БСШУСЯ-ны ивээл дор балетын олон улсын анхдугаар уралдаан зохиогдож байна

БСШУСЯ-ны ивээл дор “Монголын балетын хөгжил сан” Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр УДБЭТ-тай хамран Монгол Улсад анх удаа балетын  олон улсын тэмцээнийг тавдугаар сарын 29-нээс зургадугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Насны гурван ангилал, хоёр / модерн, сонгодог/ төрөлд  нийт долоон улс, 10 хотын 80 гаруй хүүхэд залуус өрсөлдөх уг тэмцээнийг олон улсад нэр хүндтэй зургаан улсын 11 шүүгч шүүн явуулах бөгөөд ерөнхий шүүгчээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Б.Жамьяандагва ажиллана.

БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Ц.Баянзул “БСШУСЯ-наас сонгодог урлагийг бүх талаар хөгжүүлэх тухайд ач холбогдол өгөн ажиллаж ирсэн. Тийм ч учраас үндэсний балетын хоёрдугаар уралдаан, Олон улсын балетын анхдугаар уралдааныг Монгол Улсад зохион явуулахад яамны зүгээс дэмжиж, бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Манай улс сонгодог урлаг тэр дундаа балетын урлагийн олон жилийн түүхтэй. Үндэсний балетын бүжигчид маань ч олон улсад амжилттай өрсөлдөж байгаа. Өнөөдөр балетаар хичээллэж буй олон олон  хүүхэд залууст манай улсад анх удаагаа зохиогдож буй олон улсын балетын тэмцээн үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. Анхдугаар тэмцээнийг шүүхээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шүүгчиддээ яамны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Тэмцээнд оролцогч нийт хүүхэд залуустаа мөн амжилт хүсье” гэлээ.

“Өдгөө дэлхий даяар олон улсын чанартай, өндөр зэрэглэлийн янз бүрийн түвшний балетын тэмцээн, насны маш олон ангиллаар жил бүр зохион байгуулагдаж байна. Тэмцээн бүхэн өөрийн онцлогтой, өөрийн түүхийг бүтээсэн, оролцогчдын ур чадварыг нэмэгдүүлсэн байхаас гадна зарим улс орон тухайн улсынхаа балетын урлагийн хөгжлийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, тухайн тэмцээнээр дамжуулан авьяас, чадвартай уран бүтээлчдээ бусад улс оронд таниулах, тэдгээрийн ур чадварыг ахиулах, нэмэгдүүлэх зэрэг олон олон зорилгыг өөртөө агуулан зохион байгуулагдаж байна. Энэ удаа Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй олон улсын балетын тэмцээний ач холбогдол нь балетын урлагаар хичээллэж буй олон арван хүүхэд багачууд, мэргэжлийн бүжигчид өөрийн ур чадварыг дүгнэх, харьцуулах, бусад олон тэмцээнд оролцох анхны туршлага нь болох, багш, дасгалжуулагч нарын ур чадвар нэмэгдэх, тухайн салбарын мэргэжилтнүүдийн хувийн ур чадвар нэмэгдэх, урамших, салбарын идэвхжил, эрүүл өрсөлдөөн бий болох зэрэг хувь хүн, мэргэжилтэнд чиглэсэн олон давуу тал байхаас гадна аялал жуулчлалын нэг шинэ төрлийг бий болгох шийдэл байж болох давуу талтай юм. Тэмцээний нэр хүнд, тэмцээний чанар нэмэгдэхийн хэрээр оролцогчдын тоо нэмэгдэх үүнийгээ дагаад аялал жуулчлалд тодорхой хугацааны дараа нөлөөлөх боломжтой гэсэн нийгмийн бас нэгэн том зорилгыг агуулж энэхүү балетын анхдугаар олон улсын тэмцээнийг зохион байгуулж байна” хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцлон хэллээ.

Балетын олон улсын тэмцээн цаашид Монгол Улсад хоёр жил тутамд зохион байгуулагдана. Энэ жилийн анхдугаар тэмцээний Гранпри шагналын эзэн 4250 ам.доллар, алтан медалийн эзэн 1500 ам.доллар, мөнгөн медалийн эзэн 1000 доллар, хүрэл медалийн эзэн 800 ам.долларын шагнал хүртэнэ. Мөн шилдгээр тодорсон балетчид ирэх зургадугаар сарын сүүлээр БНСУ-д, наймдугаар сард БНХАУ-ын Шанхай хотод болох балетын олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж нээгдэх юм.

 

 

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-31 05:55:22
    хүүхдэд өгөх мөнгө байхгүй сургуулийн засварт мөнгө байхгүй гэх мэт зовлонтой мөртлөө ШОУ-д Боловсролын яам ямар их мөнгө зарж байна