АСЕМ-тай холбоотой аудитын шалгалтын дүнг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад “Тэнгэрийн өрх” нэртэй хөшөө барих нэрийдлээр их хэмжээний мөнгө завшсан эзэд хэн бэ гэдгийг тодрууллаа.
Ази, Европын дээд түвшний уулзалтын 20 жилийн ойн түүхэн дурсгалт хөшөөг байгуулах асуудлыг хэлэлцэж, Монгол Улсад АСЕМ-ыг зохион байгуулсан дурсгалд зориулсан хөшөө хийлгэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу АСЕМ-ын нэрэмжит хүрэл цутгамал “Тэнгэрийн өрх” нэртэй 500.0 сая төгрөгийн үнийн дүнтэй хөшөө хийхээр АСЕМ-ын БАА Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд БАА-ны олон нийттэй харилцах ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар, “Олон Улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББ тэргүүн А.Чадраабал нар гэрээ байгуулжээ.
“Олон Улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББ-д гэрээний дагуу ГХЯ-аас 2016 оны 08 дугаар сарын 03-нд 500.0 сая, 2016 оны 12 дугаар сарын 21-д “АСЕМ 2016 уулзалтыг дэмжих сан” ТББ-аас уг уран баримлыг БНХАУ-аас оруулж ирэх гаалийн татвар 58.1 сая, бусад нэмэлт зардалд 22.0 сая төгрөг, нийт 580.1 сая төгрөгийг санхүүжүүлсэн байна.
“Тэнгэрийн өрх“ хөшөөг Д.Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн дэх “Энхтайваны хонх” хөшөөний сууринд байрлуулахын тулд “Энхтайваны хонх” хөшөөг сууринаас баруун тийш 50 м орчимд нүүлгэн шилжүүлж, 2 хөшөөний суурийг бэлтгэх ажлыг сонгон шалгаруулалт хийлгүйгээр 71.9 сая төгрөгөөр “Шандаст хонгор” ХХК-аар гүйцэтгүүлэхээр 10/16 дугаартай гэрээг “АСЕМ 2016 уулзалтыг дэмжих сан” ТББ, “Шандаст хонгор” ХХК-тай байгуулжээ.
Мөн хөшөөний ажилтай холбоотойгоор 2016 оны 11 дүгээр сарын 01-нд иргэн Д.Бат-Эрдэнэд 16.7 сая төгрөгийг ямар ажил гүйцэтгэх нь тодорхойгүйгээр бэлнээр олгосон байна.
Ийнхүү “Тэнгэрийн өрх” хөшөө хийлгэх, суурилуулах болон “Энхтайваны хонх” хөшөөг зөөж суурилуулахтай холбоотой нийт 668.7 сая төгрөгийн зардал гарсан боловч анхан шатны санхүүгийн баримт дутуу, ажил хүлээж авсан акт, хүлээлгэж өгсөн акт баримт байхгүй байна. Тиймээс “Олон Улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББ, “Шандаст хонгор” ХХК болон иргэн Д.Бат-Эрдэнэ нарыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсныг дуулгасан юм.
О.Сайхан
olloo.mn
Нэвтрэх