааснаар агаарын тээвэрт дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн томоохон хэмжээний эмх замбараагүй байдал үүсч байсан аж. Үүний улмаас найман сая хүн хохирол амссан юм байна. Дашрамд дурьдахад, энэ галт уул нь хамгийн сүүлд 1910 онд оргилж байжээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.