Тоглоом нэртэй аюулгүй, баталгаагүй “сэгэнд” хүүхдүүдээ тоглуулахгүй байя
Өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар хүүхдийн паркийн “Сансарын хөлөг” тоглоом хугарч унасны улмаас дөрвөн хүүхэд хөнгөн эдийн бэртэл авсан ноцтой осол гарав.

Тодруулбал, СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 15.13 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Сансарын хөлөг" гэх тоглоомонд хүүхэд дарагдлаа гэсэн дуудлага ирсний дагуу тус цагдаагийн хэлтсээс хэргийн газарт ажиллаж, тоглоом дээр байсан хүүхдүүдийг эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Түргэн тусламжийн машинаар 7 хүүхэд ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд гурав нь хүнд гэмтэл авсан байна. Харин азаар хүүхдийн амь нас хохирсонгүй. Хэрвээ хохирсон бол яана. Эцэг эхчүүдэд, парк орж тоглох дуртай хүүхдүүдэд том сургамж боллоо. Аюултай эд гэдгийг утгаар нь харууллаа.

Ослын талаар тус газраас ганц үг ганхийж унагахгүй байхаар шийдсэн бөгөөд “Ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн иргэдийн амыг таглажээ. Осол гарсан даруйд хүүхдүүдийн биеийн байдлыг асууж, тусламж үзүүлэхийн оронд гаргасан ослоо нуухыг оролдсонд хүүхдүүдийн ар гэрийнхэн гомдолтой байна.

Ер нь хүүхдийн паркийн тоглоомуудын аюулгүй байдалд холбогдох газруудаас нь хяналт шалгалт хийдэг юмуу. Олон жил болж хуучирсан, зарим нь бүр Хятадад актлагдсан байсан тоглоомыг оруулж ирээд угсран ажиллуулсан ч тохиолдол байдаг аж. Ийм найдваргүй, аюулгүй байдлаа бүрэн хангаагүй тоглоом дээр хүүхдийнхээ амь насыг даатгаж, тоглуулна гэж юу байх билээ дээ, эцэг эхчүүдээ. Хаана хаана хариуцлагатай байх хэрэгтэй. Тиймдээ ч хүнд, хөнгөн зэргийн бэртэл авсан хүүхдүүдийн ар гэрийнхэн ҮСАХ-ээс эмчилгээний зардлыг гаргуулж авах нь зөв. 

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр өчигдөр гарсан осолтой холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирэх долоо хоногт ҮСАХ-ийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, бүх тоглоомд хяналт шалгалт хийхээр болсон гэнэ. Яагаад урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж болоогүй юм бэ, актлагдсан ашиглах боломжгүй тоглоомуудынх нь үйл ажиллагааг яагаад зогсоодоггүй юм бэ. 

Хэрвээ өчигдрийнх шиг иймэрхүү аюултай ослоор хүүхдийн амь нас эрсэдсэн бол хэн хариуцлагыг нь үүрч, хэнээс амь нэхэх байсан юм бэ.  Шат шатандаа анхаарч болдоггүй юмуу. Хүүхдийн паркийн газарт өмнө нь осол гарч байсан нь үнэн шүү дээ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркад осол гарч, хүний аминд хүрэх дөхөж байв. Тухайн үед тус паркийн тоглоомын оператор залуу “Галзуу хулганы хэсэгт эвдрэл гарч, тухайн үед сууж байсан 16 хүн гэмтэх дөхлөө” гэсэн  мэдээллийг цацсан байдаг. Харин тус тоглоомын төвийн удирдлагууд энэ мэдээллийг цацсан ажилтнаа чөлөөлж, тоглоом эвдрээгүй хэмээн үгүйсгэж, мэдээллийг хав дарж байсан билээ.

Тэгвэл мөн урд жил нь буюу 2013 онд гинж нь тасарч байсан сансарын хөлөг гэх тоглоом ийнхүү өчигдөр бүр хугарч нурж унав. Хамгийн хариуцлагатай, аюулгүй найдвартай байх ёстой газар ямар байгаагаа харуулах шив дээ.

Анх 1965 оны 11-р сарын 10-ны өдрийн шийдвэрээр  “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулагдаж байсан тус газар нь нийт 30 тоглоомтой. Ихэнхийг нь Хонгконгогоос авчирсан гэх ч зөвлөлтийн үеийн тоглоомнууд байдаг.  Аливаа зүйлд эдэлгээний хугацаа дуусна гэж байдаг бол паркийн тоглоомнуудын ашиглах хугацаа аль хэдий нь дууссан гэдгийг саяхан болсон гэдгийг эдгээр ослууд харуулж байна. Тус газарт хэдэн жилийн өмнө шинэчлэл хийхдээ 1,6 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас тоглоом захиалгаар хийлгэж байсан гэдэг. Гэвч ашиглалт, аюулгүй байдлын шаардлага хангахгүй паркийн тоглоомоор тоглохгүй байх нь аминд өлзийтэй юм байна шүү эцэг эхчүүд, хүүхдүүд ээ.

Эцсийн эцэст Монголын үрс төрсөн цагаасаа л эрсдэлд өртөж, дайны талбарт амьдрах ёстой юмуу. Эрүүл амьдрах эрхгүй, эцэг, эхдээ хайрлуулж чаддаггүй, элдэв хүчирхийлэл, энэлэн зовлон, тоглох газаргүй, тоглоом нь “алчуурчин” байх ёстой юмуу.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-06-15 06:40:43
    Орхон аймагт яг ийм хуучин тоглоом тавичихаад байгаа шуу дээ. Манайхан дараа нь баахан ярьдаг улс шуу дээ.
  • иргэн 2018-06-14 04:19:47
    Парк-д хүн хүүхдээ зүгээр л амрааж салхилуулж болохгүй гэж үү, паркийн харуулууд нь хүүхдийг хөөдөг. Дугуй унаж болохгүй, роликтой оруулахгүй гэдэг. ЯАГААД????
  • иргэн 2018-06-14 03:52:46
    Зарим нэгэн юмыг арай л дэндүү хэтрүүлэх юм аа манай сэтгүүүлчид хэт уянгын халил хэт их хэтрүүлэгтэй бодит байдлаас хөндий байдлаар бичих юм ааа.
  • иргэн 2018-06-14 03:09:54
    бид нар өөрсдөө өөрсдийнхөө төлөө үр хүүхдийнхээ төлөө санаа тавихгүй бол биднийг хэн ч хайрлахгүй үр хүүхдээ тийш нь бүү зүглүүл хэнд ч юунд ч найдах хэрэггүй
  •  2018-06-14 01:41:22
    ЭЭ ЧААВААС. МХГ ЗГ байгаа царай нь тэр. Хувьсгал хийцгээе