Ц.Буяндалай: Өндөр хөгжилтэй оронд оюутнуудынхаа 70-80 хувиар цагийн ажил хийлгэдэг
Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга  Ц.Буяндалайтай ярилцлаа.
 
-Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар томоохон ажил амжуулав гэсэн асуултаар яриагаа эхлүүлье?
 
-Орлогч болоод хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хариуцсан салбартаа нэлээд ажил амжууллаа. Үүний нэг нь “Бичил бизнесийг дэмжих сангийн хөтөлбөр”-ийг боловсруулж, нийслэлиийн ИТХ-аар батлуулсан. Нийслэлд анх удаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулахад хорооны иргэдийн дийлэнх нь бичил бизнес эрхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тиймээс иргэдийн саналыг үндэслэн энэ оны нийслэлийн төсөвт бичил бизнесийг дэмжих зорилгоор тодорхой хэмжээний мөнгө суулгаж өгсөн байгаа.
 
-Ажлын явц ямархуу байна. Иргэдийн гар дээр мөнгө хэзээ очих бол?
 
-Энэ ажил өмнө нь хийгдэж байгаагүй учраас тодорхой цаг хугацаа шаардаж байна. Өмнө нь зээл хүсч байгаа иргэд нэг банкин дээр очдог байсан бол энэ удаад иргэдээр өөрсдөөр нь хадгаламж зээлийн хоршоо байгуулуулах юм. Иргэд өөрсдөө хэнд, яаж өгөх вэ гэдгээ шийдэхээр зохицуулсан.
 
Тухайн хорооны иргэдийг ИНХ-ын дарга нь цаг, газраа товлож цуглуулаад , өөрсдөө хоршиж ХЗХ байгуулах санаачилга гаргаад зээлээ аваад явах боломжтой. Одоогоор нийслэлийн 50- иад хороон дээр ХЗХ байгуулагдах шатандаа явж байна. Тодруулбал, хорооны иргэдэд мэдээллийг нь хүргэчихсэн гэсэн үг. Цаашдаа энэ ажил нэлээд эрчимтэй хийгдэж , есдүгээр cap гэхэд ХЗХ байгуулагдах хурлаа хийгээд бүх хорооны ХЗХ-д эрхээ авчихна байх. Ингээд эрхээ л авчихвал бэлэн гэсэн үг.
 
Ингэснээр хороо бүр дээр хадгаламжийн үйлчилгээ, зээлийн үйлчилгээ эрхэлдэг тухайн хорооны иргэдээс бүрдсэн баг бүрдэх юм. Тэд бол хорооныхоо иргэдийг бусдаас илүү сайн мэдэх учраас арай оновчтой болно гэж найдаж байна даа.
 
-Иргэдийн идэвхи хэр байна. Танилцуулгын ажлыг хороо бүр дээр хийж байгаа гэлээ. Хүндрэл бэрхшээл юу байна?
 
-Төслийн танилцуулга хийх гээд хороодод хурал зарлахаар аравхан хүн ирэх юм. Дахиад цугла гэхээр 40 хүн ирэх юм. Ингээд мэдээлэл хүргэх тусам олон хүн хамрагдаж байна. Би энэ ажлыг зөв зүйтэй сайн ажил болно гэж найдаж байна.
 
-Есдүгээр сараас хадгаламж зээлийн хоршоо байгуулагдаж эхэлнэ гэж байна. Ингэхээр хугацааны хувьд жаахан оройтох нь ээ?

-Бид ажил хийхдээ хурдан түргэн хийх гээд алдаа гаргах нь бий. Тиймээс энэ сангийн мөнгийг зөв хүнд нь өгөхийн тулд сайн ажиллах ёстой. Тэр ч үүднээс дээрхи хөтөлбөрийг боловсруулахдаа бүтэн таван cap ажилласан. Ямартай ч энэ ондоо багтаагаад бүх хороондоо хадгаламж, зээлийн хоршоо байгуулаад, зээлүүдийг нь олгочихно гэж бодож байгаа. Хороон дээр хадгадамж, зээлийн хоршоо нь байгуулагдаж амжихгүй бол тухайн хорооны иргэд нийлээд үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа хоршооны салбар хоршоо байгуулаад тэр хоршоо нь зээлээ хийгээд явах боломжтой.
 
-Өмнө нь энэ төрлийн бизнес ямархуу байсан юм бол гэдэг дээр судалгаа хийсэн байдаг уу. Эргэн төлөлтийн хувьд?
 
-Энэ удаад нийслэл өөрийнхөө дотоод нөөц бололцоог ашиглаж, хөтөлбөр баталж, иргэддээ бичил бизнесийг дэмжих зээл олгохоор болж байгаа юм. Өмнөх бичил бизнесийн чиглэлийн бүх зээлийг зөвхөн дарга нар л хэнд, ямар хэмжээтэй өгөх вэ гэдгийг шийддэг байсан. Харин энэ удаад асуудлыг нэлээд өөрөөр авч үзэж байгаа юм. Иргэдэд олгохоор болсон 15,2 тэрбум төгрөгийг тухайн хорооны хүн ам, амьжиргааны түвшин гэх мэт хэд хэдэн зүйлийг тооцож байгаад бүх хорооны санхүүжилтийг жигд тараах гэж байна.
 
 Тодруулбал, олон хүн амтай бол хороонд нь арай их, цөөн хүн амтай бол бага хэмжээтэй гэх мэт. Хуулиараа төр төсвийн мөнгөнөөс иргэдэд зээл олгох хориотой байдаг учраас Монголд хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд ажлаа зохион байгуулахын тулд бичил бизнесийг дэмжих сан зайлшгүй байх шаардлагатай. Тиймээс сан байгуулагдсаны дараа санхүүжилтээ хороод руугаа хуваарилна.
 
-Хороодод мөнгө хуваарилагдсаны дараа хэн мэдэж зээлээ олгох вэ?
 
-Иргэд өөрсдөө хэнд яаж өгөх вэ гэдгээ шийдэхээр зохицуулна. Нийслэлээс энэ ажилд оролцохгүй. Тодруулбал, танай хороо тэр хүндээ өг, энэ хүнд өг гэсэн ямар ч зүйл байхгүй. Иргэд хуралдаад хадгадамж, зээлийн хоршоогоо байгууллаа. Дараа нь хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ. Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн болон бусад үйл ажиллагааныхаа эрхийг авсан хадгадамж, зээлийн хоршоо албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах ёстой.
 
 Хорооны иргэд бие биенээ таних учраас төсөл хөтөлбөрөө шалгаруулна. Төсөл хөтөлбөрөө шалгаруулах хоршооны шийдвэр гарсаны дараа санхүүжилтыг нь “Бичил бизнесийг дэмжих сан’’-гаас тухайн хороонд байрлах хадгадамж, зээлийн хоршоо руу шилжүүлэх юм. Иргэд өөрсдөө манай хороонд ямар бичил бизнес эрхэлбэл зүгээр вэ, энэ хэрэгтэй юу үгүй юу гэдгийг сайн мэднэ гэсэн утгаараа давуу талтай.
 
-Зээлийн хүү жилийн хэдэн хувь байх вэ?
 
-Иргэдийн байгуулсан ХЗХ-нд “Бичил бизнесийг дэмжих сан”- гаас жилийн хугацаанд нэг хувийн хүүтэй зээл олгоно. Сангаас олгосон мөнгийг ХЗХ-д үйл ажиллагааныхаа зардлыг хасаад хамгийн доод тал нь нэг, хоёроос хэтрэхгүй хүүтэйгээр иргэдэд олгох юм. Хүүнээс орж ирсэн ашиг тухайн хоршоонд ажиллаж байгаа хүний цалин мөнгө гээд үйл ажиллаганы зардалд шингээд явна.
 
-Саяхны нэг хурал дээр орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх үүднээс “Амьдрах ухаан сургалтын төв”-тэй хамтарч ажиллах асуудал яригдаж байсан. Үүнийг тодруулахгүй юу?
 
-Нийслэл хотод орон гэргүй амьдарч байгаа гурван мянган хүн байгаа. Энэ нь Улаанбаатар хотын нийт хүн амын нэг хувь гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 100 айл тутмын нэг нь орон гэргүй байгаад байна. Энэ бол том асуудал. Орон гэргүй хүмүүст гэр олгоод эхэлбэл нэгдүгээрт энэ хүмүүсийн тоо буурна.
 
 Орон гэргүй байгаа хүмүүс хоёр сөрөг талтай. Нэгдүгээрт, өөрсдийнх нь эрүүл аюулгүй амьдрах эрх нь зөрчигдөөд байна. Хоёрдугаарт, энэ хүмүүс нь янз бүрийн хог түүгээд гудамж талбайг бохирдуулах, халдварт өвчин тусах гээд иргэдэд ч бас хүндрэл учруулаад байгаа юм. Тиймээс бидний нэг зорилго бол энэ орон гэргүй хүмүүсийг хэрхэн, яаж орон гэртэй болгох вэ гэсэн асуудал.
 
“Амьдрах ухаан сургалтын төв” маань улсаас санхүү аваад орон гэргүй иргэдийг хооллож ундалж байгаа юм. Гэтэл бодит хүмүүсийг хооллож чадахгүй байна. Орон гэргүй гурван мянган хүн байхад гуравхан хувь болох 100 хүмүүсийг л хооллоод байгаа юм. Тэгэхээр энэ байгаа ганцхан төвөөр энэ үйл ажиллагааг явуулах нь учир дутагдалтай байна. Орон гэргүй, тэнэмэл иргэдийн асуудлыг нийслэл хариуцна гэхээсээ илүү, нийслэл бодлогоо гаргаж, эргээд дүүргүүд дээрээ зангидуулаад, хороодоор хийлгэх хэрэгтэй гэсэн асуудал яригдаж байгаа.
 
-Орлогч даргын хувьд нийслэлд маань хамгийн ихээр тулгамдаж байгаа ямар асуудал байна?
 
-Ажлын хувьд яривал олон мянган асуудал гарч ирнэ. Мэдээж
саятан хотод тулгамдах, шийдэх, хэлэлцэх асуудал дор дороосоо ундарна. Түүний хэрээр тулгамдах асуудал их. Хамгийн гол тулгамдаж байгаа асуудал гэвэл Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийг орон нутгийн нөхцөлд тохируулаад зөв болгож сайжруулаад, тодорхой болгоход чиглэгдсэн маш олон шийдвэрүүд хүлээгдэж байна. Тодруулбал, нийслэлийн ИТХ-аас гарах шийдвэрүүд, Засаг даргаас гарах шийдвэрүүд хүлээгдэж байна гэж ерөнхий утгаар нь хэлэх байна даа.
 
-Тодруулбал, ямар шийдвэр хүлээгдэж байна?
 
-Тодруулна гээд асуудал хөөгөөд явбал маш олон. Тэгэхдээ одоо нийслэлийн өмнө хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол орчны бохирдол байгаа юм. Тиймээс үүнийг ганцхан хотын дарга гэхээсээ илүү өрх бүр хичээх хэрэгтэй. Иргэн хашаанаасаа тоос гаргахгүй болгочих хэрэгтэй. Түүнийхээ дараа хажуу айлтайгаа нийлээд мод тарих, цаашлаад гудамжны хүмүүстэйгээ нийлээд тохижуулах ч гэдэг юмуу иргэн бүр санаачилгатай оролцоотой байснаар хот хөгжих юм. Энэ мэтийн ажлуудыг ганцхан хотын дарга гэхээсээ илүү иргэд өөрсдөө ч хийдэг, дүүргүүд ч хийдэг байх хэрэгтэй.
 
Төрийн ба төрийн бус байгууллагуудын зохистой харилцаа үгүйлэгдэж, дутагдаж байна. Дээр нь төрийн ажилчин, албан хаагчдын дунд ёс зүйг өөрчлөх шаардлага байна. Иргэдийн асуудалд ханддаг ёс суртахуунуудыг сайжруулмаар байна. Өнөөдрийн нэг чиг хандлага бол чаддаг зүйлээрээ боох замаар олон хүнд саад болоод түүгээрээ амин голоо тэжээдэг чиг, хандлага дээд, дунд шатны хүмүүст олон байна. Иргэдээ харахаар томроод, даргаа харахаар долигноод байдаг чиг хандлага олон байна. Үүнийг өөрчилмөөр байгаа юм.
 
 Тэр хүмүүс болж өгвөл иргэдээ хүндлээд, харин даргынхаа буруу зөв юман дээр нь дуугарчихдаг  хандлагууд төрийн
байгууллагууд, янз бүрийн тусгай зөвшөөрлүүд өгдөг байгууллагад үйлчилгээ үзүүлдэг албан хаагчидад дутагдаад байна.
 
-Багш нарын дунд багшлах эрхийн шалгалт авч байна. Энэ нь хүүхдийн хөгжил тал дээр том түлхэц болох юм шиг ээ?
 
-Тэгэхээр дөрвөн мянган хүн багшлах эрхийн шалгалт өглөө. Эд нарын 90 хувь нь шалгалтандаа унаж байна гэдэг бол өнөөдрийн манай боловсорлын тогтолцооны гажуудал. Тодруулбал, их сургуулийн төлбөрөө л тушаасан бол төгсдөг. Тухайн оюутан төлбөрөө л төлсөн бол мэдлэг олох нь гол биш гэж үзээд байна уу даа гэж боддог.
 
-Хөдөлмөр эрхлэлт тал дээр манайх ямархуу түвшинд явж байгаа вэ. Үнэхээр ажилгүйчүүдийн түвшин өндөр орон мөн үү?
 
-Өнөөдөр манай улс ажилгүйчүүдийн түвшинг 60 хувьд хүргэе гэж байгаа юм. Ажил хийх насны 100 хүний 60 хүнийг ажил хийдэг болгох зорилттой байгаа. Бодит байдал бол ажлын насны хүн амын 50 хувь нь л ажиллаж байгаа. Үлдсэн 48 хувийг нь судлаад үзэхээр ажлын насны оюутнууд багтчихдаг. Ингээд энэ тоо өндөр гараад байдаг юм. Гадны өндөр хөгжилтэй оронд бол үүнийгээ сайн зохион байгуулаад ажлын насны оюутнуудаа 70-80 хувийг нь цагийн ажилд оруулдаг.
 
Манайд цагийн ажлын систем байхгүй. Тиймээс бидний зүгээс энэ тал дээр дэмжлэг сайн хийх шаардлагатай. Нөгөө талаас хүүхдээ харсан маш олон ажилгүй иргэд байгаад байна. Тиймээс цэцэрлэгийн асуудлыг маш сайн шийдэх хэрэгтэй болоод байна. Солонгос гэх мэт орон шиг бүх цэцэрлэгүүдийг хувийн хэвшилд  даалгаад улс хяналтыг нь сайн тавих юм бол боломж байгаад байна. Энэ дээр бас УИХ, нийслэлээс гарах бодлого л дутагдаад байна.
Нийслэл таймс
М.Янжинлхам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.