С.Очирбат: Энэ жил 35 тэрбумын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийнэ
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбаттай энэ онд нийслэлд хийх бүтээн байгуулалт, тохижилтын талаар ярилцлаа.

-Энэ жил нийслэлд хэчнээн төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ. Өнгөрсөн жил гэр хорооллын дахин төлөвлөлтөөс эхлүүлээд хэд хэдэн ажлыг эхлүүлсэн байгаа шүү дээ?

-Өнгөрсөн жил улсын болон нийслэлийн төсвөөс гадна олон улсын байгууллагын гээд нийт нэг их наяд гаруй төгрөгөөр бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Бүтээн байгуулалтын ажлууд ихэнх нь ондоо багтан дууссан. Өмнө нь 200 гаруй ажил он дамжсан бол өнгөрсөн жил 30-аад ажил яах аргагүй он дамжин хэрэгжиж байна. Эдгээр ажлыг нэгдүгээр улиралд багтааж дуусгасан.

Үүнээс гадна дулааны улиралд хийх шаардлагатай ажлууд бий. Энэ жил нийслэлийн төсвөөс 211 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүтээн байгуулалтад зарцуулна. Энэ жил бид нийгмийн салбар луу түлхүү анхаарч байгаа. Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих гэх зэрэг ажлууд хийнэ. Өмнө нь хийж дуусаагүй болон зайлшгүй дуусгах шаардлагатай ажлуудыг ч дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнээс гадна 99 тэрбум төгрөгийн өртгөөр хийж байгаа ажил ч байна.

-Тэр нь ямар ажил вэ?

-Нийслэлд үерийн томоохон далан барьж байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, зүүн болон баруун уулын, Зайсан, Нарангийн үерийн далан гээд зайлшгүй дуусгах шаардлагатай ажил байна. Эдгээр ажлын зарим нь зогсчихсон байгаа. Тиймээс эдгээрийг энэ жилдээ багтааж хийж дуусгахаар төлөвлөсөн. Яагаад гэхээр энэ нь хүний аюулгүй байдалтай холбоотой. Нэг ёсондоо иргэдээ үер усны гэнэтийн гамшигт өртүүлэхгүй гэдэг үүднээс дээрх далангуудын ажлыг хийж дуусгах ёстой юм байна гэдэг дээр НИТХ санал нэгдсэн.

Үүнээс гадна бас нэгэн том ажил нь “Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний тодотголыг өнгөрсөн онд УИХ-аар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийх ажлууд байгаа. Тухайлбал, ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай зураг төслийн ажлыг боловсруулах хэрэгтэй болсон.

-Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барина гэсэн. Энэ жил хэдэн байршилд шинээр сургууль, цэцэрлэг барих вэ. Үүнд зориулж хэчнээн төгрөг төсөвт суулгасан бэ?

-Сүүлийн жилүүдэд нийслэлийн нийгмийн салбарын зорилтын хүрээнд бага сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхгүй ужгирч ирсэн. Тиймээс энэ жилээс асуудлыг нэг мөр болгож 16 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барина.

Эдгээр цогцолборуудын худалдан авах ажиллагааг зохион байгуулаад явж байна. Энэ жил бид сургуулийн хомсдолтой байдлыг анхаарч ажиллах юм бол нэлээд хэдэн сургуулийн ачааллыг хөнгөвчлөх бололцоо үүсч байгаа. Өнгөрсөн жил нэгдүгээр сард өвлийн нөхцөлд бага ангийн хүүхдүүдийг амраасан үед сургуулийн ачаалал хэвийн болж байсан. Замын ачаалал буурч байсан учраас бага сургууль, цэцэрлэгийг яаралтай барьж байгуулах хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн.

Нийт 17-18 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг энэ жил барина. Сургууль цэцэрлэгийн цогцолбор барих төслийг Боловсролын яам, Эдийн засгийн хөгжлийн яам дэмжсэн. Ингэснээр бага насны хүүхдүүд гэрийнхээ орчимд сурч боловсрох эрх нь бүрдэж эхэлнэ. Нөгөөтэйгүүр, энэ асуудалтай холбоотойгоор өнгөрсөн жил нийслэлд шинээр 89 бага сургууль, цэцэрлэг барих зураг төслийг боловсруулж батлуулсан. Ингээд энэ жилээс 16 сургууль цэцэрлэгийг нийслэлийнхээ хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэчихээд байна. Үлдсэн сургууль цэцэрлэгийн хувьд сая Засгийн газрын шийдвэр гарч концессын гэрээгээр богино хугацаанд хэрэгжүүлъя гэсэн байгаа.

- Хэд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бол?

-15-16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Засгийн газрын шийдвэр гарчихсан манайд албан ёсоор ирнэ. Боловсролын яамтай хамтраад хэрэгжүүлнэ.

-Азийн хөгжлийн банкны зээлээр Баянхошуу, Сэлбэ орчмыг дэд төв болгон хөгжүүлэхээр болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Дөнгөж сая би Төрийн ордонд энэ асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайдтай уулзаад ирлээ. “Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийг найман дэд төвтэйгээр хөгжүүлэхээр тусгасны хоёр дэд төв нь энэ Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжүүлэх юм.

Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны 320 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. Энэ оны нэгдүгээр сард УИХ-ын холбогдох байнгын хороо дэмжээд зээлийн ерөнхий хэлэлцээрт шилжүүлсэн. Сая Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Сангийн яам зөвшөөрч Эдийн засгийн сайд гарын үсэг зурж Засгийн газарт өргөн барьж байна. Ингэснээр Засгийн газар ойрын хугацаанд хэлэлцээд УИХ баталснаар энэ ажил эхлэх бүрэн бололцоотой боллоо гэж ойлгож болно.

Мөн энэ хоёр дэд төвд Европын хөрөнгө оруулалтын банк 50 сая евро гаргаж өгнө гэсэн. УИХ асуудлыг хэлэлцэж баталснаар бид ирэх тавдугаар сарын дундуур Европын хөрөнгө оруулалтын банктай хэлэлцээр хийх ёстой юм. Дээрх ажил бол энэ жилийн бүтээн байгуулалтын хамгийн том ажил болно.

-Сэлбэ голын тохижилтын ажил дуусаагүй байгаа. Энэ жил энэ ажлыг үргэлжүүлэн хийх үү. Төсөвт шаардлагатай хөрөнгийг нь суулгасан юм болов уу?

-Сэлбэ голыг тохижуулах зорилгоор эхний ээлжинд 100 айлын гүүрээс “Скай” дэлгүүрийн гүүр хүртэл ажлыг хийсэн байдаг. Тухайн үед хоёр компани нийлж орсон юм билээ. Гэтэл нэг компани нь ажлаа хийгээд дуусчихсан, нөгөөх нь тохижилтоо дутуу хийчихсэн байсан.

Үргэлжлүүлээд хөрөнгө суулгая гэхээр ийм учир дутагдалтай. Бидний зүгээс шаардлагатай нэмэлт хөрөнгүүдийг гаргаж өгсөн. Гэвч хүний нүдэнд харагдахаар гоё сайхан болж чадсангүй. Туул, Сэлбэ, Улиастайн голуудыг тохижуулах ТЭЗҮ-г нийслэлийн Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс боловсруулчихсан байгаа. Тиймээс удахгүй энэ асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ. Шаардлагатай бол НИТХ-аар оруулна.

Нэг ёсондоо Монголын нөхцөлд голуудаа тохижуулахад хувийн хэвшлийнхнийх нь чадамж ямар байгааг судална. Дэлхийн бусад улсын голуудаа тохижуулсан туршлагыг нь судлаад үзэхээр энэ асуудлаа иж бүрнээр харж төлөвлөдөг юм билээ. Тиймээс манайхан энэ хэмжээнд хүрч үү гэдгийг нь харж байж дараагийнх нь арга хэмжээг авах юм. Ер нь бол хот тохижилт нийтийн аж ахуй үйлчилгээний зардалд 35 тэрбум төгрөг төсөвлөсөн юм байна. Нийслэлд хийгдэх бүх л ажлууд багтсан. Сэлбэ гол бүтээн байгуулалт, ногоон байгууламжаас эхлүүлээд өвлийн цас мөсийг хайлуулах бодис зэрэгт зарцуулна.

-Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр ямар ажил хийх вэ. Энэ жил ногоон байгууламжид хичнээн сая төгрөг төсөвлөсөн бэ?

-Энэ жил ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг үргэлжлүүлнэ. Энэ ажлыг “Улаанбаатар нэгтгэл” хариуцаж байгаа. Хот тохижилтын ажлыг хариуцдаг атлаа тархай бутархай байдалтай байсан газруудыг нэгтгэж “Улаанбаатар нэгтгэл” болгоод нийслэлийн бүх тохижилтын ажлыг хариуцуулдаг болсон. Мөн нийслэлийн гол гэсэн замуудаа Улаанбаатар нэгтгэлийнхэн хариуцаад бусад туслах замуудыг дүүргээс хариуцаад явъя гэдгээ тохиролцсон. Мөн орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан дүүргүүдэд тохижилтын нэлээд их ажлыг хийх байх. Нийслэлийн ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтэд нийт долоо орчим тэрбум төгрөг төсөвлөсөн.

-Өнгөрсөн жил хэдэн тэрбумыг төсөвлөж байлаа?

- Ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтэд 3-4 тэрбумыг зарцуулж байсан.

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 15 гэхэд бүрэн эхлүүлсэн байх ёстой гэсэн шаардлагыг гүйцэтгэгч компаниудад тавьсан. Гэтэл гүйцэтгэгч компаниуд нь шалгарчихсан атлаа санхүүжилт нь орж ирдэггүйгээс бүтээн байгуулалтын ажил удаашрах шалтгаан нь болдог. Цаашлаад оройтож санхүүжилт орж ирснээс бүтээн байгуулалтын ажлууд он дамжихаас аргагүйд хүрсэн гэж зарим компани хэлдэг. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтын ажил цагтаа эхэлсэн үү. Энэ асуудалд ямар зохицуулалт хийсэн бэ?

-2013 онд худалдан авах ажиллагааг зохион байгуулах, бэлтгэх ажлыг хангах асуудлыг хоёрдугаар сарын 1-ний дотор гэж төлөвлөж байсан. Харин энэ жил дүүрэг рүү эрх шилжүүлэх, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, бэлтгэх ажлыг арванхоёрдугаар сарын дундуур шийдвэрлэчихсэн. Тиймээс бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацаандаа эхэлж дуусах ёстой. Ялангуяа гүйцэтгэгч компаниуд газартай холбоотой асуудлаар Өмчийн харилцааны газарт хуулийн хугацаандаа эрт хүргүүлсэн байх ёстой. Тиймээс дөрөвдүгээр сар гэхэд бүтээн байгуулалтын ажлууд эхлэнэ гэсний дагуу ажлууд эхэлсэн.

-Санхүүжилтийн тухайд

-Бүтээн байгуулалтын ажил санхүүжилтийн асуудлаас үүдэлтэйгээр саатдаг гэсэн ойлголт байж болохгүй. Яагаад гэхээр аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийнхэн гүйцэтгэх ажлынхаа 30 хүртэлх хувийг өөрсдийн хөрөнгөөр хийх чадвартай гэж тендерт оролцдог, шалгардаг. Тиймээс бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө нэхэж цаг алдах шаардлага байхгүй. Нэг ёсондоо тендерт шалгараад гэрээ байгуулсан л бол ажлаа хэвийн хугацаанд хийж гүйцэтгэх ёстой.

Ярилцсанд баярлалаа.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus