“Бор гэрийн богд”-ыг хайж төв талбайг тойрсон нэг өдөр
Өчигдөр Сүхбаатарын талбайд Хүссэнээрээ уншицгаая” уриатай номын баяр эхэлсэн билээ. Номын баяр хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр ч 10.00-18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэхүү номын баяр нь Монголын утга зохиолын төлөөлөгчид төв талбайд цуглаж өөрсдийн уран бүтээлээ хямдралтай үнээр уншигчдад борлуулах, шинэ ном бүтээлээ дэлгэн танилцуулж, хуучны ховор содон ном олж авах, номын ертөнцөд гарч буй шинэ мэдээ, мэдээллээ солилцох олон нийтэд хүргэх гүүр болдгоороо энэхүү баярын ач холбогдол оршиж байна.  

Ийнхүү 23 дахь удаагаа болж буй номын баярын үйл ажиллагааны дэмжигчээр "ЁкозунаНэт" ХХК, Монгол Кино Нэгтгэл, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг ажиллаж байгаа ажээ.

Өчигдөр 13.00 цагийн үед төв талбайг зорилоо. Сонин содон ном харж мэлмийгээ баясгах гэж байгаа нь тэр. Бас болоогүй ээ, АУЗ Д.Пүрэвдоржийн “Бор гэрийн богд” эх дурсамж ном худалдаж авах санаатай очсон юм.

Талбай дээгүүр хөл хөдөлгөөн ихтэй, номонд дурлагсад, сонирхогчид их байв. Баруун захаас нь бүтэн тойрч явлаа, авах гэсэн номоо сураглаж хайлаа, олдсонгүй. Хуучны номнууд их дэлгэгдсэн байсан ч худалдагч нараас нь асуухаар “байхгүй” гэсэн хариу өгсөн юм. Ингээд бүтэн хоёр тойроод авах гэсэн номоо олж авч чадалгүй буцсан юм.

Худалдаа хийж байгаа хүмүүсийг харахад хуучны номнуудаас их худалдаж авч байна билээ. Ялангуяа Монголын нууц товчоо, Монгол хатдын нууц түүх, Гэсэр, Жангар зэрэг түүхэн ном судрыг хайж эрэлхийлж байгаа нь илт. Үнийн хувьд янз бүр. Ихэнх номууд 5-10 хувь хямдарсан байна. Хуучны номнууд 1000 төгрөг байгаа болов эртний ховор үнэтэй бүтээлүүд үнэтэй байх шиг санагдсан. Номонд дуртай хүмүүс хүссэн номоо унших боломжтой санагдсан.

Мөн хүүхдэд зориулсан ном болон оюун ухааны тоглоомууд их зарагдаж байсныг тодотгох хэрэгтэй болов уу.
Түүнчлэн номын худалдааг үзэж сонирхож яваа эрхмүүд цөөнгүй харагдана билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, гишүүн асан Ц.Шинэбаяр зэрэг хүмүүс явж харагдана билээ.


Төв номын сангийн ажилтнууд ном хандиваар авч байна
 
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн асараар орлоо. Ширээ нь хоосон харагдах ч өнцөг дээр 20 гаруй ном давхарлаад тавьсан байв. Ногоон өнгийн дүрэмт хувцастай хоёр ажилтан нь “Манайх ном зарахгүй байгаа. Харин ном хандиваар авч байна. Мөн бичиг баримттай иргэдэд номын сангийн картыг 5000 төргөрөөр нээж өгч байгаа. Бүтэн жилийн хугацаатай үйлчлүүлэх эрх гэсэн үг юм” гэлээ.
 
П.Бадарч, Г.Мэнд-Ооёо зэрэг номын мэргэд номоо худалдаж сууна
 
Ардын уран зохиолч П.Бадарч, СГЗ, яруу найрагч “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо, яруу найрагч Ж.Саруулбуян, Хонхэрэйдийн Б.Энхбат нар өөр өөрийн гэсэн асартаа номоо худалдаалж байлаа.Тэд худалдаа хийж байгаа хүн бүрт номынхоо эхний хуудсанд гарын үсгээ мутарлаж, ерөөл өргөн гардуулж байгаа харагдав.





Мөн залуу үеийн төлөөлөл болсон яруу найрагч, зохиолчид ч цөөнгүй харагдав. Тухайлбал, зохиолч Б.Сарантуяа, Б.Шүүдэрцэцэг, Б.Дуламсүрэн, Ц.Баттуяа,  “Сахиусан тэнгэр”, “Цэцгэн титэмтэй бүсгүй” зэрэг номын зохиолч загвар өмсөгч А.Пүрэвмаа, бадарчин Амай буюу Ж.Золбаяр зэрэг залуу үеийн төлөөлөлүүд номоо худалдаад сууж байсан.
Зохиолч Б.Сарантуяа хэлэхдээ, “Номын баярт оролцоод 10-аад жил болж байна. Улаанбаатарчуудаа номонд дурлуулах гэж зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгчидтэй нэгдэн номын баярыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Ингэж уйгагүй явсны хүчинд өнөөдөр хүмүүс номын үнэ цэнийг мэдэрдэг болж байгаад баяртай байна. Настан буурлууд маань үр хүүхдүүдээ дагуулан зориод ирдэг болжээ. Энэ удаагийн номын баяраар “Сайн Бат хаан”, “Самар хатан”, “Сорхугтани хатан” зохиолоо 25 хувийн хямдралтай уншигчиддаа бэлэг барьж байна” гэлээ.
Өнөөдөр үргэлжлэх  энэхүү баярт хүрэлцэн ирснээр номонд шимтэгч та бүхэн зохиогчтой нь нүүр тулан уулзаж тэдний гарын үсгийг авах, хамт зургаа татуулах боломжтой юм шүү.








О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dddd 2018-05-26 04:29:52
    ene enhbat sanaataigaa hvn alchihaagui biluu
    • монгол 2018-05-26 20:26:10
      үхсэн хүний хохь болдог болсон байнаа. хайран сайхан залууг санаатай буудчихсан гээ биз дээ