Т.Содгэрэл: Тал нутгийн бүсгүйн дүрээр өнөө орой уулзана аа
Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол бүжигчин, бүжгийн багш Т.Содгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр өнөө орой 19.00 цагаас өөрийн уран бүтээлийн бие даасан хоёр дахь “Хэмнэл, урлахуй” тоглолтоо үзэгчдэд хүргэх гэж байна. Бүжигчний тоглолтын тухай асууж сураглахад ятгачин, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбат, Морин хуурын чуулгын хуурч Р.Амарбаяр гээд хөгжмийн урлагийн өнөө цагийн шилдгүүдийн нэр сонсогдоод байх нь анхаарал татав.
Хөгжим бүжгийн дунд сургуулийн ардын бүжгийн анги төгсөөд “Түмэн эх” чуулгад бүжигчин болсон цагаас хойш өнөөг хүртэл 20 гаруй жил тэр л дугуй, үзэгчдийнхээ дунд шахам байдаг тайзан дээрээ тоглож, сүүлийн хэдэн жил бүжгийн багшийн ажил давхар эрхэлж буй уран бүтээлч ийн ярьж байна.


-Бүжигчид уран бүтээлийн бие даасан тоглолт хийх нь ховор. Та дөрвөн жилийн өмнө “Тусгал” нэрийн дор өвөрмөц бүтээлүүдээс бүрдсэн тайлан тоглолт хийсэн. Одоо ямар сонирхолтой хөтөлбөр үзэгчдийг хүлээж байгаа бол?

-Сургууль төгссөнөөс хойш бүжигчнээр ажилласан хугацаанд юу сурч, бүтээснээ өөрөө дүгнэж, багш нар, үзэгчдээр шүүмжлүүлэх  зорилгоор дөрвөн жилийн өмнө “Тусгал” хэмээх тоглолт хийсэн. Тэр бол уран бүтээлчийн тайлан байлаа. Харин энэ удаагийнхыг шинэ бүтээлийн гэж хэлж болно. Би аливааг өөр өнцгөөс харж, тийм байвал яах бол гэж бодох дуртай. Энэ санаа бодол уран бүтээлд нөлөөлөх талтай. Зүгээр бодоод, мөрөөдөөд явах бус, бүтээж, харуулж байвал сэтгэлд сайхан. Дараа дараагийн үеийнхэнд үлгэр болох болов уу гэж бодон, залуу бүжигчдээ зоригжуулж, хурцлах үүднээс “Хэмнэл, урлахуй” тоглолт хийх гэж байгаа юм. Боломж олгож буй Швейцарийн хөгжлийн агентлагт талархаж байна. Тоглолтыг зохион байгуулагч Виртүс академийн зүгээс төсөл бичиж уралдаант шалгаруулалтад оролцсон л доо. Төсөл дэмжигдсэнийг сонсоод маш их баярласан. Швейцарийн хөгжлийн агентлагийн зүгээс язгуур болон орчин үеийн бүжгийн урын санд шинэлэг дэглэлт, тавилттай шинэ бүтээл нэмэхдээ ди жей урлаг, 3D форматтай график дизайны шийдэлтэй хослуулан хүргэж буй технологийн дэвшил бүхий зохион байгуулалтыг дэмжиж байгаагаа хэлсэн.

-Нэрнээс харахад хөгжмийн хэмнэлд урлан бүжих гэсэн ойлголт байх шиг?

-Тийм ээ. Хөгжмийн, сэтгэлийн, ер нь амьдралын хэмнэл гэсэн санаа бий. Бүжгийн язгуур өвийг орчин цагийн хөгжмийн хэмнэлтэй сонирхолтойгоор хослуулж хүргэхийг зорьж байна. Зөвхөн бүжигчин Содгэрэлийн гэхээс илүү олон уран бүтээлчийн, ялангуяа шилдэг хөгжимчидтэй  хамтарсан тоглолт гэж үзэж болно. Мэргэжлийн тал руу түлхүү хандсан хэрнээ  харахад өвөрмөц, хөгжим нь ч сонсголонтой байх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Аль болох зүгээр жагссан гэж ярьдаг, дан бүжгийн тоглолтоос өөрийг үзүүлж, харуулахыг хичээж байна.

-Ятгачин, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтарч ямар уран бүтээл хийх гэж байна вэ. Түүний бие сайн уу?

-Бие нь сайжирч байгаа. Бид дөрвөн жилийн өмнө хамтарч “Санахуй” гэдэг бүтээл хийсэн юм. Ч.Мөнх-Эрдэнэ эгчид олон жилийн өмнө гадаадаас ирээд удаагүй байхад нь шинэлэг юм хиймээр байгаа тухайгаа хэлэхэд “Хамтарч болно шүү, би бэлэн” гэж байлаа. Тэгээд түрүүчийн “Тусгал” тоглолтоор санаснаа хэрэгжүүлэхээр болсон л доо. Дуучин С.Нарангийн дуулсан, хөгжмийн зохиолч Чулуунбатын хөгжим “Нутгаа санахуй” гэдэг дууны төгсгөлийн биелгээний хэсэг, ялангуяа хэмжээ нь их таалагддаг. Тэр хэсгийг ятгаар тоглуулж бүжиглэе гэж бодоод уран бүтээлчдээс нь зөвшөөрөл аваад ажилласан. Хөгжмийн найруулгыг Н.Халиун хийж, би дэглэсэн. Уран бүтээлийн тухай ярих, санал тавих зэрэгт таатай хүлээж авч, санаа сэдэл нэмж, улмаар хамтаръя гэх хариу сонсох гоё шүү. Яг тийм мэдрэмжээс бүтсэн бүтээл болсон. Бас нэгэн заавал дурдах бүтээл бий. Яруу найрагч Чулуунцэцэгийн надад зориулж бичсэн шүлгийг  хөгжмийн найруулагч Ган-Өлзий цогц бүтээл болгосон, түүнд бас бүжиглэнэ.
 
-Энэ шүлгийн түүхийг ярьж өгөөч?

-Аав маань нас бараад удаагүй байсан юм. Яруу найрагч Чулуунцэцэг ажаадаа зориулсан их гоё бичлэг нийгмийн сүлжээнд тавьсан байсныг би нус, нулимстай уншиж байхдаа ээж, аавдаа ач санаж сайхан бүтээл хиймээр санагдсан. Бүжгээр илэрхийлэх хэцүү л дээ. Гэсэн ч зүтгэсэн. Бүжигчин болох гэж ямар зам туулав, энэ урлагт амьдралаа зориулж чадсан уу, үгүй юү гэдгээ найрагчид ярьж өгөхөд их гоёор шүлэглэж бичиж өгсөн. “Тусгал” тоглолтоор жүжигчин Ц.Баясгалан эгчээр уншуулж тоглоход үзэгчид хүндэтгэж хүлээж авч байлаа. Тухайн үед тоглолтын төгсгөл, дүгнэлт төдий номер байсныг сүүлд хөгжимтэй, орчин үеийн бүжгийн бүтээл болгосон. Одоо үүн дээр эвэр бүрээч О.Чинбат хамтарч тоглоно. Эвэр бүрээ ямар гоё эхийн бүүвэй мэт зөөлөн өнгөтэй, уянгалаг монгол хөгжим болохыг О.Чинбаттай хамт Японд тоглолтоор явах үедээ мэдсэн. Заавал хамтарч ажиллах юм шүү гэж бодсоор хийлээ. Энэ шүлэгтэй бүтээл бол ерөөсөө л миний ертөнц.

-Бий биелгээг орчин үеийн урлагтай хэрхэн хослуулж байна вэ?

-Бий биелгээг хүмүүс бүжигчид мөр, далаа сайн хөдөлгөж байна шүү гэж хардаг байж магадгүй.  Гэтэл бүжиглэж байгаа хүн амьсгаагаа хэрхэн зөв аваад, хийх хөдөлгөөний хэрэгцээгээр хэрхэн хуваарилж гаргадгийг анзаардаггүй болов уу. Энэ мэт урлагийн сайхан болоод уран бүтээлчдийн ажлын хэцүү бэрхийг хөгжмийн орчин үеийн урсгал, график дизайнтай сүлэлдүүлж цогц орчин  бий болгохыг зорьсон. Тайзан дээр бүжиглэж байхад үзэгчид урдаас нь, эсвэл хажуунаас нь л хардаг. Энэ удаа бол график дизайнерч ажиллаж байгаа болохоор бүжигчдийн хөдөлгөөнийг араас нь ч харуулна. “Корпорэйт конвеншн сентр”-ийн тайз болон гэрэлтүүлэг дээр ажиллаж байгаа нөхдийнхөө чадварт найдаад бүжиг, хувцсандаа түлхүү анхаараад явж байна.

-Морин хуурч Р.Амарбаяр аль хэсэгт хуурдах юм бэ?

-Би хөгжмийн зохиолч, багын танил Ш.Өлзийбаяртаа бүжгийн хөгжим захиалсан юм. Түүний дотор би тал нутгийн бүсгүйгээр төсөөлөгдсөн гэнэ ээ. Эх орныхоо өмнөд хэсгээс гарч баруун тийш нүүдэллэн аялаад эргэж ирж байгаа бүсгүй. Хөгжим дунд ятга, морин хуур тод сонсогддог. Хөгжмийн зохиолч бид хоёр эдгээрийг хэнээр тоглуулах тухай ярилцаад Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Р.Амарбаяр, манай “Түмэн эх” чуулгын ятгачин Нарангэрэл нарыг сонгосон. Бүжгийг өөрөө дэглэж байна. Би чуулгынхаа эрэгтэй бүжигчидтэйгээ бүжиглэхээр сонгосон.
 
-Та тал нутгийг хэр мэдэх үү?

-Аав маань Ховдынх. Би Улаанбаатарт төрсөн боловч Хөгжим бүжгийн дунд сургууль орох нас хүртлээ Дорноговь аймгийн хэд хэдэн суманд өсч том болсон. Аав намын ажилтай тул сум, суманд хэд хэдэн жилийн томилолттой ажилладаг байлаа. Говьд өссөн болохоор тал нутаг дотно санагддаг.

-Монголын олон ястны бүжиг бүр онцлогтой. Энэ талаар юу хэлэх вэ?

-“Түмэн эх” чуулгад ажиллаж эхэлсэн цагаас бий биелгээнд дурласан. Хөдөлгөөн ийм байдаг гэж харуулахаас илүү дотоод сэтгэлээсээ орчин тойронтойгоо харьцаж, “ярьж” бүжиглэхийг бий биелгээ гэдэг юм байна гэдгийг ойлгосон. Хэлэх гээд байгаа зүйлийнхээ тухай бүрэн гүйцэд харуулж байж сая бүрэн гүйцэтгэлээ гэж үзнэ. Дотоодоос, ахуйгаас үүдэж хөгжсөн биелгээг хүмүүст хүргэхийн тулд нүд, харц, биеийн хөдөлгөөнөөр тоглож харуулах болдог. Тэгж чин  сэтгэлээсээ бүжиглэвэл биелгээ амилдаг юм болов уу. Монгол ардын бий биелгээг сайтар судалж, орчин цагт тайзны уран бүтээл болгож чадсан Нанжид, Энхгэрэл, Мөнгөнцэцэг, Цэрэнчимэд нарын багш маань “Биелгээ гэж үүнийг хэлнэ, торгууд, хотон гээд олон, тус тусдаа онцлог ахуй, заншилтай ястнууд байдаг, тэндээс үүдсэн бүжиг, биелгээ нь ийм ялгаатай” гэх зэргээр маш сайн заасан. Тийм болохоор манай үеийнхэн, дүү нар маань ч гэсэн өнөөдөр нүүр бардам биелдэг гэж боддог.  Тухайлбал хотон биелгээнээс хотон ястнууд хурдан түргэн хөдөлгөөнтэй, магадгүй жаахан хурц зан авиртай хүмүүс юм байна гэдгийг мэдэж авсан.

-Язгуур бүжгээс контэмпорари урсгалын уран бүтээл рүү шилжиж сэтгэх явц сонирхол татаад байна. Хэцүү юу?

-Дэглээчийн санааг гүйцээж, дүрийг хэрхэн амилуулах вэ гэдэг чухал. Тухайлбал би зэрэглээ болъё гэж бодъё. Зэрэглээ гэж юу билээ, үзэгдэх хэрнэ гарт баригдахгүй тэр чухам юу вэ гэж бодохоос эхэлнэ. Ер нь нэлээд бодох, судлах, мэдэх хэрэгтэй болдог. Ахмадуудаа, багш нараа сонсох чухал.

-Та бүжиг дэглээч болжээ. Олон бүжигтэй болсон уу?

-Мэргэжлийн дэглээч биш ээ. Туршлагаараа, багш нарынхаа зөвлөгөөгөөр дэглэж байна. Багш нар маань “Чи юу хиймээр, хэлмээр байгаа юм, түүнийгээ бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийл. Бүжиг гэдэг бол чиний ертөнц. Түүн дотроо чөлөөтэй сэтгэ, амьдар” гэдэг. Энэ бол бүжиг дэглээч хүнд юутай ч зүйрлэшгүй  эрх чөлөө юм.

-Урсгалаар амьдардаггүй, үргэлж бүтээж байдаг бүжигчин, хөгжимчин байх юм. Та тэдний нэгэн бололтой.

-Үзэгчдэд шинэ бүтээл үзүүлэх, сэтгэлийг нь хөглөх, магадгүй шинэ санаа төрүүлэх, баяр баясгалан бэлэглэх гэж хүсдэг болохоор түүндээ хөтлөгдөж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж хайж явдаг даа. Цаг үеэсээ хоцрохгүйг хичээдэг. Би чуулгынхаа бүжигчдэд “Манайх хэдийгээр үндэсний дуу, бүжгийн чуулга ч гэлээ гадаадад бүжгийн урлаг яаж хөгжиж байгаатай үргэлж танилцаж бай. Шинэ хөдөлгөөн сур, туршиж үз. Дэлхийн шилдэг балетмейстер ирээд манайд ажиллах болбол бид бүхнийг мэддэг, тийм түвшинд бэлэн байх ёстой” гэж хэлдэг юм. Манай залуус ч санал нэгтэй байдагт баярладаг.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus