Хаан төгөлийг Сүхбаатар аймагт хүлээлгэн өглөө
2018 оны 05-р сарын 29, Мягмар гараг

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангийн санхүүжилтээр  зургаан жилийн өмнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо ХААН Төгөл байгуулах ажлыг эхлүүлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд салбарын хамт олон тарьсан модоо арчлан тордож, услан ургуулсаар томоохон ногоон төгөл болгож чадсан билээ.   

Тус төгөлийг аймаг, орон нутгийн удирдлагад албан ёсоор хүлээлгэн өгснөөр цаашид арчлан тордож, эзэн болох эрхийг Баруун-Уртчууд хүлээн авлаа. Өмнө нь цөөн хэдэн бут сөөгтэй, модод нь насжиж хөгшрөн гундаж байсан газарт ногоон төгөл бий болгож чадсан нь ХААН Банкны хамт олны хүчин чармайлт, тус дэм хэмээн нутгийн иргэд сайшаан талархаж байсныг уламжлахад таатай байна.



Нээлтийн ёслолд Сүхбаатар салбарын захирал Ц.Адъяабаатар хэлсэн үгэндээ “Энэхүү төгөл өнөөдрийн хэмжээнд өргөжин цогцлоход ХААН Банк Сангийн хамт олны дэмжлэг, нийт ажилтнуудын хичээл зүтгэл, аймаг орон нутгийн удирдлагууд болон нутгийн иргэдийн дэмжлэг туслалцаа хамгаас чухал байсан” хэмээн онцлон дурдаад “цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Нээлтэд ХААН Банкны Олон нийттэй харилцах газрын захирал Ц.Оюунцэцэг оролцож, “Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бидний эхлүүлж, хийж бүтээсэн ажил өнөөдөр Баруун-Урт хотын хүүхэд залуус, настан буурлууд, нийт иргэдийн нарлах, салхилах, чөлөөт цагаа өнгөрөөх газар – ногоон төгөл болж өргөжсөнд туйлын баяртай байна. Энэ ажлыг өнөөдрийн хэмжээнд хүртэл авч явсан та бүхэнд баярлалаа” хэмээн чин сэтгэлийн талархал илэрхийллээ.



Бусдад түгээх
  • gplus