Р.Бандий: Мастер төлөвлөгөө нь боловсролын салбарыг шинэ түвшинд гаргана

БСШУСЯ, АХБ-ны ТА9376-МОН: “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-тэй хамтран “Монгол Улсын боловсролын салбарын мастер төлөвлөгөө”-г боловсруулах оролцогч талуудын анхдугаар уулзалт, хэлэлцүүлэгийг өнөөдөр зохион байгууллаа.  

АХБ, БСШУСЯ болон Сангийн яам “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн санамж бичигт энэ оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд, “Монгол Улсын боловсролын салбарын мастер төлөвлөгөө” боловсруулах ажлыг салбарын яам тус банкны техникийн туслалцааны төслийн багтай хамтран хэрэгжүүлж эхэллээ. 

Шинэ мастер төлөвлөгөөг боловсруулах  асуудлаар  оролцогч талуудын анхдугаар  уулзалт, хэлэлцүүлэгт боловсролын мастер төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх АХБ техникийн тусалцааны зөвлөх багийн ахлагч, проф. Жон Вайдман,  сайдын ахлах зөвлөх С. Мөнхбат нар үг хэлж, илтгэл тавилаа. Мөн БСШУСЯ-ны бодлогын газрын дарга нар, боловсролын судалгаа, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Насан туршийн боловсролын төв, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын үнэлгээний байгууллага, их, дээд сургуулиудын удирдлага, эрдэмтэн  судлаачид болон АХБ, Дэлхийн банк, ЖАЙКА, ЮНЕСКО, ЮНИСЕФ зэрэг олон улсын хандивлагч байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уулзалтад оролцогчид  боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, боловсролын салбарын шинэ мастер төлөвлөгөөнд тусгах шаардлагатай нэн тэргүүлэх чиглэлүүд, мастер төлөвлөгөөний бүтэц, бүрэлдэхүүн, түүнийг хэрэгжүүлэх  үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар  санал, бодлоо солилцлоо.



БСШУС-ын сайдын зөвлөх  С.Мөнхбат "Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг өмнө нь1995-2000, 2000-2005, 2006-2015 он гээд гурван удаа боловсруулсан байдаг. Дөрөв дэх  удаагийн мастер төлөвлөгөөг бүх шатны боловсролын агуулга, стандарт, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, багшийн хөдөлмөрийн үнэлгээг олон улсын түвшинд хүргэх, боловсролын салбарын төлөвлөлт, ялангуяа бодлогын болон хөрөнгө оруулалт, санхүүгийн төлөвлөлтийг сайжруулах, боловсролын салбарын төсвийн бүтцэд нарийвчилсан дүн шинжилгээ хийсний үндсэн дээр боловсруулах нь зүйтэй” гэв.
 

Энэ үеэр төслийн дэд ахлагч, доктор профессор Р.Бандийгаас зарим зүйлийг нэмэж тодрууллаа.

-Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг 1995 оноос хойш гурван удаа боловсруулж байжээ. Эдгээрээс гарсан өөрчлөлт, үр дүнг та хэрхэн дүгнэх вэ?

-Гурван удаагийн боловсролын салбарын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлсний дүнд энэ салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж, үр дүнд нь боловсролын хөгжлийн асуудалд том ахиц дэвшил, өөрчлөлт гарсан. Анхны 1995 онд гарсан мастер төлөвлөгөөний үед Монгол Улсад нийгэм, эдийн засгийн хямрал болж, сургуулийн багш нар цалингаа авч чадахгүйд хүрч, улмаар боловсон хүчний дутагдалд орж, хүүхдүүдийн сургууль завсардалт нэмэгдсэн байлаа. Мөн сургуулиудын дээврээс ус гоожиж, цонх нь хагарсан, хаалга үүд байхгүй, сурах бичиг ч үгүй тийм хүнд үе байсан. Ингээд Монгол Улсын боловсролын салбарын хөгжүүлэх мастер төлөвлөгөөг анх боловсруулж, сектор судалгаа, анализ хийсэн байдаг.

Улмаар 2000-2005, 2006-2015 он хүртэл хөгжүүлэх удаа дараагийн мастер төлөвлөгөөг боловсруулсны үр дүнд өнөөдөр Монгол Улсын боловсролын салбарын ажил хаялт, сургууль завсардалт, эвдэрхий байшин гээд олон асуудлыг шийджээ. Өөрчлөлтийн тухайд, сургууль бүр компьютертэй болж, арван жилийн хүүхдүүд сайн, муу аль ч түвшинд англи хэл сурч байна, интернэтийн өргөн сүлжээг ашиглаж байна, гадаад, дотоодын сургуульд суралцаж байна гээд тоочвол дуусахгүй. Тэгэхээр мастер төлөвлөгөөний дараа хөгжил, дэвшил бий болдог юм.

-2020-2030 онд хэрэгжих боловсролын салбарын мастер төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл, бодлого ямар байх вэ?                 

-Дөрөв дэх удаагийн мастер төлөвлөгөө нь Монгол Улсын боловсролын салбарыг шинэ түвшинд гаргах, бага, дунд, дээд боловсрол гээд салбар бүрийг байгаа түвшингээс нь ахиулах чиглэлд анхаарна. Хамгийн гол нь боловсролын салбарын бодлого тогтвортой байх нь чухал. Өнөөдөр улс төрийн нөлөөллөөс болж салбарын бодлого өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа өөрчлөгдлөө. Удирдах ажилтан, багш нарын байр суурь ч тогтворгүй байна.

Тиймээс 2030 гэхэд боловсролын бодлого нам дагаж өөрчлөгддөггүй, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч, мастер төлөвлөгөөнд тусгаж боловсруулна. Мөн хими, физик, биологийн орчин үеийн лабораторуудыг шинээр байгуулна. Их, дээд сургуулийн чанарыг нэмэгдүүлж, чанаргүй хувийн их сургуулийг хална. Дэлхийн туршлагыг хуулахгүйгээр Монголын орчинд тохируулан аливаа ажлыг хийж хэрэгжүүлнэ. Мастер төлөвлөгөөг 2019 оны зургадугаар сард боловруулж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2018-06-10 10:27:01
    Surtei ner loozon ogood l 3 udaagiin master tolovlogooch geh shig. Hamag baidgaar n damfuuruulj hauchhaad. Iim hunees shinleg tolovlogoo huleegeed nemergui biz....
  • ах 2018-06-07 12:53:57
    200 дээд сургууль нэртэй 3 сая хүнд ахдсан мөнгө саах хувийн сургууль арай дэндэж байна тал хөгшин тал хүүхэд
  • хотын иргэн 2018-06-07 10:48:43
    эх оронч сэтгэлгүй, амин хувийн эрх ашгаа урдаа барьсан хүмүүсийг боловсролын бүх шатанд бэлтгэж байгаа нь одооны болон ирээдүйн хямралын гол үндэс шүү дээ..